| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0169/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/168 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/168
2021 03 09 2021/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч М.Гэрэлбадрах,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн 1909 02627 0081 дугаартай 1 хавтас хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Увс аймагт төрсөн 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 419 тоотод оршин суудаг гэх боловч иргэний үнэмлэхний хаягаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар баг Хунт гэх газар оршин суудаг, Б овогт Б-ийн А /РД:ОК00000000/
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бондоолой цайны газарт кассаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгө болох 996.500 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.М-н өгсөн “... 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагад нийт 1.627.300 төгрөгийн орлого орсон ба үүнээс бэлэн бус пос машинаар 591.500 төгрөгийн, мобайл банкаар 55.700 төгрөгийн, бэлэн бусаар орж ирсэн орлого нь нийтдээ 646.905 төгрөг болсон ба А нь касснаас мөнгө авч явахдаа 10.800 төгрөгийг үлдээсэн ба нийт орлогоос хасахад 969.500 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О-ийн өгсөн “...Манай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бондоолой нэртэй цайны газарт А гэх охин 2019 оны 06 дугаар сарын сүүлээр ажилд орсон. Манайд ажиллахдаа 2 хоног дараалан өглөө 09 цагаас оройн 24 цаг хүртэл касс дээр ажиллаад дараагийн 2 хоногт нь амардаг байсан. Өнөөдөр 5 дахь гараа нь байсан санагдаж байна. А нь өнөөдөр өглөө ирж ажиллаж байгаад оройн 20-21 цагийн орчим манай тогоочид “Аниа түр гарчхаад ирье” гэж хэлээд гараад явсан. 10-аад минутын дараа гал тогоонд ажилладаг тогооч гарч ирээд А-ыг байхгүй болохоор нь кассыг онгойлгоод үзтэл кассанд 10.000 төгрөг хүрэхгүй мөнгө үлдсэн байсан. Тэгээд манай эзэн М кассын тухайн өдрийн дүнг болон посс машины дүнг аваад тухайн өдрийн орлогоо тулгахад 1.100.000 төгрөг дутсан. Тэгээд би А-ны утас болох 00000000 дугаарын утас руу 21 цаг 18 минутад залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Э-ийн өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Бондоолой цайны газарт тогоочоор ажиллаж байсан. Орой 20 цаг 50 минутын үед манай кассын эгч А эгч нь 2-3 минут гарчхаад ирье заал руу харж байгаарай гэж хэлсэн ба манай тогооч нар захиалгын дагуу ажлаа хийж байсан. Тэгээд манай кассчин эгч А ирэхгүй байхаар нь би 21 цагийн орчим кассаа онгойлгож үзсэн. Тэгтэл тухайн өдрийн бүх орлого байхгүй байсан. Тэгээд гал тогоонд ажилладаг бусад хүмүүст хэлсэн ба захирал эзгүй байсан тул түүний гар утас руу залгаж хэлсэн. Тэгэхэд захирал гараад хай гэж хэлсэн. Тэгээд манай цайны газар хаалгаа түгжээд 2 тогооч гарч хайсан боловч олж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би 2019 оны 05 дугаар сарын үед байх зарын дагуу Бондоолой гэх зоогийн газарт кассаар ажилд орсон ба ажилд ороод 25 хоног ажилласан бөгөөд өдрийн 40.000 төгрөгийн цалинтай байсан. Тухайн байгууллагын нэг өдрийн орлого нь 900-1.100.000 хавьцаа байдаг байсан ба орой ажил тараад захирал ирээд тухайн өдрийн нийт орлогоо тооцоо хийж авч явдаг байсан. Би тэр үед байх кассын орлого болох 550.000 аваад явсан. Учир нь би урд өдөр нь болон өглөө нь захиралдаа хандаж цалингаа аваад ажлаасаа гарах гэсэн юм гэж хэлэхээр миний цалинг өгдөггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/-р тал,
Бондоолой цайны газрын кассын баримт /хх-ийн 49/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Нэг. Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хуулиар хамгаалах эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь “...Захирлаас цалингаа аваад ажлаасаа гарлаа гэж хэлсэн боловч миний цалинг өгөөгүй учраас кассын орлогыг аваад явсан...” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг.
Шүүгдэгч *******ы тухайд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой гэж дүгнэх боломжгүй.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй тул шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн асуудалтай холбоотойгоор нэмэлт тайлбар хийх шаардлагагүй гэж үзэв.
Иймд, шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Ц.М-н зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй талаараа тус шүүхэд бичгээр хүсэлт гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг,
Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Миний бие өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа тул торгуулийн ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү....” гэх саналыг тус тус гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг судалж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан Оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******д 2.700.000 төгрөгийн торгуулийн ял санал болгожээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон ганц бие эх зэргийг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч *******ы хувийн байдал, “...тодорхой мэргэжилтэй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид түүний нийгэмд эзлэх байр суурь, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээж байгаа байдал...” зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелээгүй, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д “...Оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР