Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 494

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Ууганцэцэг,

Хохирогч “Алтан жолоо импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 676 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Б.Гт холбогдох эрүүгийн 1708025790317 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Гэгээнтэн овогт Базаррагчаагийн Б.Г, 1989 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 37 дугаар байрны 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИУ89090311/;

 

Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан жолоо импекс” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13.899.216 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлэн мөнгө дутагдуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг зарлан явуулсан боловч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд: Б.Гын үйлдсэн гэх хэргийн цаг хугацаа, хохирол, хор уршгийн хэмжээ бүрэн тогтоогдоогүй, тус хэргийг хүндрүүлэх ямар шинжээр үйлдсэн зэргийг нарийвчлан шалгаагүй байна. Тодруулбал: "Алтан жолоо импекс" ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2/552 дугаартай албан бичигт “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тооллого хийхэд Н.Б.Г нь нийт 22.480.224 төгрөг дутаасныг тооцоо нийлсэн актаар харилцан баталсан, үүнээс хойш харилцагч нар тооцоогоо барагдуулж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 13.056.136 төгрөгийн өглөгтэй байна. ...” гэж /хх 5/, 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэлд “...тооцоо нийлсэн акт, зарлагын баримт зэргээр нийт 13.899.216 төгрөг...” гэж /хх 7-8/, тооцоо нийлсэн акт гэх баримтад “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлэхэд 15.626.680 төгрөгийг төлөх дутагдалтай. ...” гэж /хх 18/, Б.Гэрэлтуяагийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Г нь манай байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд нийт 22.000.000 гаруй төгрөгийн хохирол учруулаад өнгөрсөн хугацаанд төлж барагдуулаад одоо манай байгууллагад 13.899.216 төгрөгийн хохирол үлдээд байгаа...” гэх мэдүүлэг /хх 49-50/, “Алтан жолоо импекс” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2/125 дугаартай албан бичигт “...Б.Г нь “Алтан жолоо импекс” ХХК-д 11.950.922 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлын үнийн дүн дээр ямар нэгэн өөрчлөгдөх маргаангүй болно” гэж /хх 68/, Б.Гэрэлтуяагийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Б.Г нь манай байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд дутагдал гаргасан ба тооцоо нийлсэн актаар 15.626.680 төгрөгийн дутагдал гарсан нь тогтоогдсон, уг мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлсэн, өөртөө бэлнээр авч зарцуулсан байсан. Тооцоо нийлснээс хойш Н.Б.Г нь хохирлыг бага багаар барагдуулснаар 13.899.216 төгрөгийн үлдэгдэлтэй болсон юм” гэж мэдүүлсэн, Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт "...надад 15.000.000 гаруй төгрөгийн дутагдал гарсан. Уг мөнгөнөөс 8.500.000 төгрөгийг Шинэсар гэгчид зээлсэн байгаа, зарим мөнгийг бараа хүлээлгэж өгсөн байгууллага, иргэдээс авч чадаагүй, үлдэгдэл мөнгийг байрны түрээс, бусад зүйлд зарцуулаад дууссан. 15.000.000 төгрөгийн дутагдлаас, өөрийн ээж, ааваар тэтгэврийн зээл авахуулах, эхнэрээр цалингийн зээл авахуулах, хүүхдийн данснаас мөнгө авах зэргээр төлсөөр одоо 10.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болоод байгаа” гэж мэдүүлсэн. Прокурорын яллах дүгнэлтэд “...“Алтан жолоо импекс” ХХК-нд 13.899.216 төгрөгийн хохирол учирсан...” гэж бичигдэж ирсэн байна. Дээрх байдлаас үзвэл “Алтан жолоо импекс” ХХК-д учирсан гэх хохирлын хэр хэмжээ бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шинжээч томилж, дутагдлын хэмжээ /хохирлын хэмжээ/, дутагдал гаргасан гэх хугацаа нь хэзээ эхэлсэн, үргэлжилсэн, дууссан зэргийг нарийвчлан тогтоож ирүүлэх шаардлагатай байна. Тус хэрэгт дараах баримтууд авагдсан байх тул Н.Б.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгах, “Алтан жолоо импекс” ХХК-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17/27 дугаартай тушаалаар Б.Гыг худалдааны төлөөлөгчийн ажилд томилсон /хх 24/, Б.Гын буюу худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод “...өдөр бүр борлуулалтын орлогоо банкинд тушаах”-аар тусгагдсан /хх 25-29/, “Алтан жолоо импекс” ХХК болон Б.Г нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ /хх 30-31/, Эд хариуцагчийн гэрээ /хх 32/ зэрэг баримтууд авагдсан. Мөн тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяагийн “...Б.Г нь харилцагч байгууллагад бараа түгээж, улмаар тус байгууллагуудаас бэлэн мөнгө авах эрхтэй, уг авсан мөнгөө “Алтан жолоо импекс” ХХК-ийн данс руу шилжүүлэх үүрэгтэй” гэж мэдүүлсэн болно. Б.Г нь мэдүүлэхдээ “дутагдуулсан гэх мөнгийг бусдад зээлсэн, зарим харилцагч байгууллага, иргэдээс авч чадаагүй, мөн өөртөө зарцуулсан” гэх мэтээр мэдүүлсэн тул түүний мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, тодруулбал Шинэсар гэгчид 8.500.000 төгрөг зээлдүүлсэн гэх тул түүнийг олж гэрчээр байцааж, тухайн асуудлыг тодруулахаас гадна мөнгө зээлсэн нь тогтоогдвол уг мөнгийг түүнээс гаргуулах арга хэмжээ авах, мөнгөө авч чадаагүй гэх харилцагч байгууллага, иргэд нь хэн болохыг тогтоох, хэд орчим төгрөгийг авч чадаагүй болох, тэдгээрийг гэрчээр байцаах, мөнгө гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэх. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын явцад хавтас хэрэгт цугларсан баримтуудаар Б.Г нь “Алтан жолоо импекс” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 22.480.224 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 15.626.680 төгрөгийн дутагдалтай үлдсэн болох нь “Тооцоо нийлсэн акт”, зарлагын баримтуудын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогддог. Үүнээс зээлтэй харилцагч нартай тулгалт хийж, бодит зээлийг цуглуулсны дараа 13.899.216 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй үлдсэнээс Б.Гын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу 1.948.294 төгрөгийг хасаж, нийт 11.950.922 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”, “Алтан жолоо импекс” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2/125 дугаартай “...Б.Г нь “Алтан жолоо импекс” ХХК-д 11.950.922 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлын үнийн дүн дээр ямар нэгэн өөрчлөгдөх маргаангүй болно” гэх албан бичиг, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гэрэлтуяагийн “...Б.Г нь манай байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд нийт 22.000.000 гаруй төгрөгийн хохирол учруулаад өнгөрсөн хугацаанд төлж барагдуулаад одоо манай байгууллагад 13.899.216 төгрөгийн хохирол үлдээд байгаа. Б.Г нь 9, 10 дугаар сарын цалин урамшуулал, амралтын мөнгөнд 948.294 төгрөг, анх ажилд ороход барьцаа гэж 1.000.000 төгрөг, нийт 1.948.294 төгрөгийг манай байгууллагын зүгээс Б.Гт өгөх ёстой. Үүнийг Б.Гын манай байгууллагад төлөх ёстой мөнгөн дүн болох 13.899.216 төгрөгөөс хасаж, 11.950.922 төгрөгийн хохирлыг Б.Г нь учруулсан бөгөөд өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч манай байгууллагад хүсэлт гаргаж, тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан..." гэх мэдүүлэг, Б.Гын "...Үүнээс зарим нэг байгууллагуудаас мөнгийг нь авч өгч, одоогоор 11.950.922 төгрөгийн хохирол учирсан байгаа. ..." гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон болно. Хавтаст хэрэгт эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримт байхгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь “Алтан жолоо импекс” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудаар үндэслэлтэй тогтоогдсон, хэргийн оролцогч нар хохирлын талаар маргаагүй, яллагдагч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн юм. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогч тал болох “Алтан жолоо импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Оюунбат болон ажилтан Б.Г нарын хооронд “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд уг гэрээнд үндэслэн мөн өдөр “Алтан жолоо импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “...Б.Гыг... худалдааны төлөөлөгчийн ажилд томилох” тухай 17/27 дугаартай тушаал гарсан байдаг. Худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод хариуцсан ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажил үүрэг, чиглэлийг тусгасан бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд “...“Алтан жолоо импекс” ХХК-д ажиллагч ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх нэмэлт гэрээ бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 5/ХӨ/07 тоот гэрээний салшгүй хэсэг мөн...” гэж дурдсан зэргээр Б.Г нь “Алтан жолоо импекс” ХХК-ийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцсан этгээд мөн болох нь нотлогдоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд албан тушаалтан гэдгийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад дараах байдлаар хуульчилжээ. Үүнд: Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “...Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад  болон   гэрээ,   хэлцэл  хийхэд  шууд  болон  шууд  бусаар  оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус заасан байх бөгөөд яллагдагч Н.Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Яллагдагч Н.Б.Г нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...Шинэсар гэгчид 8.500.000 төгрөг зээлдүүлсэн...” гэж мэдүүлдэг хэдий ч яллагдагч Б.Г нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй атлаа захиран зарцуулсан болох нь тогтоогдсон бөгөөд Шинэсар гэгчид мөнгө зээлдүүлсэн эсэх, хэрэв зээлдүүлсэн нь тогтоогдвол түүнээс мөнгийг гаргуулан авах зэрэг хэргийн зүйлчлэл болон хэргийн нөхцөл байдалд хамааралгүй асуудал юм. Мөн мөнгөө авч чадаагүй гэх харилцагч байгууллага, иргэд нь хэн болохыг тогтоох, хэд орчим төгрөгийг авч чадаагүй болох, тэдгээрийг гэрчээр байцаах, мөнгө гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гэрэлтуяа нь шүүх хуралдааны явцад авлагатай харилцагч нараас бэлэн мөнгийг нь авч, компанийн дансанд тушаасан талаар мэдүүлсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 676 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч Б.Гэрэлтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамгийн сүүлд шүүгдэгч Б.Гтай эвлэрлийн гэрээ хийсэн. Төлбөрөө хурдан барагдуулж авахыг хүсэж байна. …” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Гт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Б.Г нь “Алтан жолоо импекс” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа 22.480.224 төгрөгийн дутагдал гаргаж, улмаар зээлтэй харилцагч нартай тулгалт хийж, бодит зээлийг цуглуулсны дараа 13.899.216 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй үлдсэнээс Б.Гын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу 1.948.294 төгрөгийг хасаж, нийт 11.950.922 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон талаарх нотлох баримтууд хавтас хэргийг 40-41 дүгээр хуудсанд авагджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн ...”, “гэмт хэргийг хэн үйлдсэн”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн байцаалтын явцад нотлохоор заажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Алтан жолоо импекс” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13.899.216 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлэн мөнгө дутагдуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх үйл баримтыг тогтоосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Гт холбогдох хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Г, хохирогчийн төлөөлөгч Б.Гэрэлтуяа нар хэргийн материалтай танилцаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх 96-97/ байх бөгөөд прокурор уг хүсэлтийг хянаж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол /хх 99/ гаргаж, прокуророос 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал /хх 104/ гаргаж, шүүгдэгч Б.Гт танилцуулсан байна.  

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч “Алтан жолоо импекс” ХХК-тай тооцоо нийлж, хохирлын хэмжээг 13.899.216 төгрөгөөр тохиролцон тогтоож, уг төлбөрийг төлж барагдуулах тухай баримт /хх 40-41/ үйлджээ.

 

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, хэргийн зүйчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх шаардлагыг хангасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан процесс ажиллагааг хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл үүснэ.

 

Иймд прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 676 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.