Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00042

 

ИШ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01086 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн 1749 дугаар магадлалтай,

ИШ ХХК-ийн нэхэмжлэлтэй

БСШУСЯ-, ХХААХҮЯ-анд тус тус холбогдох, 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 427.882.391 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч БСШУСЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч ИШ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай "Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоол"-оор ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дарга асан Х.Золжаргал тендер будилаантуулан 7 компани шалгаруулсан байдаг. 2013 оны Боловсрол шинжлэх ухааны яамны 4/3991 дүгээр албан бичгээр Аймаг, Нийслэлийн боловсролын газрын дарга нарт аж ахуй нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулах чиглэл өгсөн бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Засгийн газрын 120 дугаар тогтоолын 186.5-д заасны дагуу ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчийн дүрэмт хувцасны дүрмийг баталж, хэрэгжүүлэхийг Боловсрол,соёл, шинжлэх ухааны яаманд даалгасан байдаг. Уг тогтоолд нийцүүлэн гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар энэхүү актын хэрэгжилтэд зөвхөн "хяналт тавьж, арга зүйн дэмжлэг үзүүлэх"-ийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгт даалгасан. Гэтэл Д.Эрдэнэчимэг 4/3931 тоот акт гаргаж Засгийн газрын тогтоол болон Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын А/179 тоот тушаалыг зөрчиж хяналт дэмжлэг үзүүлэх үүргээс гадуур Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллахыг бие даан шийдвэрлэж улмаар Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт зөвхөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн 7 аж ахуй нэгж байгууллагуудтай ерөнхий боловсролын сургуулиудыг гэрээ байгуулахыг даалгаж илт хууль бус захиргааны акт гаргаж, үүний улмаас "Оёдлын нэгдсэн холбоо" ТББ-ын нэр бүхий 7 компаниас өндөр үнэтэй дүрэмт хувцасаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг формжуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2013 оны 01/2693 дугаар актаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэх борлуулах хөнгөлөлттэй зээлд хамрагдах давуу байдлыг 7 компанид өгч Засгийн газраас 9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зөвхөн тэдгээр компанитай гэрээ байгуулахыг тулган бусад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг зах зээлгүй болгож өрсөлдөөнийг хязгаарлан цөөн тооны компанид илт давуу байдал олгосноос "ИШ" ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг хааж ерөнхий боловсролын сургуулиудтай байгуулсан гэрээ цуцлагдахад хүрсэн. ИШ ХХК-иас энэ маргааныг шийдвэрлэх зорилгоор Боловсрол соёл шинжлэх ухаан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамуудад мэдэгдэл мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан боловч амжилт олоогүй учир Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 204 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931дүгээр албан бичиг, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар захиргааны актыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан гарсан эд хөрөнгийн хохирлыг арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд ИШ ХХК-ийн 2012-2013 оны хичээлийн жилд дүрэмт хувцсаар хангах хамтын ажиллагааны гэрээний дагуу үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас тус компанийн агуулахад хураалгаастай байна. Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулах зорилгоор 2007 оноос хойш банкнаас богино хугацааны зээл авч тухай бүрт нь төлж байгаад энэхүү хууль бус актын улмаас 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 236 тоот ИШ ХХК-ийн Төрийн банкнаас авсан 100.000.000 төгрөгийн зээл, гүйцэтгэх захирал И.Төмөрбаатар түүний эхнэр Ж.Эрдэнээ нар хамтран компанийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 13/487 тоот одоогийн Төрийн банкнаас авсан 250.000.000 төгрөгийн зээл, охин Т.Буяннэмэхийн нэр дээр авсан цалингийн зээл түүний хүү, хүүгийн алдагдал, торгууль зэргийг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс хойш төлөх боломжгүй болж өр төлбөрт орсон. Иймд И.Төмөрбаатар, охин Т.Буяннэмэх нарын авсан зээл ИШ ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан нь зээл авсан тухайдаа хувьцаа эзэмшигчийн дансанд шилжүүлсэн хуулгаар нотлогддог. Иймд 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын дүрэмт хувцсаар хангах хамтын ажиллагааны гэрээний дагуу 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдвэрлэсэн дүрэмт хувцас 7510 ширхэг хос, 1.561 ширхэг дан дүрэмт хувцасны хохирол нийт 332.595.000 төгрөг, ИШ ХХК хуучнаар Хадгаламж банк одоогийн Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 100.000.000 төгрөгийн зээлийн болон нэмэгдүүлсэн хүү 5 904 472,11 төгрөг, охин Т.Буяннэмэхийн авсан зээлийн хүү 14.592.900 төгрөг, Ж.Эрдэнэ, И.Төмөрбаатар нарын Төрийн банкнаас авсан 250.000.000 төгрөгийн зээл болон нэмэгдүүлсэн хүү 93.493.391.46 төгрөг, нийт 426.088.391.46 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Чингис бондын зээлд хамрагдах хүсэлтийг ИШ ХХК гаргасныг банкинд хүргүүлсэн боловч зээл олгоогүй. 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн A/76, А/36 тоот Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын удирдамжийн дагуу Оёдлын үйлдвэрүүдийг аттестатчилж, үйл ажиллагаатай нь танилцаж, жижиг үйлдвэрүүдийг техник, хүн хүч, олон жилийн туршлагаар нь ангилж жижиг үйлдвэрүүдийг кластраар хоршин ажиллах боломжтой талаар санал боловсруулан Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд танилцуулж үлдэгдэл хувцастай 5 компанийн үлдэгдэл хувцасны тоо хэмжээг танилцуулж, эдгээр хувцасыг борлуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Оёдол, сүлжмэлийн үйлдвэрүүдийг оролцуулсан хурал зохион байгуулж, үйлдвэрлэгчдийг цаашид кластраар хоршин үйлдвэрлэлд оролцуулах боломж олгосон. Энэ хуралд ИШ ХХК-ийн захирал И.Төмөрбаатар оролцсон. Иймд Аж үйлдвэрийн яамны дарга асан Х.Золжаргал тендер будлиантуулан өөрийн шахааны 7 компанийг шалгаруулсан гэдэг нь үнэнд нийцэхгүй. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас ИШ ХХК-ийг үйлдвэрлэлд оролцох санал тавьсан, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд дүрэмт хувцасыг борлуулах боломжийг ханган ажиллах талаар санал хүргүүлсэн зэрэг ажлуудыг тус яамнаас хийсээр байтал уг компани өөрсдөө оролцохыг хүсээгүй, эсэргүүцэн тэмцэж байсан нь бичлэгээр нотлогдоно. Оёдлын нэгдсэн холбооны үйлдвэрүүдтэй ч уулзаж хамтран ажиллах санал тавьсныг гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой байна. ИШ ХХК-ийн 2012 оны гэрээгээр нийлүүлэхээр тохирсон сурагчийн дүрэмт хувцасны үлдэгдэл 332 595 000 төгрөгийн нэхэмжлэл үндэслэлгүй. Үүнд: 1. ИШ ХХК-ийн борлогдоогүй хувцас 2013 оноос өмнөх хувцас болох нь 2012-2013 оны "Сурагчдыг дүрэмт хувцасаар хангах, хамтын ажиллагааны гэрээ"-гээр нотлогдож байгаа бөгөөд шинэ загварын дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн асуудал 2012-2013 оны хичээлийн жил дууссаны дараа буюу Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад заасан ба 2013 оны 7 дугаар сараас эхлэн үндэсний үйлдвэрүүд үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр нэхэмжилж буй борлогдоогүй хувцас өмнөх оных болох нь гэрээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч тал сургуулиудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар тайланг хэрэгт гаргасан байна. Үүнд: 2006-2007 онд 19 сургууль-11479 ш буюу 98,57%, 2007-2008 онд 30 сургууль-16798ш 107,83%, 2008-2009 онд 37 сургууль-12132ш 116,78%, 2009-2010 онд 35 сургууль-14042 ш 102,76%, 2011-2012 онд 39 сургууль-14895ш 117,9%, 2011-2012 онд 38 сургууль-13546ш 103,97%, 2012-2013 онд 32 сургууль-14282 ш, 108,13%-иар гэрээгээ биелүүлсэн талаарх тайлбарыг дэлгэрэнгүйгээр Ж.Эрдэнэ гаргаж тамга тэмдэгээр баталгаажуулан өгсөн нь хэргийн 33, 98, 108, 120, 131, 142, 2 хавтасны 48 талуудад авагдсан нь үлдэгдэл бүтээгдэхүүнээ борлуулсан нь нотлогддог. Нэхэмжлэгчийн үлдэгдэл хувцас 2012 онд хамааралтай, нийлүүлэгч ИШ ХХК захиалагч буюу сургуультай байгуулсан гэрээ байна. Хэрэв Сурагчдыг дүрэмт хувцасаар хангах, хамтын ажиллагааны гэрээний 3 дугаар зүйлд зааснаар талууд гэрээний хариуцлагаа хүлээх бөгөөд үүнд яам хамааралгүй. Ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, томилсон болон халагдсан тушаалгүй. 2013 оны жилийн эцсийн тайланд "2012-2013 оны гэрээний биелэлтийг жагсаалтаар гаргаж нийт 32 сургуультай 13208ш хувцасны гэрээ хийж 14282ш хувцасыг борлуулж 108,13% биелүүлсэн гэж тайлагнасан мөртлөө 2013 оны Санхүүгийн тайланд орлогоо тусгаагүй нь орлого нуусан үйлдэл гэж үзэж байна. 2013 оны балансад 4,7 сая төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн, ажилчдын цалинд 18,6 сая төгрөг нийт 23,3 сая төгрөг 2014 оны баланс байхгүй. 2015 онд 15.200.000 төгрөг төлсөн, нийгмийн даатгалын шимтгэл 100.000 төгрөг 2013 оны Санхүүгийн тайлангийн тодруулгын Бараа материал хэсэгт Түүхий эд материалын эцсийн үлдэгдэл гэж 258 242 203 төгрөгийг хангамжийн материал гэж 236 350 төгрөг нийт 258.478.553,63 төгрөг гэж тайлагнасан. Ажилчдаа сул зогсолт олгосон нь тайланд тусгагдаагүй нь баримтаар нотлогдохгүй. 2012 оны үлдэгдэл хувцасаа борлуулсан нь нотлогдсон, нэхэмжилсэн дүн 9268 ш хувцасанд 385.769.650 төгрөг байхад, 2012 онд 14282 ш хувцас борлуулсныг тухайн компанийн бүтээгдэхүүний хамгийн доод үнэ 43 000 төгрөгөөр тооцоход 614.40 төгрөгтэй тэнцэнэ гэж үзвэл тус компани өрөнд орохгүй. 2013 оны 7 дугаар сараас эхлэн явагдсан төрийн бодлогын цаг хугацаатай тохирохгүй байгаа зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй. 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-нд 100.000.000 төгрөгийн зээл нь 3 жилийн хугацаатай иргэн И.Төмөрбаатар, Ж.Эрдэнэ нар хамтран авсан нь тус компанийн зээл биш болох нь нотлогдож байна. Тус компани сургуулиудтай байгуулсан гэрээгээ 100 хувиас дээш давуулан биелүүлж байснаа нотлох баримтаар ирүүлсэн ба И.Төмөрбаатар, Ж.Эрдэнэ нар зээл авснаас хойш 2013 оны 7 cap хүртэл хугацаанд гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүнээ борлуулж, 108,13% биелүүлсэн нь зээлээ төлөх бүрэн боломжтой нь дансны хуулгаар нотлогдож байна. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн банкнаас авсан 250.000.000 төгрөгийн зээлийн хүү 73.590.019,35 төгрөг мөн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "СБЛЦ" ББСБ-аас авсан 40.000.000 төгрөгийн зээлийн хүү 14.592.900 төгрөгийг ИШ ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан зээлийн гэрээ байхгүй, хувь хүний асуудал тул төрд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч БСШУСЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ИШ ХХК-иас хүсэлт болгосны дагуу Нийслэлийн Боловсролын газар тус компаний дүрэмт хувцсаа борлуулах үндсэн нөхцлийг хангах зохион байгуулалтыг 2013 онд төдийгүй 2014, 2015 онд нээж өгсөн. Гэхдээ 2013 онд ИШ ХХК-тай адил нөхцөлтэй, бэлэн дүрэмт хувцасны үлдэгдэлтэй байсан 5 аж ахуйн нэгжүүдээс ИШ ХХК-иас өөр аль ч аж ахуйн нэгж үлдэгдэл хувцас борлуулахтай холбоотой ямар нэг хүсэлт тус яаманд 2014 оноос хойш ирүүлээгүй. Тус яамнаас албан хэрэгцээний шаардлагаар эдгээр 5 аж ахуйн нэгжийн 3 нь болох Батзүү компани үлдэгдэл дүрэмт хувцсаа давуулан борлуулж 122.2 хувийн гүйцэтгэлтэй буюу 13083 дүрэмт хувцас, Энхзүр компани 97.2 хувийн гүйцэтгэлтэй 795 хувцас, ИШ компани 51,5 хувийн гүйцэтгэлтэй буюу 4772 дүрэмт хувцас борлуулсан байна. Дээрхээс үзэхэд ИШ ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 2012-2013 оны хичээлийн жилд үйлдвэрлэсэн хос 7589, дан 2450 ширхэг сурагчийн дүрэмт хувцас компаний агуулахад хураалгаастай байгаа, орлогогүй, зах зээлгүй болсон гэсэн нь үнэнд нийцэхгүй бөгөөд шүүхэд худал мэдээлэл өгсөн хэрэг болж байна. Шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөх нь хууль зүйд нийцэх эсэхийг шүүх анхаарах нь зүйтэй. Д.Эрдэнэчимэгийн гаргасан гэх албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус захиргааны акт биш бөгөөд хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас эрхлэх үндсэн чиг үүргийн хүрээнд орон нутгийн боловсролын байгууллагуудад явуулсан тус яамны албан мэдээлэл болно. Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 4/3931 тоот бичигтэй холбоотой нэхэмжлэлийг 3 шатны шүүх хянан үзэж эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрээр энэхүү албан бичгийг хүчингүй болгоогүй, харин албан бичгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн магадлалыг хүчингүй болгосон. Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолын хавсралтын 186.5 дугаар заалтад нэхэмжлэлд дурдсан "ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дүрэмт хувцасны дүрмийг баталж, хэрэгжүүлэхийг БСШУЯ-д даалгасан" утга, агуулгатай заалт байхгүй. Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч талд ямар нэгэн гэм хор учирсныг тогтоогоогүй, хохирол төлөх талаар даалгасан, үүрэг болгосон шийдвэр гараагүй. Иймд "ИШ" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01086 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам болон ХХААХҮЯ-наас 427.882.391 төгрөг гаргуулах тухай ИШ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИШ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.297.362 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн 1749 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.297.363 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй, хоорондоо зөрүүтэй нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэн дүгнэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцээгүй гэж үзэж байна. Үүнд Анхан шатны шүүх "...2013-2014 оны хичээлийн жилд ИШ ХХК-аас Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургууль 25 ширхэг, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд 2388 ширхэг, Билгүүн номч бүрэн дунд сургууль 3 ширхэг, 24 дүгээр сургууль 202 ширхэг, 5 дугаар сургууль 61 ширхэг, 50 дугаар сургууль 16 ширхэг, 117 дугаар сургууль 48 ширхэг, 39 дүгээр сурууль 12 ширхэг, 2014-2015 оны хичээлийн жилд 24 дүгээр сургуульд 19 ширхэг, 5 дугаар сургууль 32 ширхэг, 1, 17 дугаар сургууль 153 ширхэг, 37 дугаар сургууль 728 ширхэг, 39 дүгээр сургууль 10 ширхэг, 2015-2016 оны хичээлийн жилд 5 дугаар сургууль 2 ширхэг, 37 дугаар сургууль 13 ширхэг нийт 3792 сурагчийн дүрэмт хувцас худалдан авсан талаар баримт хэрэгт авагдсан байна...” хэмээн дүгнэж, энэ нь шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болгосон байдаг. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017 оны хичээлийн жилд өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр худалдан борлуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тухайн баримт иь нэхэмжлэгч компанийн санхүүгийи тэмдгээр баталгаажсан гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлтийг зөв гэж үзсэн нь хэрэгт цугларсан баримтуудад нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төлөөлөгч П.Нямхүүгээс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурьдсан дээрх нотлох баримтуудыг гарган өгсөн байдаг. Хариуцагчийн төлөөлөгч эдгээр нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ИШ ХХК нь нийт 4772 ширхэг дүрэм хувцас борлуулж үлдэгдэл хувцасныхаа 51.5 хувийг борлуулсан, яамны зүгээс үлдэгдэл хувцсаа борлуулахад зохих дэмжлэгийг үзүүлсэн..." гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч БСШУЯ-ны төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар болон нотлох баримтууд нь бодит байдалд нийцэж байгаа эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлаж үзээгүй. Тухайлбал нэхэмжлэгч хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилүүдэд борлуулсан сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын тайлан болон холбогдох баримтыг шүүхэд гарган өгсөн. Түүнчлэн энэ асуудлаар нийслэлийн ерөнхий боловсролын 5, 24, 29, 50, 57, 60 дугаар дунд сургуулийн нийгмийн ажилтнуудын тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудад дурьдсан тоо нь хариуцагчийн тайлбарт дурьдсан болон шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурьдсан “3792” гэсэн тоотой илтэд зөрүүтэй байдаг. Жишээлбэл: БСШУЯ-ны төлөөлөгчийн гарган өгсөн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 48 дугаар дунд сургуулийн мэдээнд "...2013-2014 оны хичээлийн жилд худалдан авалт хийлгүйгээр 2-11 дүгээр ангийн 1449 сурагчид “ИШ” ХХК-ны хуучин дүрэмт хувцасаа өмсөж байгаа болно. гэсэн байхад анхан шатны шүүх үүнийг шинээр дүрэм хувцас худалдан авсан мэтээр дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын үндэслэлд дурьдсан тооны зөрүүтэй холбоотой тайлбар, үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцүүлэн шалгаж, тогтоолгүйгээр хэт ерөнхий, хийсвэр дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч 2013 оны тооллогоор үлдсэн 385.769.000 төгрөгний үнэ бүхий 9268 хос, 2196 дан дүрэмт хувцаснаас 1758 хос, 635 дан хувцас борлуулсан талаарх тооцоог гарган өгч, нэхэмжлэлийн шаардлагаа одоо борлогдоогүй байгаа 7510 ширхэг хос, 1561 ширхэг дан дүрэмт хувцасны үнэ болох 332.595.000 төгрөгөөр тооцсон болохоо шүүхэд хангалттай тайлбарласан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2013-2014, 2014-2015, 2015-2016 оны хичээлийн жилд тодорхой тооны дүрэмт хувцас борлуулсан, ийнхүү борлуулсан үндэслэлийг тодорхой тайлбарласан байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх "...2013 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө үйлдвэрлэгдсэн сурагчийн дүрэмт хувцасны үлдэгдлийг нэхэмжлэгч нь 7589 хос гэж тодорхойлсон, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний байдлаар үлдэгдэл хувцасны тоо 9268 хос гэж тоологдсон, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн М2016/21 тоот албан бичигт 2013 оны 5 дугаар сарын 01-иий байдлаар сурагчийн дүрэмт хувцас 7505 хос, 1561 ширхэгээр зарагдах үлдэгдэл байгаа...” гэж хэрэгт цугларсан баримтуудад өөр, өөрөөр бичигдсэн байгаа тооны ялгааг зөв ялгаж, тодруулалгүйгээр бодитой бус дүгнэлт хийсэн. Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1.9-т зааснаар сурагчийн дүрэмт хувцасны загварыг аймаг, нийслэлийн боловсролын газар тогтоох ёстой атал, тухайн үеийн БСШУЯам, ҮХААЯамны зүй бус нөлөөгөөр “сурагчийн дүрэм хувцасны нэгдсэн загвар”-ыг аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүчээр тулган нэг ижил өнгө, загварын сурагчийн дүрэмт хувцасны загварыг батлуулан мөрдүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр нотлогдсон. Хариуцагч нар өөрсдөө ч сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загварыг аймаг, нийслэлийн боловсролын газар батлаагүй, яам өөрөө баталсныг хүлээн зөвшөөрдөг талаар захиргааны хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Уг сурагчийн дүрэм хувцасны нэгдсэн загвараар дараах хоёр шаардлага тавигдсан байдаг. Дүрэмт хувцасны өнгө нь хар хөх байх, ахлах ангийн сурагчийн өмд, юбканы өнгө саарал байх бүх сурагчид нэг загварын дүрэмт хувцас хэрэглэх, сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг Монгол улсад анх удаа батлан гаргах шийдвэр гарахаас өмнө үндэсний үйлдвэрлэгчид, үүний дотор нэхэмжлэгч ИШ ХХК нь өөрсдийн загвараар сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэдэг байжээ. Тус компанийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас нь өнгөний хувьд ихэнх нь, загварын хувьд бүгд шинээр батлагдсан сурагчийн дүрэмт хувцаснаас өөр байгаагаас шалтгаалан тус компанийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцсыг хэрэглэх боломжгүй болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хариуцагч яамдын холбогдох албан тушаалтнуудын хууль бус захиргааны актаар “сурагчийн дүрэм хувцасны нэгдсэн загвар" бүхий дүрэмт хувцасыг хэрэглэх үүрэг, чиглэлийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт өгснөөр ерөнхий боловсролын сургуулиуд 2013-2014 оны хичээлийн жилд нэгдсэн загварын дүрэмт хувцас хэрэглэх болсон тул дахин “ИШ” ХХК-тай гэрээ байгуулах, гэрээ байгуулсан сургуулиуд тус компанийн дүрэмт хувцасыг сурагчиддаа хэрэглүүлэх боломжгүй болсон талаарх үйл баримт Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийгн 99 дүгээр шийдвэрээр тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүхийн "...нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагчаас ИШ ХХК-ийн үлдэгдэл сурагчийн дүрэмт хувцсыг зах зээлд борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн...” гэсэн дүгнэлт, давж заалдах шатны шүүхийн "...Нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй...” гэсэн дүгнэлт нь тус тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болжээ. ИШ ХХК нь 2005 оноос хойш сурагчийн дурэмт хувцас үйлдвэрлэх, импортлох уйл ажиллагааг эрхэлдэг байсан бөгөөд тус компани өөрийн эзэмшлийн оюуны өмчийн гэрчилгээ бүхий 23 загварын дүрэмт хувцасыг оёж үйлдвэрлэдэг байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Боловсролын тухай хуульд 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загвар батлах эрхийг аймаг, нийслэлийн боловсролын газарт олгосон. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтолоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 186 дахь хэсгийн 5 дахь заалтаар  хүүхдийн нас, физиологи болон уур амьсгалын онцлогт тохирсон чанартай материал, технологи, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн дүрэмт хувцасны загварыг баталж 2012-2014 онд хэрэгжүүлэх...“-ээр тусгажээ. Эдгээр хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 3 сараас эхлэн сурагчийн дүрэм хувцас үйлдвэрлэгчид болон ҮХААЯ, БСШУЯ-ны хооронд удаа дараагийн уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан байх бөгөөд сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлахаас өмнө буюу 2013 оны 3 дугаар сард БСШУСайд, ҮХААСайдын хамтарсан тушаалаар “Сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн жишиг загвар сонгох”, “Сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх ханган нийлүүлэх” энэ асуудлын хүрээнд оёдлын үйлдвэрүүдийн хүчин чадлын судалгаа гаргах ажлыг зохион байгуулах ажиллагаа явуулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байсан нь зохигчийн тайлбар, бусад бичгийн баримт болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Уг үйл ажиллагааны дүнд сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загварыг хэрэглэхэд зохих шилжилтийн үе байх шаардлагатай гэдгийг Яам хүлээн зөвшөөрч дүрэмт хувцасны үлдэгдэлтэй байгаа компаниуд, үүний дотор ИШ ХХК-ийн дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилд зэрэгцүүлэн өмсөхийг зөвшөөрөхийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт зөвлөмж болгож байсан ба эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад үндэслэн хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Захиргааны ерөнхий хуулийн 100, 101 дүгээр зүйл, 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт нийцэж байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд бодитойгоор хянан үзэж чадаагүй. Хоёр яам болон мэргэжлийн хяналтын газар, ТББ үйлдвэрлэгч нарын оролцоотойгоор хийгдсэн тооллогоор 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч комианид 9268 хос, 2196 дан дүрэмт хувцасны үлдэгдэлтэй байсан ба нийт үлдэгдэл хувцасны үнийн дүнг 385.769.000 төгрөг гэж тодорхойлсон талаар зохигчид маргаагүй. Түүнчлэн энэхүү иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шүүхээс 2017 оны 5 сарын 22-ны өдөр “ИШ” ХХК-ийн агуулахад үзлэг хийж, тус компанид хадгалагдаж байгаа дүрэмт хувцасны тоог зохигчдын оролцоотойгоор тоолоход 7510 ширхэг хос, 1561 ширхэг дан дүрэмт хувцас хадгалагдаж байгаа нь тогтоогдсон байна. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч баталж “...үлдэгдэл дүрэмт хувцасыг нэг бүрчлэн тоолсныг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байсан. Гэтэл анхан шатны шүүх биетээр байгаа, түүнийг шүүхээс албан ёсоор үзлэг хийж баталгаажүулсан, түүнчлэн шүүхэд маргаан нэхэмжлэл гаргахаас өмнө “ИШ” ХХК-д үйлдвэрлэчихсэн байсан дүрэмт хувцас биетээр байсан талаарх олон баримт хэрэгт байсаар атал “дүрэмт хувцасны үлдэгдэл буюу бодит хохирлын хэмжээг нотлоогүй” гэж, давж заалдах шатны шүүх “...Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хяиан шийдвэрлэх тухай хуулийа 38 дугаар зүйлийп 38.1 дэх хэсэгт эааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй... ” гэж тус тус дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүх өмнөх оны борлуулалтыг үндэслэн 2013-2014 оны хичээлийн жилд борлуулах дүрэмт хувцсыг үйлдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй..." гэж дүгнэхдээ нэхэмжлэгч “ИШ” ХХК-ийн 2011-2013 оны санхүүгийн тайланг үндэслэл болгосон байна. ИШ ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан тоо, үзүүлэлт болон нэхэмжлэгчийн агуулахад хадгадлагдаж байгаа дүрэмт хувцасны тоо, түүнийг тогтоосон үйл баримттай харьцуулсан ямар нэгэн маргаан, тайлбарыг хариуцагчаас урьд нь гаргаж байгаагүй. Аливаа байгууллагын санхүүгийн тайлан үнэн зөв байх шаардлага хуулиар тавигддаг хэдий ч амьдрал дээр хуулиар тогтоосон энэ шаардлагыг зөрчих тохиолдол цөөнгүй гардаг. Татварын хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдлийг өршөөн хэлтрүүлэх талаар төрөөс олон удаагийн шийдвэрийг хууль, тогтоолын хэлбэрээр гаргаж байсан.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд олон этгээдийн оролцоотой, удаа дараагийн тооллогоор тогтоогдсон бодитой байгаа тоо алдаатай санхүүгийн баримт бичигт дурьдагдсан тоон үзүүлэлтэд байгаа эргэлзээтэй асуудлыг нягтлан тодруулалгүйгээр нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралтай хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дутаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд эахирагдах” зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Гэм хорыг нөхөн арилгах үүргийн талаархи хэд хэдэн үндэслэлийг Иргэний хуулийн Тавин хоёрдугаар бүлэгт заасан. Эдгээр үндэслэл тус бүрээр гэм хорыг нөхөн арилгуулах үүргийг тодорхойлохын тулд тухайн үүргийн агуулга, хэмжээний асуудал хөндөгддөг. Иймд Иргэний хуулийн ерөнхий ангийн 228-230 дугаар зүйлийн заалтуудыг гэм хорыг арилгах бүх төрлийн нэхэмжлэл, шаардлагад хамааруулан хэрэглэх шаардлагатай болдог. Анхан болон давж заалдах шүүхүүд Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь хэргийн талаар хууль ёсны шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэх үндэслэл болно. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцаанд хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон. Иймд шийдвэр магадлалд 332.595.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ИШ ХХК нь Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тус тус холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 427.882.391 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ, “хариуцагч нарын хууль бус шийдвэрийн улмаас 2013-2014 оны хичээлийн жилд зориулж үйлдвэрлэсэн 7510 ширхэг хос, 1561 ширхэг дан буюу 332.595.000 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас худалдан борлогдоогүй, түүнчлэн бусдаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 93.493.391.46 төгрөг төлсөн” гэснийг, хариуцагч нар эс зөвшөөрч хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчид бодитоор хохирол учирсан, үүнд хариуцагч нарын буруутай ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 204 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 тоот албан бичгийн 4 дэх хэсэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 тоот сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл зохион байгуулах тухай албан бичгүүдийг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7-д заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон, хариуцагч нар хууль зөрчсөн шийдвэр гаргасныг тогтоосон боловч эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид гэм хор бодитоор учирсан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байна.

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолын дагуу сурагчийн дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор төсөл хэрэгжсэн байх ба үүнээс өмнө сургуулиудад дүрэмт хувцсыг гадаадаас болон өөрөө үйлдвэрлэн нийлүүлж байсан аж ахуйн нэгжид дүрэмт хувцасны үлдэгдэл тоог баталгаажуулах ажил хийгдсэн, үүнд ИШ ХХК-д 9268 ш хос, 2196 ш дан сурагчийн дүрэмт хувцас байсныг зохигч маргаагүй байна.

Эдгээр хувцсыг шинэ загварын дүрэмт хувцастай зэрэгцүүлэн борлуулах талаар Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын  яам арга хэмжээ зохион байгуулж, 2013 оны 05 дугаар сард сургуулиудад чиглэл өгсөн байх бөгөөд үүний дараа хариуцагч нараас аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн албан бичгээс шалтгаалж нэхэмжлэгчийн худалдан борлуулах ажиллагаа бүхэлдээ хаагдсан гэх үндэслэлгүй байна. ИШ ХХК нь 2014-2015 онд дүрэмт хувцаснаас зохих хэсгийг худалдан борлуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Түүнчлэн 2011-2012 онуудад ИШ ХХК үйлдвэрлэл явуулахын тулд зээл авсан, уг зээлийг төлж чадалгүй хугацаа хэтрүүлснээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн  нь хариуцагч нарын үйлдлээс шалтгаалж хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Бусдын хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан нь тогтоогдоогүй, хохирол бодитой нотлогдоогүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хохирлыг арилгах үндэслэл үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн 1749 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.821.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ