Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

  2021        02          22                                   2021/ШЦТ/112  

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт О.Э холбогдох эрүүгийн 2009 00000 1430 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, АШУИС-ын 5 дугаар курсийн оюутан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6б байрны 88 тоотод оршин суух хаягтай, Т овогт О-ын Э /РД:УК00000000/,

Холбогдсон хэргийн талаар:/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл амралтын хүрээлэнгийн Вайт рок нэртэй төвд ӨҮ ЖИ 416 медиа группээс зохион байгуулагдсан Лимитед 416 нэртэй хөгжмийн наадамд нэвтрэн орох 30.000 төгрөгийн үнэ бүхий эрхийн тасалбарыг хуурамчаар үйлдэн хуурч, иргэдэд тус бүрийг нь 10.000 төгрөгөөр худалдаалж, төлбөрийг нь өөртөө шилжүүлэн авч залилсны улмаас хохирогч Л.Ад 300.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн шоу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болсон. Миний хувьд тухайн шоу болхын өмнө очиж шоуны тасалбарыг очиж авч тасалбарыг хэвлэлийн газар өгч хэвлүүлж аваад нэг ширхэгийг 10.000 төгрөгөөр 10 ширхэг тасалбарыг зарж байгаад шоуны зохион байгуулагчид баригдсан...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч О.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Л.Агийн өгсөн “... Би ӨҮЖИ 416 медиа группын захирал ажилтай. Эрдэнэбаатар манайд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажил орсон. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйл ажиллагаагаа сурталчлах үүднээс Лимитед 416 хөгжмийн наадмыг манай группээс зохион байгуулсан бөгөөд энэ үйл ажиллагааг Эрдэнэбаатар хариуцан зохион байгуулсан юм. Зохион байгуулахдаа надаас 35 орчим сая төгрөг авсан бөгөөд үүнээс 5.100.000 төгрөгийн буцааж өгсөн ба бусад мөнгийг өгөлгүй алга болсон. Байгууллагын эд хөрөнгийн алга болгосон асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл Э нь хэлэхдээ тоглолтын үеэр хүмүүс билет хуурамчаар үйлдэн хуурамч пилет борлогдон алдагдалтай явсан гэсэн. Харин одоо яллагдагчаар татагдсан залуугийн хувьд зарсан гээд байгаа асуудлын хүрээнд  шийдүүлэх хүсэлтэй байна. Бусад асуудлыг Э-тай тусдаа цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тэр залуу 10 ширхэг пилет зарсан гэх бөгөөд манай байгууллагад 300.000 төгрөгийн орлого орох ёстой байсан. Үүнээс одоогийн байдлаар 100.000 төгрөг л төлөгдсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.М-ийн өгсөн “...Тоглолтод зориулан 3 багц тасалбар гаргасан. /Official ticket/ буюу энгийн тасалбар нь 30.000 төгрөгөөр зарагдаж байсан бөгөөд нийт 650 ширхэг хэвлэгдсэн. /Friends ticket/ буюу найзууд тасалбар 70.000 төгрөгөөр зарагдаж байсан бөгөөд 150 ширхэг хэвлэгдсэн. /Special ticket/ буюу тусгай тасалбар 50.000 төгрөгөөр зарагдаж байсан бөгөөд 300 ширхэг хэвлэгдсэн. Үүнээс энгийн тасалбараас 107 ширхэг, найзууд тасалбараас 28 ширхэ, тусгай тасалбараас 4 ширхэг зарагдсан. Бугуйвч нийт 1200 ширхэг бугуйвч үлдэх ёстой гэж тооцоолсон боловч 155 ширхэг бугуйвч үлдсэн байсан. Бугуйвчин дээр хамгаалалтын албаны ажилтан ажиллаж байсан. Ингээд тоглолт болох үед тоглолтын  талбай битүү хүн байхаар нь энэ юу болоод байгаа талаар асуухад хуурамч тасалбараар хүн орж ирж үзсэн байсан. Ингэхээр хуурамч тасалбар шалгуулаад бугуйвч зүүгээс орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/-р тал,

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 45-50/-р тал,

Гэрч Ц.М-ын “...Гэрэл зураг дээр байгаа хүн мөн байна. 100 ширхэг тасалбар хэвлүүлсэн. Ар өвөргүй тусгай зориулалтын тасалбар дээр хэвлэхэд А4 хэмжээний нэг цаасны төлбөр 2000 төгрөг болдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Э яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би 10 ширхэг тасалбар зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/-р тал зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч О.Э нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд, шүүгдэгч О.Эийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Л.Агийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж, авсан одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй талаараа тус шүүхэд хандан хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч О.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “... Шүүгдэгч О.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн зүгээс “...Хуульд заасан хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч О.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 46 ширхэг тасалбарыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт О-ын Э-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 46 ширхэг тасалбарыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

5. Шүүгдэгч О.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР