Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 2021          04          06                                  2021/ШЦТ/251

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч: М.Гэрэлбадрах,  

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн У-д холбогдох эрүүгийн 2009 00511 0398 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 11 дүгээр гудамжны 215 тоотод оршин суух хаягтай,

-Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдаж байсан Б овогт Ч-гийн У-д /РД:УК00000000/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU “ /Си Юу/ дэлгүүрт 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үйлчилгээний ажилтан Б.Рийн Самсунг А-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.119.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Рийн мэдүүлэг /хх-ийн 14/-р тал, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-12/-р тал, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/-р тал, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/-р тал, яллагдагчийн мэдүүлэг /хх-ийн 27-30/-р тал зэрэг болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй, бөгөөд нотлох баримтуудыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хууль ёсны үнэн зөвд тооцсон болно.

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU “ /Си Юу/ дэлгүүрт 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үйлчилгээний ажилтан Б.Рийн Самсунг А-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.119.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Р-гийн өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 09 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллаага явуулдаг Си Юу дэлгүүрт буюу ажлын байран дээрээ байх үед 25-40 насны 4 эрэгтэй орж ирээд шоколад хулгай хийж байгаад баригдсан. Иргэн ******* гэх залуу цэнхэр жинсэн өмд, хар куртиктэй байсан бөгөөд гарахдаа ширээн дээр байсан миний Самсунг А-9 загварын хар өнгийн гар утсыг хулгай хийж аваад гараад явсан байсан. Хулгай хийсэн талаарх дүрс бичлэг нь хяналтын камерт үлдсэн байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд гэртээ байж байтал манай менежер Нямдаваа над руу залгаж “Чиний гар утсыг хулгай хийсэн хүн чинь Чингэлтэй дүүргийн салбар дээр баригдсан байна гэж хэлсэн. Би гар утсаа 1.499.000 төгрөгөөр И март дэлгүүрээс худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/-р тал,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “... Би 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хөдөө аж, ахуйн автобусны буудлын урд талд байдаг 62 дугаар байрны орцонд шөнөжин архи ууж тэр орцондоо хоносон. Өглөө нь босож дахиж архи уугаад тэндээсээ 1 дүгээр дэлгүүрийн тэр хавьцаа байрлах “Си юү” дэлгүүр орж эд зүйл хулгай хийж байгаад баригдсан. Би гар утсыг чухам яах гэж авснаа сайн мэдэхгүй байна, тухайн үед их хэмжээний согтолттой байсан. Архи авч уух гэж л хулгай хийсэн байх. Хяналтын камерт бичигдсэн хулгай хийж байгаа хүн би мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүйн дээр шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар ач холбогдол бүхий нотлох баримтууд хавтас хэрэгт авагдаагүй, дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 1.119.200 төгрөгийг хохирогч Б.Рт нөхөн төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул *******оос нийт 1.119.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ренчинмядагт олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгч *******ын зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад 03 жилийн хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү...” гэжээ.

Шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр нөхөн төлөгдөөгүй байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлагы харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно...” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Р-ийн гар утсыг хулгайлсан бөгөөд түүнд шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Дээрхээс харахад 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх талаар бодитой ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь тодорхой бус өөрөөр хэлбэл хохирол нөхөн төлөх санаа, зорилгогүй байсан болох нь харагдаж байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж дүгнэн 03 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Гурав. Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 159 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-гийн У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 03 /гурав/-н  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан /03/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 159 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 1.119.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б овогт Б-ын Р /РД:00000000/-д олгосугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР