Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Г.М

Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ө.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 05 сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, ... ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, З овогт Ө.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Г нь 2021 оны 04-р сарын 12-ны өдрийн өглөөний 09 цагийн орчим Засаг даргын тамгын газарт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа “нэг цонхны үйлчилгээ”-гээр үйлчлүүлж байгаад үүдний ширээн дээр тавиад орхисон байсан хохирогч Ш.М-н “ОРРО” А32 маркийн  гар утсыг нь  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүний утас нууж авсан миний буруу. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ө.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр эмэгтэй миний ажлын ширээн дээр утсаа орхиод явчихаар нь аваад ширээн доор байрлах шургуулганд хийсэн. Сим картыг нь ашиглах зорилгоор гаргаж авсан ба гаргах явцдаа газар унагаагаад алга болгочихсон юм. Надаас утсаа асуухад нь би утсыг нь ашиглах зорилготой байсан болохоор хэлээгүй юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 59/

Хохирогч Ш.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Замын-Үүд сумын Засаг даргын тамгын  газрын нэг цонхны үйлчилгээ дээр өөрийн эзэмшлийн газрын асуудлаар очсон юм.  Тухайн үед үүдний жижүүр дээр халдвар хамгааллын дэглэм сахин халуун, хэмжүүлж бүртгүүлэх гээд очиход тухайн үед гарч байсан жижүүр нь намайг тоосон шинжгүй ажил хийгээд яваад байхаар нь газрын даамал суудаг нэг цонхны үйлчилгээний өрөө рүү орж, хавтастай материалаа хянуулаад, зөвлөгөө авч 10 орчим минут болоод гарч ирэхэд гар утас байхгүй байсан тул, үүдний жижүүрийг хүлээхдээ ширээн дээр  хавтастай материал, утас зэргийг тавиад нэг цонхны үйлчилгээний өрөө рүү орохдоо утсаа үлдээгээд орсноо санасан.  Тэгээд тэр хавьд байсан хүмүүсээс өөрийн гар утсыг харсан үзсэн талаар асуухад мэдэх хүн байхгүй байсан тул Цагдаагийн  байгууллагад өргөдөл гарган хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32,35-36/

Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 30-32/

Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 33-36/

 2021 оны 04-р сарын 20-ны өдрийн “А” ХХК-ний дүгнэлт,  фото зураг /хх-ийн 39-43/

ОРРО маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 46/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 49/

2021 оны 04-р сарын 20-ны өдрийн 170 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн тодорхойлолт /хх-ийн 60/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Ө.Г нь 2021 оны 04-р сарын 12-ны өдрийн өглөөний 09 цагийн орчим Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газарт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа “нэг цонхны үйлчилгээ”-гээр үйлчлүүлж байгаад үүдний ширээ дээр тавиад орхисон байсан хохирогч Ш.М-н “ОРРО” А32 маркийн  гар утсыг нь  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 750,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгч Ө.Г-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд шүүгдэгч Ө.Г-н бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Замын-Үүд сумын Засаг даргын тамгын  газрын нэг цонхны үйлчилгээ дээр өөрийн эзэмшлийн газрын асуудлаар очсон юм.  Тухайн үед үүдний жижүүр дээр халдвар хамгааллын дэглэм сахин халуун, хэмжүүлж бүртгүүлэх гээд очиход тухайн үед гарч байсан жижүүр нь намайг тоосон шинжгүй ажил хийгээд яваад байхаар нь газрын даамал суудаг нэг цонхны үйлчилгээний өрөө рүү орж, хавтастай материалаа хянуулаад, зөвлөгөө авч 10 орчим минут болоод гарч ирэхэд гар утас байхгүй байсан тул, үүдэн жижүүрийг хүлээхдээ ширээ дээр  хавтастай материал, утас  зэргийг тавиад нэг цонхны үйлчилгээний өрөө рүү орохдоо утсаа үлдээгээд орсноо санасан.  Тэгээд тэр хавьд байсан хүмүүсээс өөрийн гар утсыг харсан үзсэн талаар асуухад мэдэх хүн байхгүй байсан тул Цагдаагийн  байгууллагад өргөдөл гарган хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32,35-36/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-32/, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-36/, 2021 оны 04-р сарын 20-ны өдрийн “А” ХХК-ний дүгнэлт,  фото зураг /хх-ийн 39-43/, ОРРО маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 46/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ө.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 750,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ө.Г нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Мөрдөн шагах ажиллагааны явцад хохирогч Ш.М-д хулгайд алдагдсан гар утсыг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ө.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Ш.М хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Ө.Г-д ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Ө.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-д 280 /хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ           Д.Ц