| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0279/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/287 |
| Огноо | 2021-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/287
2021 04 30 2021/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Шүүгдэгч Б.Б, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Ш овогт Б-н Б, Ш овогт Г-гийн А нарт холбогдох эрүүгийн 2109 00000 0392 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 5, ээж , эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,26-02 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б-ын Б, /РД:ЖЕ00000000/,
Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, угсралтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 5, эх, эцэг, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 08-316-6 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Г-ийн А, /РД:ЖЯ00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б, Г.А нар бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 22-23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 01-01 тоотод хохирогч иргэн П.Х-г нойлд орохоор явж байх үед маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас “хамар ясны хугарал, таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт “бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Б, Г.А нар бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 22-23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 01-01 тоотод хохирогч иргэн П.Х-г нойлд орохоор явж байх үед маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас “хамар ясны хугарал, таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт “бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Х-ийн өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 32 дээр байж байгаад шилэн дэлгүүр дээр тавилга угсрах гээд очсон, би бие засах хэрэг гараад ажлын хажууд байдаг хашааны харуулаас нь гуйгаад дотогшоо орон бие засах гээд нойл руу орж явахад дотроос нь нэг хүн гарч ирээд чи энэ хашаан дотор яаж орж ирсэн гэж асуухад нь би танай харуулын даргаас асууж орж ирсэн нойлд орох гэсэн юм гэхэд тэр хүн өмсөж байсан цагаан куртикээ тайлаад Зоригоо ахаа гэж орилоод над руу гүйж ирээд гэмт хэрэг үйлдсэн цохисон. Тэгээд би тэр хүнтэй зодолдсон, зодолдож байхад цаанаас 2 хүн гарч ирээд нийлээд зодсон юм. Би зодуулаад тэр хүмүүс явсны дараа хашааны том хаалгаар ороод ажилладаг дэлгүүр дотор ороод сууж байтал нөгөө хашаанаас зодсон хүн хүрч ирээд манай Тогтохбаяр ахтай уулзаад танай дүүтэй чинь эвгүй гом болчихлоо, цагдаа дуудаад яах вэ хоорондоо учраа олоод салъя гэж байсан.Тэр хүмүүс миний эмнэлэгт үзүүлээд гарсан зардлыг төлнө гэсэн бөгөөд тэр өдрөөс хойш би эмнэлгээр яваад үзүүлээд өнөөдөр намайг эмч яаралтай хагалгаанд ор гэсэн, тэр хүмүүс рүү залгаад эмчилгээний зардал тэдэн төгрөг болж байна шүү гэхэд өмнө нь зардал өгнө гэж байснаа одоо болохоор зөвхөн тал мөнгийг нь өгнө гэсэн , шалтаг тоочоод төлбөр мөнгө өгөхгүй байна.Би хамрын хагалгаанд орох гэж байгаа, миний хамрын баруун хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай бөгөөд салст нь хавагнаж зузаарсан, таславч хянга хэсгээрээ зөрүүтэй хугарч баруун тийш бага зэрэг мурийсан зэргийг янзлах хагалгаа юм, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №1091 дугаартай “...хэсэг газрын үзлэгт: Баруун зүүн дээд доод зовхи хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Хамрын хянга баруун тийш мурийлттай. Хамрын нуруунд тэмтрэхэд эмзэглэлтэй. Дүгнэлтээр П.Хувьзаяагийн биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-47/-р тал,
Гэрч Гантулгын “...Намайг гарч ирэхэд тэр залуу Б ахтай зууралдсан
байдалтай, цохиж байсан, сүүлд нь А ах бас ирж байсан. Түүнд хэн яаж гэмтэл учруулсныг мэдэхгүй, хараагүй, үйл явдал маш хурдан болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/-р тал,
Гэрч Пүрэвхүүгийн “... 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 32 дээр ажлын дүү Х-ийн хамтаар дэлгүүр дээр тавилга угсарч байхад 2 ширхэг 2.5 литрийн пивог Хувьзаяа болон Тогтохбаяр,Төрмандах нар ууж байсан. Би машин барьж байсан болохоор уугаагүй юм. Тэгээд Хувьзаяа жорлон ормоор байна гэхээр нь цуг гараад хашааны манаачаас асуугаад жорлон руу нь орох гээд хашаан дотор нь явж байхад нэг залуу зогсож байснаа хаачих гэж байгаа юм гэтэл цаанаасаа нэг хүн дуудчихаад , хувцсаа тайлаад шууд бид хоёр луу дайрч ирээд намайг үсдэж унагаасан жижиг биетэй залуу бас Х-г цохиж дайрч байсан.Тэгээд би салгах гэж очиход салахгүй болохоор нь хаяад зугтаасан. Тухайн үед миний дух хэсэгт бага зэрэг зулгарсан байсан, одоо зүгээр болсон. Хувьзаяагийн биед хэн гэмтэл учруулсныг хараагүй, би зугтаад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/-р тал,
Томографын шинжилгээ оношилгооны хуудас /хх-ийн 50/-р тал болон хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, гэр, шүүгдэгч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Б, Г.А нар нь хэрэг хянан шийдвэрлэх аль ч үед өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Б.Б, Г.А нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэгэнт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, өөрсдийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс гэм буруугийн асуудлаар нэмэлт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, шүүгдэгч Б.Б, Г.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч П.Х-ийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй талаараа Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хандаж хүсэлт гаргасан “.../хх-ийн 119/-р тал...” байх тул шүүгдэгч Б.Б, Г.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Б, Г.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгч Б.Б, Г.А нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.А нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Б, Г.А нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Б-н Б, Ш овогт Г-ийн А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.А нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б, Г.А нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР