Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

 

 

 

 

 

 

  2021        03          09                                   2021/ШЦТ/158  

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-гийн Б-д холбогдох эрүүгийн 2009 00000 1510 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ойн баавгай цамхаг ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-64а тоотод оршин суух хаягтай, Б овогт Ж-гийн Б /РД:ЦЗ00000000/,

Холбогдсон хэргийн талаар:/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бт “Скай ресиденс-2” хотхонд 50 м.кв 2 өрөө байр захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 10.000.000 төгрөг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хувьд “Sky Vip” ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Би доороо ажилтнууд ажиллуулдаг байсан бөгөөд тэдгээр хүмүүсийнхээ цалинг тавьж чадахгүй байсан тул хохирогчоос 10.000.000 төгрөг авсан. Миний хувьд хуурч залилах санаа зорилго байгаагүй. Би хохирогчоос авсан хохирлоо нөхөн төлнө, өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад байр худалдан авах хэмжээний мөнгөтэй болоод эх орондоо ирсэн. Шүүгдэгч Ж.Бтэй худ ургийн харилцаатай. 2020 оны Ж.Б-г Sky Residence ХХК-д туслан гүйцэтгэгч хийдэг, хүмүүст хөнгөлөлттэй үнээр байр авч өгдөг талаар сонсоод уулзаж ярилцаад урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч нийт 2.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулж авсан байгаа...” гэжээ.

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бийн өгсөн “... Ж.Б нь надад Скай Ресиденс-2 хотхоны заслын бригадын ахлахаар ажилладаг бөгөөд надад тухайн хотхонд хямдралтай үнээр байр авч өгнө эхний ээлжинд 10.000.000 төгрөгийг авч өөрийн байгууллагын ажилтны нэр дээр хямдхан байр аваад үлдэгдэл мөнгийг нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгөхөөр ярилцаж тохиролцсон. Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Ардын эрхийн автобусны буудлын Хаан банкнаас Ж.Б-н дансруу өөрийн данснаас 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш Ж.Б нь байрны захиалгад оруулсан байгаа, 50 м.кв байрны захиалгад оруулчихлаа гэх мэтээр надад хэлж байсан. Сүүлдээ Ж.Б нь холбогдохгүй болсон учир “Скай Ресиденс”-2 хотхоны борлуулалтын албан дээр очиж уулзаж тодруулахад ямар нэгэн байгуулаагүй байсан. Мөн Ж.Б нь 2020 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан байсан. Ж.Бтэй холбоо барьж мөнгөө авья гэхэд ажилтнуудыхаа цалинг тавьчихсан чинь ажлаа хийхгүй зугтаачихсан, самранд явсан уулнаас бууж чадахгүй байна, одоо шилжүүллээ мэтээр байнга худлаа хэлдэг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б-ийн гэрчээр өгсөн “...Миний бие “Скай Ресиденс” ХХК-ийн Цайз 16 дугаар хороололд баригдаж байгаа барилга дээр өрлөгийн ажил хийдэг байсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай эгийн том охины хадам талын Б.Б гэх эмэгтэй тус байранд байр захиалахаар надад 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би 9 хоногийн дараа гэрээг нь хийж өгье гээд бригадаа цуглуулж ажлаа хийгээд бартераар байр захиалья гэсэн чинь хүмүүс нь цугларч өгөхгүй байсаар ийм байдал хүрсэн. Би Б.Бээс авсан 10.000.000 төгрөгийг хүмүүсийн цалинд өгөөд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Би өрлөгийн бригад ажиллуулдаг байсан бөгөөд энэ үеэрээ ажлын хөлсөнд хямдхан байр өгөх, бартер хийдэг байсны дагуу төрсөн эгч Ц-ын найзад байр хямдралтай үнээр захиалж өгч байсан. Энэ дагуу Ц-мын нөхрийн төрсөн дүү Б гэх эмэгтэй надтай уулзаж, байр хямдралтай үнээр захиалаад өгөөч урьдчилгаа 10.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Би Цайз захын баруун талд Скай вип нэртэй хотхоны зутгалт нь эхэлсэн байгаа 1 м.кв нь 1.100.000 төгрөгөөр тооцож байранд оруулж өгье гэж хэлээд 10.000.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б нь миний хаан банкны 5071302140 дугаарын дансруу 10.000.000 төгрөгийг шижлүүлсэн. Тухайн мөнгийг би бэлнээр авч урд нь ажил хийлгэсэн Н-д 6.250.000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцож, 2.000.000 төгрөгийг Г гэх хүнд өрөндөө, 1.750.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Тухайн баригдаж байсан байранд манай бригад 1-16 давхарын өрлөгийн ажлын захиалга авсан байсан ч ажилчидгүй болсон болохоор тухайн ажлыг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон. Би Б.Бээс авсан 10.000.000 төгрөгөөсөө 1.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн, одоо үлдэгдэл 9.000.000 төгрөгийг буцаан өгөх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/-р тал,

Скай вип констракшн ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №20/11/10-2 дугаартай албан бичиг,

Шүүгдэгч Ж.Б-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Хохирогч Б.Бийн Хаан банкны 5028893086 дугаарын данснаас Ж.Б-н Хаан банкны 5071302140 дугаарын дансруу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг шилжүүлсэн баримт,

Хохирогч Б.Бийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Ж.Б нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэгэнт шүүгдэгч Ж.Б-н зүгээс өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм буруутай үйлдлийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс гэм буруугийн асуудал дээр нэмэлт тайлбар хийх шаардлагагүй гэж үзэв.

Иймд, шүүгдэгч Ж.Б-нийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт нийт 10.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бт 2.500.000 төгрөгийг нөхөн төлсөн үлдэгдэл 7.500.000 төгрөгийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Ж.Бэс 7.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бт олгох нь зүйтэй байна.      

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “... Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Б болон хохирогч Б.Б нар нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцон гэрээ байгуулсан байх бөгөөд шүүгдэгч Ж.Б-н зүгээс 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сар болгоны 20-ны дотор 1.500.000 төгрөгийг хохирогч Б.Бт өгөхөөр тохиролцож хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгааг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн болно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

 

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-гийн Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бэс нийт 7.500.000 /Долоон сая таван зуун мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч О овогт Б-ын Б-т олгосугай.  

5. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР