Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1183

 

МАГАДЛАЛ

2017.05.19                                              Дугаар 1183                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00888 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Отгонсайхан, Л.Цэцгээ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 40 974 833 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч С.Отгонсайхан, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: С.Отгонсайхан, Л.Цэцгээ нар 2015 оны 04 сарын 23-ны өдөр 2105006877 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 40 000 000.00 төгрөгийн зээлийг Бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 37.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар              40 974 833.41 төгрөгийн өртэй болоод байна. С.Отгонсайхан, Л.Цэцгээ нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд 2105006877 тоот зээлийн гэрээний 4.2.3-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 33 576 622.88 төгрөг, 7 275 088.72 төгрөгийн үндсэн хүүний үлдэгдэл, 111 621.81 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл, нийт 40 963 333.41 төгрөг, 11 500 төгрөгийн нотариатын зардал, нийт    40 974 833.41 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. С.Отгонсайхан, Л.Цэцгээ нарын зээлийн барьцаанд буй Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Төв гудамж 11Б тоотод байрлалтай, Ү-2204019830 дугаартай, 376 м.кв талбайтай хувийн сууц, граж, Ү-2204019830 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Ариг банк” ХХК-тай хийсэн “Зээлийн гэрээний” зээл төлөх график хэдийгээр зөрчигдөж байгаа боловч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй улс орны эдийн засгийн хямрал, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлөөр арга буюу зээл төлөх графикаа зөрчсөн боловч 2016 ондоо багтаан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлж гэрээгээ цааш үргэлжүүлэх саналтай байна. “Ариг банк” ХХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний 2.5 дахь заалт болон 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Ариг банк” ХХК болон иргэн С.Отгонсайхан Л.Цэцгээ нарын хооронд хийгдсэн “Зээлийн барьцааны гэрээний” 3.1.2, 4.1, 4.2 дахь заалтууд Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 “...Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна...” гэж заасан байх тул “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн "Ариг банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 1.16.5, 1.16.6, 2.5-р зүйл 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 2105006877 тоот барьцааны гэрээний 3.1.2 дахь заалтууд нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, 44.4 “...Дараахь барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно...” “44.4.1 ...газар..., 44.4.2 улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу бүртгүүлвэл зохих үл хөдлөх хөрөнгө болох түүх, урлаг, соёлын үнэт зүйлс...” гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 56.1 дараахь хэлцэл хүчин төгөлдер бус байна, 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл...” гэсэн байх тул “Ариг банк” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Ариг Банк” ХХК-иас хариуцагч иргэн С.Отгонсайхан Л.Цэцгээ нартай байгуулсан “Зээлийн гэрээ” болон “Зээлийн барьцааны гэрээ” нь холбогдох хуулийн хүрээнд нотариатачаар гэрчлүүлэн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон “Зээлийн гэрээ”-ний 1.16.5, 1.16.6, 2.5 дахь заалтууд “Зээлийн барьцааны гэрээ”-ний 3.1.2 дахь заалтууд нь Иргэний хуулийн 171.3 дахь хэсэгт заасантай өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдоогүй байна. Харин “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаааны тухай хууль”-ийн 41 дгээр зүйл /Үүргийн гүйцэтгэлийг шаардах/-ийн 41.1, 41.2, 43 дугаар зүйл, 44 дүгээр зүйл, 45 дугаар зүйлд тус тус заасанд нийцсэн өөрөөр хэлбэл хуулиар зөвшөөрөгдсөн харилцаанд хамаарч байна. Эдгээр харилцаа нь Иргэний хуулийн 171.3-т заасан "...хуульд өөрөөр заагаагүй бол...” гэж заасны хүрээнд өөрөөр хэлбэл “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль”-д өөрөөр заасан учраас уг хуульд зааснаар зохицуулагдаж буй харилцаа юм. Хэдийгээр хууль болоод талуудын хооронд байгуулсан гэрээнд зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон тохиолдолд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө /газраас бусад/-ийг шүүхээс гадуур худалдах эрх гэрээний талуудад үүсч байгаа ч банк асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байгаа нь зээлдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, банкнаас зээлдэгчийг зээлийн гэрээний үүргийг нь биелүүлүүлэхээр шаардахад хийгдэх шаардлагатай хууль болоод гэрээнд заасан бүхий л ажиллагаануудыг хийсэн ба зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд банкнаас шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байх үед нийт 122 хоног өнгөрөөд байсан болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь хууль болон гэрээнд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Отгонсайхан, Л.Цэцгээ нараас 40 974 833 төгрөгийг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс “Ариг банк” ХХК-ийн зээлийн гэрээг цуцлуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Отгонсайхан, Л.Цэцгээ нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 20-р хороо, төв гудамж, 21б тоотод байрлах 376 мкв бүхий хувийн сууц, гараж, 700 мкв талбай бүхий газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар С.Отгонсайхан, Л.Цэцгээ нарын Ариг банк ХХК-тай байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 824 төгрөгийг, С.Отгонсайхан, Л.Цэцгээ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Отгонсайхан, Л.Цэцгээ нараас   362 824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Отгонсайхан, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-д “...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэж үзэж байна. Учир нь би иргэний төлөөлөгч Б.Наранхүүгээс татгалзах гол үндэслэл нь өөрийн биеэр нэхэмжлэгч тал болох "Ариг банкны" хүмүүсээс шүүх хуралд яагаад зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг удаа дараалан өмчлөгчийг солиж "Ариг банкинд" шилжүүлэхийг шаардаж шахалт үзүүлсэн болон, зээлийн барьцаалбарыг хэрхэн хэзээ яаж хийсэн, бидний гарын үсэг мөн эсэхийг тодруулж асуух ёстой байсан гэтэл шүүх хурал эхлэх өдөр нэхэмжлэгч тал утсаар "хурал маргааш болтол хойшилсон" гэж худал утсаар надад худал мэдэгдэж миний оролцох эрхийг ноцтой зөрчлөө харин өмгөөлөгч маань уг шүүхийн байранд ажлын байртай тул шүүх хуралд амжиж оролцсон байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан заахдаа “...зээлийн гэрээний 1.16.5-д гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулахаар 1.16.6-д барьцааны зүйлээс үүргийг шүүхээс гадуур хангуулахаар заасан байна. Барьцаалуулагч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд барьцаалагч нь өмчлөгчийнхөө хувьд өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй, мөн худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийн хангах үүрэгтэй тул гэрээний эдгээр заалтууд нь Иргэний хуулийн 171.3 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.4-д заасан зохицуулалтуудад хамааралгүй байна. Зээлийн гэрээний 2.5-д гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцалсан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг үл маргах журмаар банкны мэдэлд шилжүүлэх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулахад хамтран ажиллах үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 171.3-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Харин зээлийн гэрээний 2.5 Барьцааны гэрээний 3.1.2-д Банк нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдахаар заасан нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.4-д заасныг зөрчсөн тул тухайн заалтууд хүчин төгөлдөр бус байна. Эдгээр заалтууд хүчин төгөлдөр бус байгаа нь "Зээлийн гэрээ" болон "Барьцааны \ипотекийн\ гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм... заасан заалтуудыг тайлбарлахдаа хуулийг буруу хэрэглэж буруу тайлбарласан гэж үзэж Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь заалт болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасаны дагуу Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-ийг зөрчсөн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь хариуцагч С.Отгонсайхан, Л.Цэцгээ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 973 833 төгрөг гаргуулж, гэрээг цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг зохигчид эс зөвшөөрч маргажээ.

“Ариг банк” ХХК болон С.Отгонсайхан, Л.Цэцгээ нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчид 40 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор тохиролцож зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төв гудамжны 21б тоот, 376 м.кв талбай бүхий орон сууц, гарааш болон 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалж барьцааны гэрээг тус тус байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 16 700 900 төгрөгийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан байна.

Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан тул гэрээнүүд хүчин төгөлдөр гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч С.Отгонсайхан, Л.Цэцгээ нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй, энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгсөн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.3-т зааснаар зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба гэрээг цуцлах хүртэл хугацаан дахь үндсэн зээлийн үлдэгдэл 33 576 622,88 төгрөг, үндсэн хүү                 7 275 088,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111 621,81 төгрөг, нотариатын зардалд 11 500 төгрөг нийт 40 974 833 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүргийг хүлээх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Мөн шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Учир нь барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох эд хөрөнгийг албадан худалдаж үнээс төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00888 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 826 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА

                ШҮҮГЧИД                            С.ЭНХТӨР

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ