Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/238

 

 

 

 

 

 

 

  2021         04          01                                   2021/ШЦТ/238  

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч *******уянхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц-ийн Б-т холбогдох эрүүгийн 2009 01457 1234 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 охины хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 41-27 тоотод оршин суух хаягтай, Урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 11 дүгээр сарын 12-ны өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 540 цагийн хугацаагаар тогтоосон Х овогт Ц-ийн Б /РД:ЧР00000000/,

Холбогдсон хэргийн талаар:/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, Вилла центр төвд иргэн Б.Ад “Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.600.000 төгрөгийг Б.О-гийн эзэмшлийн хаан банкны 5007775088 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017-2018 онд миний хувьд буруу зүйл хийж явж байсан гэдгээ ухаарч дахиж гэмт хэрэг үйлдээгүй. Маш их гэмшиж байгаа. Би 2 хүүхэд болоод 77 настай ээжтэйгээ цуг амьдардаг тул эдгээр байдлыг харгалзан үзэж өгнө үү гэж хүсэж байна. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.А-ын өгсөн “... Би 2018 онд Солонгос улс руу явах зорилготой таньдаг хүмүүсээсээ виз найдвартай гаргадаг хүн байна уу гээд асуугаад явж байтал нэг танил маань Б гэх хүнтэй холбож өгсөн. Тэгээд тухайн хүнтэй уулзахад компани байгуул компани сайн байгуулдаг хүн байгаа гэж хэлэхээр нь тухайн хүнтэй очиж уулзахад өөрийгөө Оюунтуяа гэж танилцуулсан. Тэгээд О-тай уулзахад манай нөхөр бид 2-ыг тус тусад нь компани байгуул гээд дансаар 1.600.000 төгрөгийг шилжүүлж авсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа залгаад таны компани болсон шүү Б-тай утсаар холбогдоорой гэж хэлсний дагуу Б-руу залгахад холбогдохгүй байхаар нь нөгөө холбож өгсөн хүнээсээ асуутал наад хүн чинь хүмүүсээс мөнгө аваад залилсан байна гэхээр нь О-гаас буцааж мөнгөө авья гэтэл юу яриад байгаан  өгөхгүй Б-тай ярьж байгаад өгнө гэж хэлээд өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О-гийн өгсөн “...Өмнө нь надаар үйлчлүүлж байсан зүс таних Бгэх над дээр А, Ц гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт ирсэн. Б над дээр ирэхдээ нэг хүний компанийн бичиг баримттай ирээд энэ компанийг А, Ц гэх хоёр хүн рүү шилжүүлээд бичиг баримтыг нь бүрдүүлээд өгчих гэсэн юм. Би бичиг баримт бүрдүүлж байгаа 40.000 төгрөгийн төлбөрийг авья гэхэд Б миний дансыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас барьчихсан, би чиний дансаар мөнгө авчихья гээд миний хаан банкны 5005303038 тоот данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд надад төлбөр гээд 40.000 төгрөгөө өгсөн. Би виз гаргадаг хүн биш, би ийм үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ хоёр хүнтэй виз гаргаж өгөх талаар тохиролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/-р тал,

Б.А-ын эзэмшлийн Хаан банкны 5007775088 дугаарын дансны хуулга /хх-ийн 9-10/-р тал,

Б.О-ийн эзэмшлийн Хаан банкны 5005303038 дугаарын дансны хуулга /хх-ийн 22-23/-р тал,

 Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би А гэх хүний Визийг гаргаагүй. Би компани шилжүүлэхэд хэрэглэдэг мөнгийг нь О-гийн дансаар бэлэн аваад өөрийнхөө машиныг янзалчихсан юм. Түүнээс хойш О над руу залгаад нөгөө улсууд чинь мөнгөө нэхээд зүгээр суулгахгүй байна, мөнгө явуулаач ээ гэж над руу ярьсан. Тухайн үед би О-д хандаж чи зээлээр хийгээд өгчих ах нь дараа нь чамд өгье гэж хэлэхэд О үгүй гээд хөдлөөгүй. Би А-аас авсан 1.600.000 төгрөгөө виз гаргах үйл ажиллагаанд огт зарцуулаагүй. Би Амаржаргалд учирсан хохирлын мөнгийг удахгүй төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэгэнт шүүгдэгч *******ын зүгээс өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй, өөрийн гэм буруутай үйлдлийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсний дээр түүний гэм буруутай үйлдэл нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Иймд, шүүгдэгч *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Амаржаргалд 1.750.000 төгрөгийн хохирол учирсны шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нөхөн төлсөн болох нь хавтас хэргийн 84 дүгээр талд авагдсан Хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байгаа учраас  эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгүүлэх нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 8 хоног хорих ял оногдуулах  уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч *******т хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ “...шүүгдэгчийн өөрийн гэм буруутай хууль бус үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, болон мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх/ буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн...” хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 540 цагийн хугацаагаар тогтоосон байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан дээрх ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн 3/5867 дугаартай албан бичгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон нийт 68 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх ялын хэмжээг 01 жил 02 сар, 08 хоногийн хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 68 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 02 сар, 08 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 01 жил 02 сар, 08 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР