Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 185/2021/232

 

 

 

 

 

  2021        03          31                                  2021/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч *******,

Өсвөр насны шүүгдэгч*******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт А-ийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Д-ын А нарт холбогдох эрүүгийн 2109 00003 0150 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сүши Херо” ресторанд тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 187 тоотод оршин суух хаягтай Г овогт А-ийн Б /РД:УП00000000/,

Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 02 дугаар гудамжны 187 тоотод оршин суух хаягтай, Г овогт Д-ын А /РД:ЧВ00000000/,  

           2. Холбогдсон хэргийн талаар.

Өсвөр насны яллагдагч******* нь Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүши Херо” ресторанаар 2020 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдийн хооронд хохирогч А.Э-гын эзэмшлийн Самсунг Нөт-20 ультра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.792.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Бөмбөгөр худалдааны төвийн орчим, Самсунг Нөт-20 ультра загварын гар утсыг олж аван, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас 2.792.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “...Би хүүхэдтэйгээ бөмбөгөр худалдааны төвийн урд байдаг эмийн сан орох гээд явж байсан. Эмийн сангийн үүдэнд байж байхад саарал өнгийн утас газарт унасан тэр үед Б хажууд байгаагүй. Б ирэх үед миний хувьд “утас оллоо гоё утас” байна гэдэг зүйлийг хэлээд Монител худалдааны төвд очиж утсыг зарсан. Миний хувьд утсыг зарахдаа тухайн хүндээ олсон утас гэдгээ үнэнээр хэлсэн ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч******* мэдүүлэхдээ “... Ажлын газрын ахтай орой “Хард Рок” нэртэй ресторанд хоол идээд ажил руугаа явсан. Тэр үед Э-гийн ахын утсыг Б нь лизингээр худалдаж авсан байсан. Б ах бид 2 ресторанд орж хоол идээд гараад ажил руу орох гэж явж байхад Б ах утсыг унгаасан би тэр үед утсыг чимээгүй аваад халаасандаа хийсэн. Ажил дээрээ хоноод өглөө нь аавтайгаа эмийн сан орох гээд явж байхад би тухайн утсыг аавын урд тавиад ааваар олуулсан. Аав тухайн утсыг олсон гэж бодоод зарсан...” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ мэдүүлэхдээ “...Шүүгдэгч нарын хувьд гэм буруу дээр маргадаггүй. Өсвөр насны шүүгдэгчийн хувьд утсыг унгаасан байхад нь авсан гэдэг зүйлийг хэлдэг ч гэрч Б нь хажуудаа тавьж унтсан гэдэг зүйлийг мэдүүлсэн. Өсвөр насны шүүгдэгчийн хувьд бусдын гээгдэл хөрөнгийг авсан үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учир гэм буруу дээр маргах зүйлгүй ...” гэжээ. 

Өсвөр насны шүүгдэгч*******-н хууль ёсны төлөөлөгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “... Манай хүүхэд*******-ийн хувьд үгэнд сайн ордог урд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний хувьд тухайн гар утсыг олсон гэдгийг утас олсон өдрийн маргааш нь олж мэдсэн. Манай нөхөр *******-ийн хувьд группэд байдаг биеийн байдал нь тааруу учраас манай нөхөр, хүүхэд 2-т оногдуулж болох хамгийн бага ял шийтгэл оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,

           Нэг.Өсвөр насны шүүгдэгч*******-н гэм буруугийн талаар         

Өсвөр насны шүүгдэгч******* нь Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сүши Херо” ресторанаар 2020 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдийн хооронд үйлчлүүлсэн хохирогч А.Э-гын Самсунг нөт-20 ультра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.792.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Э-гын өгсөн  “...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шиг санаж байна. Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүши Херо” нэртэй ресторанд орж өдрийн 14 цагийн үед хоол идсэн. Тэгээд гарахдаа утсаа тухайн ресторанд мартаад үлдээсэн байснаа санаад өөрийн танил болох тухайн рестораны менежер Б руу залгаад гар утсаа үлдээсэн байгаа талаар хэлэхэд Б “Би таныг гар утсыг авчихсан надад байна” та заваараа ирээд авчихгүй юу гэж хэлсэн. Би тухайн өдөр буцаж очиж гар утсаа авч амжаагүй учраас Б руу залгахад Б нь таны гар утас их гоё юм байна, надад зарчхаач гээд гуйгаад байхаар нь би “за за чи тэгвэл авахгүй юу даа гэж хэлсэн чинь Б за би тэгвэл мөнгийг нь цалин буухаар өгье” гэж хэлсэн. Тэгээд түүний дараа удаагүй Корона вирустэй холбоотойгоор хөл хорио тогтоогоод нэг хэсэг гэрээсээ гарч чадаагүй. 2020 оны 11 дүгээр сарын эхээр Баас гар утасныхаа мөнгийг өгөх үү цалин чинь орсон уу гэхэд Б “Би ажил дээрээсээ гар утсаа алдчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бийн өгсөн “...2020 оны 10 дугаар сарын дунд үе шиг санаж байна, яг хэдний өдөр байсан бэ гэдгийг сайн санахгүй байна. Манай танил ах Э манай ажлын газар буюу Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороонд байрлах “Сүши Херо” ресторанд өдөр 14 цагийн орчимд ирж хоол идсэн. Тэгээд Эрдэнэбулга ах хоол идчихээд явахдаа өөрийнхөө гар утсыг хоолныхоо ширээн дээр үлдээчихсэн байсан. Самсунг Нөт-20 ультра загварын цагаан саарал өнгөтэй гар утас байсан. Би орхисон байсан гар утсын нь өөртөө авсан бөгөөд тухай гар утас надад таалагдаж байсан. Ингээд Э ах над руу залгаад утсаа орхисон талаар асуухад нь би олсон талаараа хэлж бас таны гар утас надад таалагдаж байна, та надад утсаа зарах уу гэхэд Э ах “Авбал авахгүй юу даа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э ахад гар утасных нь төлбөрийг цалин буухаар хийе гэж тохиролцоод тухайн гар утсыг хэрэглэж байсан. 2020 оны 10 дугаар сарын 18 байна уу, 19-ний өдөр байх ажлынхаа газрын дүү болох*******тэй хамт “Хард Рок” нэртэй ресторанд орж хоол идээд 2 шил шар айраг уучхаад бид 2 цуг буцаад ажил руугаа явсан. Тухайн өдөр******* бид 2 ажил дээрээ хамт хонохоор болсон. Би ажил руугаа орсныхоо дараа өөрийн танилцсан одоо нэрийг нь санахгүй байна, нэг эмэгтэйтэй гар утсаараа ярьсан. Тэгээд гар утсаа зөөгчийн ширээний хажууд байдаг өөрийнхөө хэвтэж байсан буйдангийн ширээн дээр тавьсан уу, аль эсхүл аль эсхүл буйдан тавьсан уу гэдгээ сайн санахгүй байна. Тухайн өдрөөс өмнөх өдрүүдэд би нойр муутай явж байсан болохоор тэр дороо унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод ирэхэд миний гар утас байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь гайхаад Б-с асуухад “Мэдэхгүй, хараагүй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Э ах гар утасныхаа төлбөрийг нэхэхээр нь би гар утсаа алга болсон талаар хэлэхэд Э ах цагдаад ханд гар утас олддог болсон гэж надад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад би биш Э ах хандсан. Тэгээд дараа нь Э ахаас Б тухайн гар утсыг авсан байсан гэдийг мэдсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч*******-н өгсөн “...Миний бие Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүши Херо” ресторанд 2020 оны 10 дугаар сарын сүүлээр зөөгчөөр ажилд орсон. 2020 оны 11 дүгээр сарын дундуур ажлын Б гэх ахтай “Хард Рок” ресторан орж хоол идсэн бөгөөд Б ах тухайн газар шар айраг уусан. Тэгээд бид 2 ажил руу орох замд гар утас нь газар уначихаар нь би аваад халаасандаа хийсэн. Тэгээд бид 2 ажил руу ороод унтсан бөгөөд маргааш нь надаас гар утсаа хайгаад асуухад нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд 1-2 хоногийн дараа аав А-тай хамт явж байгаад тухайн гар утсыг газар унагаж аавд олуулсан бөгөөд аав Теди худалдааны төв орж 1.500.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/-р тал зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өсвөр насны шүүгдэгч******* нь хохирогчийн гар утсыг унасан байхад нь олсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Нөгөөтээгүүр гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлсэн “Би ажил дээрээ орж ирээд буйдан дээрээ тавиад унтсан” гэх мэдүүлгийг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдсонгүй.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* нь өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.

Иймд, өсвөр насны шүүгдэгч*******-нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч *******ийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Бөмбөгөр худалдааны төвийн орчим Самсунг Нөт-20 ультра загварын гар утсыг олж аван гээгдэл эд хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас хохирогчид 2.792.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Б-лийн өгсөн “...Би Тэди төвд гар утасны програмисстын ажил хийдэг. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад 50-55 орчим насны гэмээр ах ирээд гар утас худалдаж авах уу, яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд тухайн гар утсыг үзэхэд Самсунг Нөт-20 ультра загварын гар утас байсан бөгөөд тэр ахтай ярилцаад тэр ах надад 1.500.000 төгрөгөөр зарахаар болсон. Тухайн үед надад гар утас зарсан ах надад “Миний өөрийн гар утас байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би тухайн ахад 1.490.000 төгрөгийг дансаар нь өгсөн бөгөөд хаан банкны 5100339102 дугаарын А гэсэн данс байсан. Тэр ах миний өөрийн данс гэж хэлж байсан. Харин тэр ахад 10.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Б-ын өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөртөө гар утас худалдаж авах гээд үнэгүй.мн зарын сайтыг үзэж байгаад тухайн сайт дээр худалдана гэж тавьсан байсан Самсунг Нөт-20 ультра загварын гар утсыг сонирхоод тухайн зар дээр байсан худалдагчийн утасны дугаар руу залгаж ярихад эрэгтэй хүн байсан бөгөөд тухайн гар утсыг 2.100.000 төгрөгөөр зарна гэхээр нь ярилцаж байгаад 2.000.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд би тэр залуутай 13 дугаар хорооллын Натурын тэр хавьд уулзаад гар утсыг үзэхэд цагаан саарал өнгийн Самсунг Нөт-20 ультра загварын гар утас байсан. Тэгээд би төлбөрөө дансаар тухайн залуугийн Хаан банкны Э.Б гэдэг хүний 5176132134 дугаарын дансруу өөрийн хаан банкны 5700733264 дугаарын данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/-р тал,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 09 дүгээр сард БНСУ-с худалдан авсан цагаан өнгийн Самсунг Нөт-20 ультра загварын гар утас нь 2.792.000 төгрөгийн үнэтэй...” гэх тайлан /хх-ийн 43-44/-р тал,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 09-13/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шиг санаж байна, яг он, сар, өдрийг сайн санахгүй байна. Өөрийн төрсөн хүү*******-н хамт 10-11 цагийн орчим Бөмбөгөр худалдааны төвийн урд талд байдаг эмийн сан орчхоод автобусанд суух гээд алхаад мэргэжилтний 20 дугаар төвийн автобусны буудлын баруун талд зогсож байтал урд талд газарт цагаан саарал өнгийн гар утас байж байсан. Ойр хавьд хүн байгаагүй бөгөөд тухайн гар утсыг аваад үзэхэд унтарчихсан байсан. Асаах гэсэн чинь асахгүй цэнэг нь дуусчихсан бололтой байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан учраас тухайн гар утсыг зарахаар шийдээд хүү Б-ийг явуулаад дараа нь өөрөө Теди төв ороод нөгөө утсаа хүн гуйж цэнэглүүлээд асаатал асаж байсан. Тэгээд хүмүүст үзүүлээд хэдэн төгрөг хүрэх талаар судлахад яг шинэ утасных нь үнэ нь 2.500.000 төгрөг байсан. Тухайн гар утас Самсунг Нөт-20 загварын гар утас гэж байсан. Тэгээд би Теди төвийн 3 бил үү 4 дүгээр давхарт нэг лангуун дээр сууж байсан залууд гар утсыг зарсан. Тухайн гар утсыг би өөрөө олсон л гэж бодсон, харин дараа нь цагдаагийн байгууллагаас дуудахаар нь очоод манай хүү ажлынхаа газраас авсан байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн тухай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Мөн шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүх хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийг тогтооход эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд, шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч А.Эт учирсан хохирлыг шүүгдэгч нар нь нөхөн төлсөн хохирогч А.Э нь санал, хүсэлт байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Өсвөр насны шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг сургалт, хүмүүжлийн албанд эдлүүлэх саналыг,

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах...” саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ******* нь хөдөлмөрийн чадвар алдалтын группэд байдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Өсвөр насны шүүгдэгч*******-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын асуудалтай холбоотойгоор ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзахын зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлуудыг харгалзсан үзсэн бөгөөд үүнд “...Шүүгдэгч *******ийн хөдөлмөрийн чадвараа 69 хүртэлх хувиар алдсан талаарх Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, болоод ар гэрийн байдал, амьдралын талаарх хандлага, ар, гэрээ тэжээн тэтгэх талаар хүлээж буй үүрэг, хариуцлага зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Харин өсвөр насны шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзахын зэрэгцээ мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал /Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний нас, цаашид гэр бүлээ тэжээн тэтгэх талаар хүлээж буй үүрэг, хариуцлага, сурч боловсрох боломж/ зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, өсвөр насны шүүгдэгч*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч *******, Б.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт До-ын А-гийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Өсвөр насны шүүгдэгч*******-г “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулах эргүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР