Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2017/00136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* Даргын Тамгын газар, дарга *******т холбогдох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 124 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор сумын ЗДТГ-ын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 380.000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, ажилгүй байсан хугацааны цалин 760000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч,  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь Баянхонгор сумын ЗДТГ-т жижүүрийн ажилд 2013 оны 06 сард ажилд орсон. Улмаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа эндэгдэл гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажилладаг байсан. Ингэж ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 11 сарын 27-ны өдөр 4-р багийн засаг даргын сонгууль болсон. Энэ сонгуульд би оролцохдоо бие дааж нэр дэвшсэн бөгөөд тухайн үедээ ажлаас ямар нэгэн байдлаар гарах, чөлөөлөх тухай

яриа болоогүй байтал тухайн сонгууль болсны дараа буюу 2016 оны 12 сарын 28-ны өдөр жижүүрийн ээлжтэй байсан ба тус өдөр ажилдаа ирэхэд Хүрэлбаатар дарга өрөөндөө дуудсан. Би өрөөнд нь ортол “чи ажлаасаа гар, зайл, албан газар бузарлалаа” гээд хөөсөн. Би уучлаарай гээд байж байхад гараад ажлаа хийж бай гэсэн. Үдээс хойш нь байгууллагын шуурхай болж байсан чинь намайг ороод ир гэж дуудуулсан байхаар нь орсон чинь, энэ хүүхэн та нарыг чирж байна, хамт олон бузарлаж байна, одоо ажлаас нь гаргана гэсэн. Тэгээд нярвыг дуудаж дараагийн жижүүрийг дуудаж гарга гэсэн үүрэг өгсний дагуу нөгөө ээлжийн жижүүрийг дуудаж гаргасан учир би гэртээ харьсан. Дараа нь буюу 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 2 цагт дарга ирж уулз гэж байна гэсний дагуу очтол, чи өргөдлөө өгөөд гар, би чамайг ажилд хэзээ ч буцааж авахгүй гээд байхаар нь миний хоёр хүүхэд ажилгүй, амьдрал хэцүү байна, намайг халаад манай нэг хүүхдийг оронд маань ажиллуулж өгөөч гэсэн чинь, чанарын ялгаа байхгүй авахгүй, харин яаж гаргах арга замаа ярилцъяа гэсэн. Тэгээд ярьж байгаад манай нэг хүүхдийг ажил олж өгье чи өргөдлөө өгвөл 2 сарын тэтгэмж олгоно гэсэн. Тэгэхээр нь би хүүхэд ажилд оруулж өгвөл болж байна гэсэн чинь, би ажил олж өгье гэсэн болохоос маргааш оруулна гэж хэлээгүй, тэгвэл чамайг ёс зүйн хороог хуралдуулж хална гэж элдвээр доромжлоод байхаар нь би гараад ирсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нарийн бичиг Солонгоо нь, та тушаалаа ав гэж хэлэхээр нь би 1 дэх өдөр очиж гардаж авсан. Тушаалд ажил олгогчийн итгэлийг алдаж, удаа дараа улс төрийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж заасан байгааг нь би ойлгоогүй. Би үндсэн хуулинд заасан сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу багийн засаг даргад өрсөлдсөний төлөө байгууллагын нэр бузарласан гэж бодохгүй байна. ******* нь намайг сонгуульд өрсөлдсөнөөр шалтаглаж ажлаас үндэслэлгүйгээр халж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.

Би энэ байгууллагад ажиллаж хугацаандаа нэг ч удаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, хамт олны дунд нэр хүндтэй байсан. Иймд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЗДТГ-ын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 124 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор сумын ЗДТГ-ыг жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 380 000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:                                    

Баянхонгор сумын ЗДТГ-нь 71 ажилчин албан хаагчтай бөгөөд ЗДТГ-ын даргын хувьд би өнөөдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн хүрээнд албан хаагчдыг улс төрөөс ангид төрийн мэргэшсэн үйлчилгээний байгууллага байлгах чиг үүрэг зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ байгууллагад улс төрийн үйл ажиллагаа байхгүй бөгөөд ганхцан жижүүр ажилтай Б.******* нь улс төржих гээд байдаг юм. Энэ хүнд би хэд хэдэн удаа битгий улс төржөөд бай гээд ач холбогдол үр дагаврыг нь тайлбарлаж хэлж өгч байсан. Өдөр тутмын удирдлагаар хангадаг ерөнхий менежер надад хэлж ярьж өргөдөл өгөхгүйгээр багийн даргын сонгуульд өрсөлдсөний дараа энэ үйлдлийг дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байгууллагын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулж сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрт хүрсэн болохоос шүүхэд гаргасан нэхэмжлэх дээр бичсэн шиг айлган сүрдүүлж дарамталсан гэх мэт бичсэн зүйлүүдийг мэдэхгүй гайхаж байна. Харин энэ талаархи санамжийг өгч харилцан ярилцаж тэтгэмж авах ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаж өгснийхөө маргааш өдөр албан ёсоор нягтлан бодох дээр цохогдож шийдвэр гаргахаар хүлээгдэж байсан хүсэлтийг худал хэлж булаан авч албан конторт зүй бус авир гаргаж ёс зүйн зөрчлийг давтан гаргасан учир хөдөлмөрийн гэрээний холбогдох заалт, байгууллагын дотоод журам, байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлд дурьдсан шаардлагуудыг хүлээн авах боломжгүй..гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянхонгор сумын ЗДТГ-т 2013 оны 07 сард жижүүрээр ажилд орсон. Тэгээд ажлаа хийж байгаад 2016 оны 11 сарын 27-ны өдөр Баянхонгор сумын 4-р багийн засаг даргын сонгуульд бие дааж нэр дэвшин өрсөлдсөн юм. Тэгтэл маргааш нь Тамгын дарга намайг дуудаад байгууллага хамт олны нэр хүнд гутааж бузарлалаа чи жижүүр хүн байж багийн даргад нэр дэвшлээ чи ажлаа өгөөд гар, 2 сарын тэтгэмж өгье гэсэн. Би үгүй гэхэд хүүхдийг чинь ажилд оруулж өгье гэсэн. Тэгэхээр би хүүхдээ ажилд оруулаад 2 сарын тэтгэмж аваад гаръя гэсэн. Тэгсэн чинь Тамгын дарга хүүхдийг чинь одоо ажилд оруулахгүй тэгж байгаад оруулна, чадахгүй бол чамайг байгууллагын ёс зүйн хороог хуралдуулж байгаад хална гэсэн. Одоо би ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 1140.000 төгрөг буюу сарын 380.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлж, ажилдаа буцаан орж, өмгөөлөгчийн 300.000 төгрөг

гаргуулах хүсэлтэй байна. Би ажил амьдралаа дээшлүүлэх гэж л сонгуульд бие даан өрсөлдсөн. Гэтэл Тамгын дарга намайг тэнэг мангар, ажлаа өгөөд зайл гээд хүчээр шахуу өргөдөл бичүүлсэн. Дараа нь би хүсэлтээ буцаан авсан юм. Тэрэн дээр л намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм билээ. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа хүнтэй хэрэлдэж ёс зүйн болон бусад зөрчил гаргаж байгаагүй, би инээгээд л сууж байдаг, хүнтэй боловсон харьцдаг хүн. Би ажиллаж байх хугацаандаа хотын аварга хүртэл болж байсан.Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалын зүйл заалтыг би буруу гэж бодож байгаа, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Тамгын дарга надад хэлэхдээ надад уурлаад ёс зүйн хороо хуралдуулж байгаад чамайг хална л гэсэн..гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг дэмжиж байна. Энэ харилцаа бол хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаж байгаа харилцаа юм. Зохигчдын тайлбараас үзвэл Б.*******г ажил олгогч нь ажлаас чөлөөлөхдөө дарамт шахалт үзүүлж зүй бус авир гаргасан болох нь тогтоогдож байна. Тухайлбал: Чи өргөдлөө өгчих, хүүхдийг чинь  ажилд оруулъя, 2 сарын тэтгэмж өгье гэж дарамталж, шаардсан байна. Мөн өөрөө хүсэлтээ өгөхгүй болохоор нь “Ёс зүйн хороо хуралдуулж байж хална“ гэж заналхийлсэн, энэ нь ёс зүйн хорооны дүгнэлт, тэмдэглээр тогтоогдож байна.Түүнчлэн Б.******* нь үйлчилгээний ажилтан тул хөдөлмөрийн гэрээнд заасан тохиролцоогоор зохицуулдаж байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчил гаргасан нь тушаалаас харагдахгүй байна. Ажлаас халах гол шалтгаан нь багийн даргийн сонгуульд өрсөлдлөө гэх шалтгаан байна. Гэтэл сонгуульд өрсөлдөх эрх бол энэ хүний хуулиар олгогдсон эрх юм. Мөн ёс зүйн хорооны дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй байна. Ёс зүйн хороог хэрхэн яаж байгуулсан нь тодорхой биш, ёс зүйн хороо нь Тамгын газрын даргын хяналтанд ажиллаж, түүний тушаалаар байгууллагдсан болох нь харагдаж байна.Энэ хороо нь Б.*******г ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэхдээ “Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө буцаан авсан” гэх шалтгааныг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Гэтэл хувь хүн өөрөө өргөдөл хүсэлт гаргаад түүнийгээ буцаан авах эрх нь аль ч шатанд нээлттэй байгаа юм. Гэтэл ажил олгогч бусдыг шахаж байж өргөдлийг нь бичүүлчихээд түүнийг нь ажилтан буцаан авсан болохоор ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-дэх хэсэг нь ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халах үндэслэл болохоор байна. Гэтэл бодит байдал дээр ажилтан нь сахилгын ямар ямар зөрчлийг ямар хугацаатай гаргасан болох зөрчлийг шалгаж тогтоосон эсэх, тайлбар мэдүүлэг авсан эсэх нь тодорхойгүй байна. Тушаал дээр бичигдсэн 2 зөрчил бол сахилгын зөрчил биш гэж үзэж байна. Нөгөө талаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гэдэгт “Улс төрийн үйл ажиллагаанд оролцсон нь” ноцтой зөрчилд тооцогдохгүй байна. Иймд Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын 124 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-дэх хэсгийг буруу ойлгож хэрэглэсэн байх тул тушаалыг хүчингүй болгож, Б.*******г ажилд нь буцаан томилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөллийн хөлсийг гаргуулж, тухайн гаргуулсан хохирол төлбөрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээс гаргуулж өгнө үү?гэв.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч *******ын шүүхэд өмнө нь гаргасан тайлбарыг дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* Даргын Тамгын газар, дарга *******т холбогдуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 124 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор сумын ЗДТГ-ын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 1140.000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

Нэхэмжлэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын 2013 оны 06 сарын 05-ны өдрийн 58 дугаар тушаалаар тус газрын жижүүрээр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.

Ингээд Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 124 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Б.*******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-дэх заалтыг тус тус үндэслэл болгон “шууд болон шууд бусаар биечлэн уулзаж хэлж сануулсаар байтал ажил олгогчийн итгэлийг алдаж, удаа дараа улс төрийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцож ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” гэснээр ажлаас чөлөөлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1. Шүүх Б.*******г ажлаас чөлөөлсөн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 124 дүгээр тушаалыг хянахад

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” ..гэсэн заалтыг үндэслэл болгон ажилтныг ажлаас чөлөөлсөн нь тушаал хууль есны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тухайлбал ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг ойлгох юм.

Гэтэл үйл баримтаас үзвэл Б.******* нь ажиллаж байх үедээ сахилгын зөрчил гаргаж түүндээ сахилгын шийтгэл хүлээж байсан талаар баримт авагдаагүй байна.

Ажил олгогчоос Б.*******г сахилгын зөрчил 2 удаа гаргасан гэдгийг тодорхойлохдоо Баянхонгор сумын ******* даргын тамгын газрын Ёс зүйн хорооны 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр Б.******* нь Байгууллагын дотоод журмын 7.1-заалтын 2.а дахь заалтыг зөрчиж улс төрийн үйл ажиллагаанд оролцсон, байгууллагын ёс зүйн дүрмийн 5.4.4, 5.4.6 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж дүгнэн ажлаас халах арга хэмжээ авах саналыг байгууллагын удирдлагад хүргүүлсэн байна.

Гэтэл Баянхонгор сумын ЗДТГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-2,а-д албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцох нь тухайн ажилтан ёс зүйн зөрчил гаргасанд тооцохоор журамласан байна. Өөрөөр хэлбэл дээрх зөрчлийг хөдөлмөрийн

сахилгын зөрчил бус ёс зүйн зөрчилд тооцож байхаар журамлажээ. Нөгөө талаар Б.******* нь төрийн албаны үйлчилгээний албан тушаалд ангилагдах бөгөөд Баянхонгор сумын багийн даргын сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдсөн нь тэрээр хуулиар олгогдсон эрхээ эдлэж хэрэгжүүлсэн хэлбэр бөгөөд энэ үйлдэлд нь сахилгын арга хэмжээ тооцсон нь үндэслэлгүй юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй   болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохих бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхаар хуульчилжээ.

Б.*******гийн улс төрийн үйл ажиллагаанд оролцсон гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасан ажлаас халах сахилгын ноцтой зөрчилд тооцогдохгүй байна.

Дээрхээс үзвэл Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажлаас халагдах үндэслэл болсон зөрчил гаргасан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд Б.*******г ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоож шийдвэрлэв.

2. Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянахад   

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”,

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******гийн 0453519 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар 2016 оны 9-11  саруудад тэрээр 380041 төгрөгийн үндсэн цалин авч байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо түүний үндсэн цалин болох 380041 : 21.5 /ажлын хоног/ = 17676 төгрөг/нэг өдрийн цалин/ өөр тооцох нь зүйтэй байна.  

Улмаар нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 56 хоногийн цалин 989856 төгрөгийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* даргын тагын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ шаардлагаас 150144 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЗДТГ-т даалгах нь зүйтэй гэж үзлээ.  

3. Өмгөөллийн хөлс 300.000 төгрөг гаргуулах шаардлагыг хянан уг шаардлагыг шүүх хангахгүй хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь дээрх өмгөөллийн хөлс нь Б.*******г ажлаас үндэслэлгүй халсанаас гарах ёстой зайлшгүй хохирол төлбөрт хамаарахгүй бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжид хууль эрх зүйн болон өмгөөллийн туслалцаа хүсэгч нь энэ эрхээ сайн дураар эдлэх, эддэхгүй байх эрх нь нээлттэй байхаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* өмгөөлөгч авах эсэх нь түүний эрхийн асуудал тул түүнтэй холбоотой төлбөр хөлсийг хариуцагч этгээдээс шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болно. Харин ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөллийн хөлс нэхэмжилсэн шаардлагад төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж , нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Зохигчдын хүсэлтээр асуугдсан гэрч Б.Даваажаргал, Э.Мөнхтуяа нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Б.******* нь ажлын байран дээр бусадтай зүй бус харьцдаг, биеэ зохисгүй авч явдаг, ёс зүйн зөрчил гаргаж урьд сануулах арга хэмжээ авагдаж байсан талаар гэрчилж мэдүүлсэн боловч дээрх мэдүүлэг нь хөндлөнгийн баримтаар давхар нотлогдохгүй байх бөгөөд, нэхэмжлэгчийн хувийн зан харилцааны доголдлын талаарх тайлбар нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн буюу гэм буруутай үйлдэл эс үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардан гаргуулах эрх нь нээлттэй болохыг дурдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон       

  ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* даргын тамгын газрын даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.*******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* даргын тамгын газрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 989.856 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаас 150144 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* даргын тамгын газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар 17120 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 93506 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод 70200 төгрөгийг оруулж, нэхэмжлэгчид 28306 төгрөгийг олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар өгсөн дууны бичлэг бүхий CD-ийг хэрэгт үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ