Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/239

 

 

 

 

 

 

 

  2021         04          01                                   2021/ШЦТ/239 

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Сандагдулам, О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-гийн С-т холбогдох эрүүгийн 2009008051040 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 22 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч, мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байр, 1 дүгээр орц 7 давхар 27 тоотод оршин суух, 2020 оны 04 дүгээр сарын 08-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 641 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, 2020 оны 07 дугаар сарын 02-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 639 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Л-гийн С /РД:ИМ00000000/,  

 

Холбогдсон хэргийн талаар:/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Э-д утсаар нь зураг дарчхаад өгье гэж хэлэн хуурч “Самсунг А50” загварын гар утсыг нь авч 450.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлж барагдуулсан байгаа...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Үндсэн Хуулийн цэц дээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлын талаар дунд суудлын хуралдаанаар эцсийн шийдвэр гараагүй байгаа. Хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэх саналтай байна. Шүүгдэгчийн хувьд 6 сар 14 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгчийн хувьд хорих эдэлж байсан өдрүүдийг тооцвол өнөөдрийн байдлаар магадланд орох хугацаа бий болох байсан...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд:

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Баянгол дүүргийн 16 дугаар хороо Анар төвийн 2 давхарт байрлах Ноён төгрөг нэртэй ломбардад 580 Сумъяабазар гэсэн лац бичигтэй цаасан ууттай цэнхэр өнгийн 356644109581152 имей кодтой Самсунг А-50 маркийн гар утсыг хураан авч хохирогч Ш.Эрдэнэдаваад хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-ийн 13-14-р тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 14-15-р тал/,

Хохирогч Ш.Эрдэнэдаваагийн “...Би 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагт Дэнжийн 1000 захын яг зүүн талаас хилийн цэргийн эрээн хувцастай өндөр шар туранхай 22-23 орчим насны өөрийгөө Хил хамгаалах Ерөнхий газрын 303 дугаар тусгай ангид дэслэгч цолтой нэрээ Сумъяабазар гэдэг гэсэн. ...Явж байгаад хорооллын эцэст найз охиноо үлдээгээд “Хархорин”-гийн тэнд байдаг “Эрин” хороолол руу явсан явах замдаа 2 хүн рүү яриад хүнсний 4 дүгээр дэлгүүр орж бурхны зураг дарж авах ёстой би таны утсаар дараад өөрийн чат руу явуулаадахъя энэ бол нууц ажиллагаа та нэг ч хүнд хэлж болохгүй шүү гээд байсан. Тэгээд Хүнсний 4 дээр очоод хамт оръё гэхэд та хүлээж бай би найдвартай гэсэн. Тэгээд гадаа авто зогсоол байхгүй байсан учраас хүлээж байтал гарч ирээгүй. Тэгээд 19 цаг хүртэл хүлээгээд өөрийн утас руу залгаж үзэхэд унтраасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч М.Ширчмаагийн “Тэр өдөр 17 цаг 26 минутад Хилийн цэргийн ногоон хувцастай 20 гаран насны өндөр шар залуу орж ирээд гар утас тавих гэсэн юм. Мөнгө хэрэг болоод зээл төлөх гэсэн арай хүрэхгүй байна гэсэн. Би 230.000 төгрөгөөр авна гэхэд намайг гуйсаар байгаад 250.000 төгрөгт тавиад явсан. Өөрийн иргэний үнэмлэхтэй байсан. Би тухайн хүний мөнгийг 5495623646 гэсэн Хаан банкны данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Барьцаат зээлийн гэрээ “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* нь Ноён төгрөг ХХК-тай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ “Самсунг А-50 маркийн гар утас 250.000 төгрөгөөр барьцаалав” гэх баримт /хх-ийн 23-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан “Самсунг А50 загварын утас 450.000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед *******-ын яллагдагчаар өгсөн “ Миний бие 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчим Дэнжийн мянгаас такси авч.... хүнсний 4 дүгээр дэлгүүр дээр очсон. Ингээд Хаан банкны АТМ орж картад мөнгө байгаа эсэх талаар үзэхээр таксины жолооч Эрдэнэдаваагаас гар утсыг нь авч буугаад Хаан банкны АТМ дээр очиж дансны үлдэгдлээ шалгатал мөнгө байгаагүй учир Эрдэнэдаваагийн гар утсыг авч явж Гандангийн автобусны буудлын ард байдаг Ломбардад 250.000 төгрөгөөр барьцаалан зээлдсэн. Ингээд уг 250.000 төгрөгөөр Завхан аймаг руу явах замын зардалдаа ашиглаж үлдсэн мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115-р тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэгэнт шүүгдэгч *******ын зүгээс өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм буруутай үйлдлийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс гэм буруугийн асуудал дээр нэмэлт тайлбар хийх шаардлагагүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нь Үндсэн хуулийн цэцэд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан үргэлжилж байгаа учраас хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрх  хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн...” бол яллагдагчаар татаж болохгүй гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...Дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Эрдэнэдаваад утсаар нь зураг дарчхаад өгье гэж хэлэн хуурч “Самсунг А50” загварын гар утсыг нь авч 450.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдсон, цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрч байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөөтээгүүр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хянагдаж байгаа “Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-н холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх маргаантай шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хэргийг түдгэлзүүлж өгнө үү...” гэх хүсэлт нь нийцэхгүй байгааг дурдвал зохино.  

Шүүгдэгч ******* нь хохирогч Ш.Эрдэнэдаваад утсаар нь зураг дарчхаад өгье гэж хэлэн хуурч “Самсунг А50” загварын гар утсыг нь авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар хохирогчид буцаан олгож, харин иргэний нэхэмжлэгч М.Ширчмаад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 265.200 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 98 дугаар талд авагдсан “...Хаан банкны гүйлгээ хийсэн баримт...”-р тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа         “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “...прокурорын саналыг дэмжиж...” байна гэх саналыг,

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам “...Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.000.000 төгрөгөөр торгох ялыг прокурортой тохирсон байдаг тул ялын санал дээр тусгайлан гаргах саналгүй, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч *******ын зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 20 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 01 хоногоор тооцон 60 хоногийн хорих ялаар солин нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил 20 хоногийн хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч *******ын 2020 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 196 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “...Прокурорын санал болон прокурорын тогтоол...”-ыг гаргаж ирүүлсэн байх бөгөөд тэрээр тайлбарлахдаа “...Манай туслах хэрэгт хавсаргаагүй явуулж алдаа гаргасан...” гэж  тайлбарлаж байгаа боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журамд нийцэхгүй байгааг дурдвал зохино.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Л-гийн С-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /Есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, нийт 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 60 хоногийн хорих ялд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил, 01 сар, 05 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 01 жил, 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын урьдчилан цагдан хоригдсон 196 /Нэг зуун ерэн зургаа/-н хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР