| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0128/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/127 |
| Огноо | 2021-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/127
2021 02 24 2021/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч, хохирогч Б.Ц,
Шүүгдэгч, хохирогч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Б.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын Ц нарт холбогдох эрүүгийн 2109 00000 0084 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол 14 дүгээр байр, 201 тоотод оршин суух хаягтай, Х овогт Б-ын Ц,
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дүргэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гаалийн мэргэжилтэн мэргэжилтэй, Хот тохижилтын газар мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 6 дугаар гудамжны 69Б тоотод оршин суух хаягтай, З овогт Б-ны М /РД:ПП00000000/,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар иргэн Б.Цтой маргалдаж, улмаар түүнийг шүүрийн ишээр гар руу нь цохиж баруун гарын эрхий хурууны төвгөрт шарх, зүүн шууны гадна доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам дээр байрлуулж тавьсан машинаа холдуулсангүй гэх шалтгаанаар иргэн Б.Мтой маргалдаж, улмаар тээврийн хэрэгслийнх нь 2 толийг эвдэж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Цийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16/-р тал, Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 11/-р тал, Мөрдөн шалшгах ажиллагааны явцад гэрч С.Ж-ны өгсөн мэдүүлэг /хх-ийн 17, 24/-р тал, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Т-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 18, 22/-р тал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-ийн 27/-р тал, Эд зүйлийн үнэлгээний мэргэжилтэн Ш.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 30/-р тал, шүүгдэгч Б.Мод Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан тухай шийтгэлийн хуудас /хх-ийн 35/-р тал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 214 дугаартай “...Б.Цийн биед баруун гарын алганы эрхий хурууны төвгөрт шарх, зүүн шууны гадна доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/-р тал, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн СБ1-20-1603 дугаартай тайлан /хх-ийн 51-54/-р тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М, Б.Цт нарын яллагдагчаар 65, 42/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын зүгээс холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Б.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 450.000 төгрөгөөр торгох ял тус тус санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын хэн аль өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, шүүх хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тэдгээрийн хэн аль нь цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт ял шийтгэл оногдуулах тухай улсын яллагчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу тус бүрд нь 450.000 төгрөгөөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Ц, Б.М нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Б-ны М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Х овогт Б-ын Ц-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Ц, Б.М нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР