Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1149

 

МАГАДЛАЛ

 

2017.05.15                                              Дугаар 1149                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ган нүүдэлчин урлан” ХХК, Д.Март нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 441 658 556,97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 65 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, Ган нүүдэлчин ХХК болон Д.Март нарт 370.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.2%-ийн хүүтэй зээлдүүлэхээр болсон. Зээлдэгч нар нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч нар нь БНХАУ-ын Эрээн хотын Цэгээ соёлын уламжлан тархаах бүтээн байгуулалтын хүрээнд хийх ажлын захиалгыг хийж гүйцэтгэхэд зарцуулна гэж авсан ба тус улсын иргэдэд залилуулсан гэх тайлбар өгч байгаа боловч баримтаар баталгаажихгүй байна. Иймд хариуцагч Ган нүүдэлчин урлан ХХК, Д.Март нартай байгуулсан гэрээг цуцлаж, үндсэн зээлийн тэлбөрт 369.999.989 төгрөг, хүүгийн төлбөрт 69.580.271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.078.295 төгрөг, нийт 441.658.556 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээнд дурдагдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас 386.384.971 төгрөгийг зөвшөөрч, 55.273.586 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Төрийн банк ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдлүүдийг удаа дараа ирүүлсэн ба хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Баяраа миний бие өөрийн биеэр Төрийн банк ХХК дээр очиж гардан авсан. Энэ үедээ гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаараа хэлж, зээлийн хүүг зогсоохыг хүссэн, Улмаар Ган нүүдэлчин урлан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүү гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй талаараа дурдаж хуулийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэх, хүү зогсоолгох хүсэлтийг бичгээр гаргасан боловч хариу өгөөгүй ба шүүхэд хандалгүй өдийг хүрсэн. Төрийн банк ХХК нь гэрээг цуцлаж, иргэний шүүхэдхандан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй цаг хугацаа алдсан нь санамсаргүй зүйл биш гэж үзэж байна. Зээлийн гэрээний 4.1.9, 6.2.1-д зээлийн эргэн төлөлөтийн хуваарийг зөрчвөл гэрээг цуцлахаар заасан байна. Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээл эргэн төлөгдөх боломжгүй, найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан. Гэвч Төрийн банк ХХК нь энэ эрхээ хэрэгжүүлээгүйгээс гарсан үр дагаварыг Ган нүүдэлчин урлан ХХК болон Д.Март нар хариуцах ёсгүй. Иймд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлагдсан гэж үзэж, Төрийн банкны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэлд дурдсан зээлийн хүү 16.324.602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60.369 төгрөг, мөн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 369.999.989 төгрөг, нийт 386.384.971 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ган нүүдэлчин урлан ХХК, Д.Март нараас 425.249.304 төгрөгийг гаргуулан Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16.409.252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 164 дүгээр зүйлийн 164.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 342 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008738 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны 39 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000908 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, удирдлагын академи 50 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн Ү-2206006000 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаарт бүртгэгдсэн, 168 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах, 84 м.кв талбай бүхий, нэгж талбарын 23/8590 18637310658811 дугаартай газрын эзэмших эрхийг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.366.481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ган нүүдэлчин урлан ХХК, Д.Март нараас 2.284.196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэж 16 409 252 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь, Иргэний хууль, бусад хууль тогтоомжоор зээлдүүлэгчид гэрээг цуцлах эрх олгогдсоноос бус гэрээг цуцлах үүрэг хүлээлгээгүй. Гэрээ цуцлах үндэслэл шалтгаан ноцтой байх ёстой байдаг. Энэ нь 2 талтай бөгөөд талуудын аль нэгэнд гэрээний давуу нөхцөл олгоогүйгээс гадна зээлдэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзсэн, хамгаалсан байдаг. Мөн эрх олгогдсоноор шууд гэрээг цуцлах боломжгүй зөвхөн санал гаргаад шүүхэд хандаад явдаг. Шүүхээр гэрээ цуцлуулдаг практик ач холбогдол нь хүү, нэмэгдүүлэн хүү зогсохоос гадна, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж нээгддэг. Нэг үгээр Төрийн албадлагын арга хэрэгслэлээр үүргийг хангуулдаг. Гэрээнд дурдагдсан цуцлах үндэслэл бол гэрээнээс татгалзах нөхцлийг талууд тохирсон хэлбэр болохоос гэрээг цуцлах болзол биш. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрх олгогдсоны дагуу шүүхэд хандсан. Мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн тайлбарт илт харагдаж байна. Хариуцсан ажилтан асуудлыг шүүхэд хандаж гэрээ цуцлах боломжтой талаар зээлдэгчид мэдэгдсэн болохоос шууд цуцлая гэсэн санааг ерөөсөө ч илэрхийлээгүй бөгөөд тийм эрх ч тухайн ажилтанд байдаггүй.  ТАХ-ийн мэргэжилтэн маргаантай энэ асуудлаар шүүхэд төлөөлөх бүрэн эрхээ ГЗ-аас олгосон итгэмжлэл авсан өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ерөөсөө талууд шүүхээр асуудлаа шийдүүлье гэдэг дээр санал нэгдсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлагдахыг шууд зогсооно гэсэн үг биш. Зээлж авсан мөнгөн хөрөнгийн ашиглалт үргэлжилж байгаа энэ тохиолдолд хуулийн /ИХ-ийн 40.1. 205,1/ тохирохгүй заалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. Угтаа бол Банк, эрх бүхпй хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар бүрэн зохицуулагдаж болохоор байдаг. Зээлдэгчийн төлөөлөгчийн Төрийн банкны Тусгай активын хэлтэст гаргасан хүсэлтийн /хэрэгт авагдсан нотлох баримт/ хүрээнд явагдсан. Харин ТАХэлтэс. зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд шат дараалсан арга хэмжээг хуулийн хүрээнд авахаа илэрхийлэхээс гадна гэрээг цуцлах ноцтой байдал, бодитой үйл барпмт үүссэнээ баримтжуулах, компаний удирдлагуудтай уулзах шаардлагыг тавьж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг өөрчилж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 16 409 252 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Төрийн банк” ХХК, “Ган нүүдэлчин урлан” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 65 тоот зээлийн гэрээний "зээл төлж дуусгах хугацаа" гэдэг нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болохыг хуульчилсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүүд төлөхөөр шийдвэрлэсэн 1 190 801 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Төрийн банк” нь хариуцагч “Ган нүүдэлчин урлан” ХХК, Д.Март нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгэлд 441 658 556,97 төгрөг гаргуулахаар хариуцагч нараас шаардаж, барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч банктай байгуулсан зээлийн гэрээ 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон учир түүнээс хойш өдрийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ, 370 000 000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, барьцааны гэрээ байгуулагдсан талаар болон зээлийн үндсэн үнийн дүн, хуваарийн дагуу төлөлт хийх үйл баримтын талаар зохигчид маргаангүй болно. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсжээ.

Харин хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...зээл төлөх боломжгүй болсон, зээлийн гэрээг цуцлах талаар Төрийн банкинд удаа дараа хүсэлт тавьсан...” гэх боловч тухайн эрсдэл нь гэрээг цуцлах хүндэтгэн үзэх үндэслэлд тооцогдохгүй, мөн харилцан тохиролцоогүй тул хариуцагч нар нь гэрээг цуцлах эрхгүй юм.

Төрийн банк ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээг цуцлах боломжтойг мэдэгдэж талуудын хоорондох зээлийн гэрээ цуцлагдсан байна. Иймд тухайн өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч байгууллага нь шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 996,26, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 33 129 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

               ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ