| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/113 |
| Огноо | 2021-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/113
2021 02 22 2021/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр,
улсын яллагч Я.Мөнхзаяа,
хохирогч А.Х,
шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Н-т холбогдох эрүүгийн 1909 02534 0703 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр байрны 29Б тоотод оршин суух хаягтай, урьд
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 621 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэгдэж байсан Б овогт Т-ийн Н /РД:ЧЙ00000000/,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Жи” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч А.Хтай үл ялих зүйлээр шалтгалан маргалдан түүний хүзүүн тус газар нь архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Х мэдүүлэхдээ “...Хэрэг гардаг орой миний хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Орой 23 цагийн үед баар ороод Н ахтай таарсан бөгөөд 32-руу хамт явахаар болж машинд суугаад хөдлөх гэж байтал баарны хамгаалагч нар гарч ирээд Н ахыг тооцоогоо хий гэж хэлсэн. Тэгэхэд Н ах миний утсыг аваад машинаас буусан бөгөөд би араас нь гараад маргаан болсон. Би хохирол төлбөрөө нэхэмжилж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруу болон хохирол.
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Жи” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч А.Хтай үл ялих зүйлээр шалтгалан маргалдан түүний хүзүүн тус газар нь архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч А.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад найз Мөнхүүш хуурай дүү Ууганхүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Зам гүүрийн бааз” гэх газар доошоо “НЖ” баар орох гээд алхаж явтал хальт таньдаг Д гэх залуутай таараад баарлуу дөхүүлээд өгөөч гэхэд тэг тэг гээд машинд нь суугаад доошоо явсан. Тэгээд бааранд ирээд би ганцаараа явж ороод шууд 00 өрөөнд орж бие засч байгаад зүс таних Б гэх ахтай таарахад намайг хаачих гэж байгаан гэж асуухаар нь 17 орох гэж байна гэж хэлтэл цуг явья гээд баарнаас цуг гарцгаасан. Тэгээд найзын машинд ирж суугаад 17 орох гээд хөдлөх гэтэл баарны зөөгч, хамгаалагч хоёр гүйгээд ирсэн. Тэгээд учрыг нь лавлатал Б ах тэр бааранд 9000 төгрөгийн тооцоо хийгээгүй байсан юм байна лээ. Тэгсэн чинь Б ах буцаж ирээд тооцоог нь хийе гэхэд зөөгч нь үгүй гэсэн. Харин хамгаалагч нь та ороод Д ахтай уулзчихаа гэхэд Б ах тэр чинь хэн юм бэ гээд байсан. Тэгээд Б ах намайг хамт бууя гэхээр нь би буухгүй ямар тооцоо хийх биш гэж хэлтэл намайг хэл амаар доромжлоод чи муу баньд гэх зэргээр хэлсэн. Тэгээд би утсаараа фэйсбүүк орж байтал Б ах миний утсыг булааж аваад буугаад явсан. Би хойноос нь бууж очоод утсаа авья гэж хэлээд маргалдаж байтал Б ах чи муу баньд харж байгаарай гэж хэлээд баарруу гүйж ороод буцаж гарч ирээд үгийн зөрүүгүй миний зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгээд миний шанаанаас цус гарахаар нь би тонгойгоод ээж, аавад залгаж хэл гэж хэлсэн. Түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь түргэний машин дотор гэмтлийн эмнэлгрүү явж байсан, би Н-г цохиж, зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.О-ын өгсөн “...Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 32 дугаар тойргийн тэнд байдаг “Эн Жи” клубын гадна баахан хүмүүс бөөгнөрөөд байхаар нь яваад очиход миний төрсөн ах Х тухайн баарны үүдний шат хэсэгт хэвтчихсэн шанаанаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би 103 болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед манай ахыг тийм болгосон Н гэх залуу зугтаахаар нь би баарны хамгаалагчтай нартай хойноос нь хөөж бариад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.У-ын өгсөн “...Тухайн үед Хүрэлбаатар ах машиндаа утсаа оролдоод байж байсан чинь Н нь Х ахын утсыг шүүрч аваад “Ал минь чи наашаа буугаад ир” гэж хэлсэн. Тэгээд Х ах буугаад Н хандан “Утсаа авья дүү нар одоо явах гээд байна” гэж хэлсэн чинь Н “Чи одоо ал минь яадаг болцон юм” гэж хэлсэн. Тэгээд маргалдаад зогсож байтал Н гэх хүн шууд баар руу гүйж ороод гартаа хагархай архины шил бариад гараад ирэхээр нь би та яах гээд байгаан бэ боль гэж хэлтэл намайг шууд түлхээд Х ахын хоолой хэсэг рүү нь 2-3 удаа хатгачихаад өөрөө баруун тийшээ гүйгээд явсан. Тэгээд бид нар цагдаа болон түргэн дуудаад байж байтал удалгүй цагдаа нар ирээд Хүрэлбаатар ахыг шилээр хатгасан ахыг аваад явсан. Х ах утсаа авах гээд нөгөө ахыг 1 удаа түлхсэн, тэрнээс өөрөөр зодолдож барьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.М-ын өгсөн “...Тэгээд тэр ах /Н/ та нар яадаг бацаанууд вэ гээд дайраад байсан. Тэгээд Б гэх ах дээгүүрх хувцсаа тайлаад баар руу гүйгээд орчихсон. Тэгснээ удалгүй баарнаас гарч ирэхдээ хагархай шилний хэлтэрхий барьчихсан гарч ирээд шууд Х руу гүйж очоод нөгөө шилний хагархайгаараа Х-ын эрүүний зүүн хэсэг рүү 2-3 удаа угсруулаад хурдан хурдан хатгачихсан. Тэгээд өөрөө цаашаа зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/-р тал,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24/-р тал,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8169 дугаартай “...А.Хын биед зүүн хацарт шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 29/-р тал зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нь энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Т.Нын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Т.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Түүнчлэн шүүгдэгч Т.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, нөгөөтээгүүр шүүгдэгч Т.Ныг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц бичгийн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүйн дээр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөх замаар шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар хохирогч А.Хт дээрх гэмт хэргийн улмаас 690.900 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд өнөөдрийн байдлаар шүүгдэгч Т.Н нь хохирогчид учирсан дээрх хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 690.900 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Хт олгуулах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Т.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг,
Шүүгдэгч Т.Нын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Миний зүгээс хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйлдэлдээ уучлалт гуйж байна. Би 3 нялх хүүхэдтэй учир надад торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг,
Хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын асуудлаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон улсын яллагчийн зүгээс торгуулийн ял шийтгэл оногдуулж, өгнө үү гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэж заажээ.
Шүүгдэгч Т.Нт холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгджээ.
Гэтэл шүүгдэгч Т.Н нь өнөөдрийн байдлаар хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөх талаар тодорхой ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь тодорхой бус байх тул шүүхээс шүүгдэгчид торгуулийн ял шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Т.Н нь торгуулийн ялыг ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх нь тодорхой бус, өнөөдрийн байдлаар тодорхой эрхэлсэн ажилгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд шүүх торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зохимжгүй юм.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад
Шүүгдэгч Т.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наас 690.900 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш овогт А-ийн Х /РД:ЙВ97051111/-т олгосугай.
5. Шүүгдэгч Т.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР