| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0211/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/201 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/201
2021 03 24 2021/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Ц.Буянхишиг,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Л-ийн Б-д холбогдох эрүүгийн 2109 00000 0261 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3-2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т овогт Л-н Б, /РД:РЮ00000000/,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
1. Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 39-459 тоотод байхдаа “Бялуу захиалга” гэсэн нэртэй фэйсбүүк аккаунт мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор рү дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог онлайн покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж тайлбарлах зүйл байхгүй. Хүмүүс интернэт ашиглаж тоглуулаад байхаар нь би тоглуулж үзсэн...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 39-459 тоотод байхдаа “Бялуу захиалга” гэсэн нэртэй фэйсбүүк аккаунт мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог онлайн покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Бгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17/-р тал, Яллагдагч Л.Бгийн эзэмшлийн Хаан банкны 5042402955 тоот дансны хуулга /хх-ийн 22-41/-р тал, Мөрдөгчийн яллагдагч Л.Бгийн эзэмшлийн 5042402955 тоот Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 42-60/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг гэрч, яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гагцхүү хуульд захирагдан хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэрэгт тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шударга ёсны зарчмыг баримталсан болно.
Түүнчлэн шүүгдэгч Л.Бгийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Л.Бг хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Бгийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хүлээн авч хуульд заасан төрөл хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүхээс шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, энэ төрлийн гэмт хэрэг анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.
Харин прокуророос шүүгдэгч Л.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол үйлдэхдээ гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг хураах талаар дурдаагүй байх тул шүүх энэ талаар зөвтгөн шийдэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж заажээ.
Прокуророос шүүгдэгч Д.Б-г хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар дүгнэлт гаргасан атлаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хэрхэх талаар дурдаагүй байгаа нь ойлгомжгүй болжээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэж тодорхой хэмжээний орлого буюу 465.000 төгрөгийн ашиг олсон болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд, гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон шүүгдэгч Л.Бгаас 465.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Л-ийн Б-г мэдээллийн технологийг ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бгаас 465.000 /дөрвөн зуун жаран таван мянга/-н төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР