Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2021/0222/Э |
Дугаар | 2021/ШЦТ/240 |
Огноо | 2021-04-01 |
Зүйл хэсэг | 20.17.1., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/240
2021 04 01 2021/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Н.Булганчимэг,
******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Г-ын Н-д холбогдох эрүүгийн 2109 00000 0142 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 86-Б тоотод оршин суух хаягтай, Урьд,
-Ховд аймгийн шүүхийн 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,
-Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Г-ын Н, /РД:ТЮ00000000/,
2. Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 86-Б тоот гэртээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд “Тэмүүжин Тэмүүжин” гэх фейсбүүк хаягаар буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор өөрийн хаан банкны 5032484272 дугаартай дансыг байршуулан, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин тоглогддог, мөрийтэй тоглоом зохион байгуулан иргэдээс 4.128.000 төгрөгийн бооцоо цуглуулж, 3.365.000 төгрөгийг буцаан өгч 763.000 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 86-Б тоот гэртээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд “Тэмүүжин Тэмүүжин” гэх фейсбүүк хаягаар буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор өөрийн хаан банкны 5032484272 дугаартай дансыг байршуулан, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин тоглогддог, мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Тэмүүжин Тэмүүжин” гэх хуурамч фейсбүүк хаяг нээн тухайн хаягаараа шууд цахим бичлэг хийж хөзрөөр мөрийтэй тоглоом тоглуулсан. Намайг фейсбүүк ухаад байж байхад өчнөөн хүмүүс ингэж тоглуулаад байхаар нь би зүгээр байж байхаар өөрөө тоглуулж үзье гэж бодоод өөрөө зохион байгуулж тоглуулж эхэлсэн. Энэ тоглолтыг би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан. Дээрх үйлдлийг би хууль бус гэж мэдээгүй, зүгээр зугаагаа гаргах зорилгоор тоглож үзсэн. Би тухайн тоглоомыг тоглуулаад хэчнээн төгрөгийн ашиг олсон гэдгээ сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/-р тал,
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-20/-р тал,
Г Н гэсэн Хаан банкны 0000000000 дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон тухайн дансны хуулга /хх-ийн 41-60/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг гэрч, яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас асуусан “...Таныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрч байна уу...” гэх асуултад “...Хүлээн зөвшөөрч байгаа гэж...”,
Даргалагчаас асуусан “...Таныг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болох уу...” гэх асуултад “...Хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус хариулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлсэн дээрх мэдүүлгүүдийг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдоогүйн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр, шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэв.
Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч *******г мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бодит хохирол шаардахгүй, хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хуулиар хамгаалах эрх, ашиг нь олон нийтийн ашиг, сонирхол, мөрийтэй тоглоомын талаар хуулиар тогтоосон журам байдаг.
Хэдийгээр тухайн гэмт хэргийн улмаас хэн нэгэнд шууд бодит хохирол учраагүй ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж, Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж, шууд шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *******-гийн тухайд мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөртөө нийт 763.000 төгрөгийн орлого олсон болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт даргалагчаас асуусан “...Таныг нийт 763.000 төгрөгийн ашиг олсон гэсэн байна, үнэн үү...” гэх асуултад “Үнэн” гэх хариулт болон, хавтас хэрэгт авагдсан түүний дансны хуулга зэргээр хангалттай нотлогдсон байна.
Иймд, шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангах үүднээс шүүгдэгч *******-гээс гэмт хэрэг үйлдэж, олсон ашиг орлогод тооцон нийт 763.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагын талаар “...Торгуулийн ял эсвэл, албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн санал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г-ын Н-г мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 763.000 /Долоон зуун жаран гурван мянга/-н төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР