Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 30

 

         

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Гомдол гаргагч:  “*******” ХХК, 

Хариуцагч: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох,

Гомдлын шаардлага: ”Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн  2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан 0165577 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 12-040317-06 тоот даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.******* нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн ажилтан Б.*******гаас ОҮИТБС-ийн тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй талаар тайлбар мэдүүлэг авсан. Хоёр хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бидний зүгээс дээрх тайланг  2017 онд хугацаанд нь гаргаж байсан талаарх холбогдох баримт материалыг гаргаж өгсөн боловч улсын байцаагч У.******* нь хяналт шалгалтын тэмдэглэл үйлдэж, ...тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн арван мянган нэгжээр торгох саналтай байгаа тухайгаа хэлсэн. Тухайн үед уг зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, тайлбараа тэмдэглэл дээр нь бичиж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээж шалгах шаардлагатай гэж хэлээд гарын үсэг зурахаас татгалзаж явсан. Түүнээс хойш энэ талаар дахиж холбогдоогүй, шийтгэлийн хуудасны  хувийг ч гардуулаагүй, даалгавар бичсэн тухай огт мэдэгдээгүй.

Харин 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мэргэжлийн хяналтын газрын хариуцагчтай шүүх хуралдаанд манай компанид шийтгэл оногдуулсан тухай ярьсан. ...Ингээд У.******* байцаагчтай холбогдож “зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байхад яагаад хялбаршуулсан журмаар шийдэж байгаа юм бэ? мөн шийтгэлийн хуудасны эх хувийг авъя” гэхэд шийтгэлийн хуудасны хувийг та нар авсан гэж илтэд худал тайлбарыг хэлсэн. Миний бие Баянтүмэн суманд очиж ******* байцаагчтай уулзан, хавтаст хэргээс нь шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавартай хамт хувилж авсан. Энэ тухай Прокурорын газарт хандсан боловч дээд шатны албан тушаалтанд хандах нь зүйтэй гэсэн болно. Дээд  шатны албан тушаалтанд нь хандахад  2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 01/457 тоот албан бичгээр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.*******ын оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэсэн хариу албан бичиг ирсэн.

Иймд зөрчил гаргаагүй талаар холбогдох тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин торгох, шийтгэхийг урьтал болгон асуудалд хандсан улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь манай маркшейдр инженер *******гаас холбогдох мэдүүлгийг авсан байдаг. Үүнд манай инженер  “...би энэ талаар сайн мэдэхгүй байна, энэ асуудлыг манай захирал, бусад албан тушаалтантай ярилцаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн мэдүүлгийг өгөөд явсан байдаг.

Энэ талаар надад 2019 оны 04 сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Ямар асуудал болов гээд, тухайн үед компанийн менежер байсан Ш.*******тэй хамт  Баянтүмэн сум руу очиж У.******* байцаагчийн өрөөнд очсон. Тэгэхэд  “...Мэргэжлийн хяналтын газраас тайлан мэдээ ирүүлэх тухай албан бичгүүд ирсэн...” гэхэд нь “...зөрчлийн тэмдэглэл авъя...” гэж хэлсэн. Ингэж зөрчилд холбогдогч болсоноо мэдсэн. Тухайн үед “...та энэ асуудлаар холбогдох баримтуудыг гаргаж өгөх шаардлагатай байна...” гэдгийг хэлэхэд “...ямар ч байсан шалгалт хийсэн тухай тэмдэглэл үйлдье...” гэж хэлээд тэмдэглэлийг үйлдсэн.   Түүнд нь “...бид энэ асуудлыг зөрчил гаргасан гэж үзэхгүй, учир нь 2017 онд “*******” ХХК нь “Адуунчулуун” ХК-тай хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллах гэрээгээр олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын мэдээ, тайлан тооцоо гаргах үүргийг “Адуунчулуун” ХК-д хүлээлгэсэн байсан. Иймд тухайн үеийн тайланг “Адуунчулуун” ХК гаргаж хүргүүлсэн...” гэдгийг хэлж тайлбарлан, гэрээгээ харуулж, хуулбарлаж өгсөн. Тайланг цахимаар бөглөж явуулдаг. 2017 онд “Адуунчулуун” ХК-ийн нэрийн өмнөөс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг бөглөсөн гэдэг баримтуудыг 2019 оны 04 сарын 01-ний өдөр хэвлээд улсын байцаагчид өгсөн.         ...Шалгалт хийсэн тухай тэмдэглэлийн авсан арга хэмжээ гэдэг дээр  “Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10000 нэгжээр торгоно” гэсэн санал дүгнэлт бичсэн байдаг. Миний зүгээс холбогдох баримтуудыг гаргаж өгөөд “...энэ зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй. Та хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохгүй. Зөрчлийн хэрэг нээж шийдвэрлэх ёстой...” гэдгийг хэлэхэд “...чи шүүхдээ ханд.  Миний тайлангаа гаргах хугацаа маань болчихоод байна...” гэж байсан. Мэргэжлийн хяналтын газраас У.******* байцаагчид цохсон албан бичгээс харахад “...2019 оны 03 сарын 10-ны өдрийн дотор арга хэмжээ авч, хариу ирүүл...” гэсэн байдаг боловч энэ хугацаа нь 10 гаруй хоногоор хэтэрсэн байсан. Тухайн үед эрх бүхий албан тушаалтны даалгаврыг бичиж өгөөгүй. Хэрвээ тухайн үед шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг гардуулж өгсөн бол миний бие хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахаас татгалзаж байна гэдгээ бичих байсан.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байхад хариуцагч талаас “...эдний компанийг тайлан мэдээ гаргаж өгөөгүй гээд торгосон...” гэдгийг хэлж байсан. Зөрчлийн хэрэг нээгээд шалгах байх гэж бодож байсан учраас тэр үед чимээгүйхэн ингээд шийдвэрлэчихдэг юм байхдаа гээд гайхаж байсан. Энэ талаар аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг хариуцсан прокурор  Батжаргалтай уулзаж “...ийм асуудал болсон юм байна. Энэ хэрэг танд ирсэн үү. Улсын байцаагчийн үйл ажиллагаа, шийтгэлийн хуудаст гомдол гаргах гэсэн юм...” гэхэд “...дээд шатны албан тушаалтанд нь ханд, прокурорт хандах шаардлага байхгүй...” гэдгийг Прокурорын газрын гадна талд амаар хэлсэн. Ингээд У.******* байцаагчтай утсаар “...шийтгэлийн хуудсыг авъя...” гэж ярьсан. Энэ нилээдгүй хугацаанд зөрчлийн материалыг яагаад өөр дээрээ хадгалаад байсныг гайхаж байгаа. Надад энэ шийтгэлийн хуудсыг үнэхээр гардуулж өгөөгүй.

Энэ шийтгэлийн хуудсыг хуулбарлаж аваад, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дээд шатны албан тушаалтан болох Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч, газрын даргад нь “...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэж хандсан. Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 07 сарын 25-ны өдөр “...хүчингүй болгох шаардлагагүй...” гэсэн хариуг өгсөн. Ингээд шийтгэлийн хуудас болон Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан. Улсын байцаагч хуульд заасан үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй. Тухайн үед зөвхөн энэ орд газар дээр л олборлолт явагдаж байсан. Энэ орд газраас олборлолт хийсэн тайлан хуулийнхаа хугацаанд холбогдох газарт очсон. Энэ нь ашигт малтмалын хайгуул болон олборлолтын  тайлан-2017 дээр тусгагдсан байгаагаар нотлогдоно. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчлийн хэргийг шалгаж явуулсан гэж гомдол гаргагчийн зүгээс үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол зөрчлийн хэрэг нээхгүй...” гэсэн заалт байдаг  гэв.

Хариуцагч: Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн зүгээс 0165577 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд Мэргэжлийн хяналтын газрын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Хуульд зааснаар ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, байгаль хамгаалагч гэсэн ангиллаар явдаг.  Доод шатны байцаагч нар дээд шатныхаа байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас надад “...арга хэмжээ ав...” гэсэн албан тоот ирсэн.Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангаа гаргаж ирүүлээгүй 700 гаруй аж ахуйн нэгжээс “*******” ХХК нь 22 дугаарт байсан. Цахим тайланг харсан. Цахим дээр “*******” ХХК нь 16 дугаарт бичигдсэн байсан. Мэргэжлийн хяналтын газраас надад 2-3 удаа “...арга хэмжээ ав...” гэсэн бичиг ирүүлсэн. Мөн Улсын байцаагч нарын уулзалт болж байхад газрын даргаас тэр олон байцаагч нарын дунд надад албан ёсоор “...тайлангаа өгөөгүй бүх аж ахуйн нэгждээ арга хэмжээ ав...” гэдэг үүрэг чиглэл өгсөн. Энэ талаарх баримтууд зөрчил хянан шийдвэрлэсэн материалд хангалттай байгаа. Үүний дагуу тайлангаа өгөөгүй нь үнэн юм байна гэж үзээд энэ хүмүүсийг дуудаж арга хэмжээ авсан.

 Гомдол гаргагч 2019 оны 03 сарын 01-ний дотор гэсэн  байхад хугацаа хэтэрч арга хэмжээ авлаа...” гэж байна. Миний бие Мэргэжлийн хяналтын газрын албан бичгийг аваад, зөрчил гаргасан нь үнэн юм уу гэдэг дээр судалгаа хийсэн. Хамгийн сүүлд 2019 оны  03 сарын 21-ний  өдрийн 01/193 тоот албан бичгээр “...тайлан мэдээ ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд  Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч, тайлангийн хамт 2019 оны 04 сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье...” гэсэн үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу хугацаа хэтэрлээ гээд та бүхнийг дуудаж арга хэмжээ авсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” гэж заасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэж байгаа учир “Адуунчулуун” ХК биш  “*******” ХХК  хариуцах, үүрэг хүлээх хуулийн гол заалт энэ юм.  “*******” ХХК нь  2007 оны   02 сарын  09-ний өдөр 1364А тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар авсан. Хоёр компани хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж байна. 

Иймд баримт хангалттай байна, мөн хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байгаа юм. Гомдол гаргагч “...шийтгэлийн хуудсыг гардуулаагүй, албан даалгаврыг огт мэдээгүй...” гэж байна. Би 2019 оны 03 сарын 26, 27-ны өдрөөс эхлээд та бүхнийг дуудаж явсан. Нэгэнт зөрчлийн хэргийн дугаар авчихсан учир би 3 хоногт багтааж бүрдүүлэх ёстой. 2019 оны 04 сарын 01-ний дотор хариу ирүүл гэсэн албан бичиг байсан учир та бүхнийг дуудсан. Д. ******* өөрөө даргатайгаа хамт ирсэн. Үүнийг нотлох миний хажууд албан ажлаа хийж байсан хоёр албан хаагч байна. Миний зүгээс тэмдэглэл, шийтгэлийн хуудас, албан даалгаврыг бичээд “...та бүхэн үнэхээр гомдолтой бол эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаарай...” гэсэн.

“*******” ХХК-ийн  56 га газар нь манай сумын нутаг дэвсгэрт байгаа юм. Энэ хугацаанд суманд нэг ч удаа мэдээ тайлан, төлөвлөгөө ирүүлж байгаагүй. Нэг удаа асуухад “...бид шууд аймагт өгчихдөг...” гэж хэлсэн. Миний бие мөн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг нэгтгэж, аймаг руу өгдөг юм. Гомдол гаргагч энэ тайланг “...олборлолт явуулсан үйл ажиллагааны тайлан юм...” гэж л яриад байна. Гэтэл энэ тайлан бол тухайн аж ахуйн нэгжийн жилд олсон орлого, төлбөр, татвар, хандив гээд энэ бүгд ил тод байх ёстой гэсэн агуулгатай юм. Мөн гомдол гаргагчийн зүгээс “...санхүүгийн тайлангаа өгсөн...” гээд байгаа.  

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гэж яриад байгааг ойлгохгүй байна. Би өөрийгөө хууль, журмын дагуу явж байгаа гэж үзэж байна. Зөрчлийн арга хэмжээг хуулийн дагуу авсан, нотлох баримтууд хангалттай гэж үзэж байна.  Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв. 

                                                  

ҮНДЭСЛЭХ нь

Гомдол гаргагч “*******” ХХК нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн   2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165577 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 12-040317-06 тоот даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага[1] гаргасан.

Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  0165577 дугаар шийтгэлийн хуудсаар[2] 2017 оны  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод  байдлын санаачилгын” /цаашид ОҮИТБС гэх/ тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй” үндэслэлээр “Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-д заасны дагуу “*******” ХХК-д ...арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.0 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Тухайн үед ОҮИТБС-ын тайланг гаргаж ирүүлээгүй 700 гаруй аж ахуйн нэгжээс “*******” ХХК нь 22, цахим дээр 16-рт бичигдсэн байна.  Гэтэл  “*******” ХХК нь 2004 оноос “Адуунчулуун” ХК-тай  ...гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд,  2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1364А тусгай зөвшөөрлийн талбайд, “Адуунчулуун” ХК-тай хамтран ажиллах нэг жилийн хугацаатай гэрээг[3] байгуулж, гэрээний 1.3-т Сар, улирал жилийн тайланг гаргах үүргийг “Адуунчулуун” ХК хүлээсэн учир, Сангийн сайдын  2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн төсөвт ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн барьцаа, албан татвар, хураамжийн орлогын тайлан” гаргах аргачлалын дагуу, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт /нүүрс/ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа,              2011239 регистрын дугаар бүхий МҮ-00001389 дугаар тусгай зөвшөөрөлтэй “Адуунчулуун” хувьцаат компани нь  дээрхи аргачлалын дагуу, Ашигт малтмал хайгуул болон олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны 2017 оны тайланг[4] гаргасан байна. Гомдол гаргагч “*******” ХХК нь  ...тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгжийн жагсаалтад байгаа хэдий ч  ...тайланг гаргаагүй гэж үзэх  боломжгүй  байгаа  бөгөөд  ...компанийн ашиглалт борлуулалтын тайланг гаргах эсэх талаар ...эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж зохицуулалт хийгээгүйгээс үүдэж, тайлан гаргаагүй аж  ахуйн нэгжийн жагсаалтад бүртгэгдсэн гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10. “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний  тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” талаар хуульчилсан байхад эрх бүхий Мэргэжлийн хяналтын газар нь  “*******” ХХК-ийг  2017 оны тайлан гаргаагүй талаар  2019 оны 3 дугаар  сард  мэдсэнээр харагдаж байна.  Зөрчлийн тухай хуулийн         1.2  дугаар зүйлийн 2. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтоох  бөгөөд,  ...хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зохицуулсан байна. Тодруулбал:      2017 оны тайлан гаргаагүй талаар  2019 оны 3 дугаар сард илрүүлсэнээр,  Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. ”хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ тайлан, ...хугацаанд нь гаргаж өгөөгүй үндэслэлээр  торгуулийн шийтгэлийг оногдуулж байгаа нь хуульд нийцээгүй байна.

Эрх бүхий  албан тушаалтны 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн               10.0 сая төгрөгийн торгуулийн шийтгэлийг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр  Баянтүмэн сумын төрийн сангийн ...дансанд шилжүүлэх арга хэмжээ авах,  тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д  заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гүйцэтгэхийг мэдэгдсэн байна. Дээрхи албан тушаалтны даалгаврын тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д  заасны дагуу  эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, ...шийдвэрийн биелэлт,   ...гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг биелүүлэх арга замыг тодорхойлсон гэж үзэхээр байгаа бөгөөд  ...тухайн шийтгэлийн арга хэмжээ нь  хүчин төгөлдөр тохиолдолд л хэрэгжих боломжтой юм.

Хэргийн оролцогчдын ...холбогдох зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад  хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн,  ...дээрхи шийтгэлийн хуудасны хувийг гардуулж өгөөгүй, гардаж аваагүй  ...хэмээн мэтгэлцэж  байгаагийн тухайд:  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан  ...зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол мэдээллийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, мөн хуулийн      6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, ...зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэж” болох юм. Улсын байцаагч нь шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг гомдол гаргагч талд танилцуулах үед  “Адуунчулуун” ХК нь хуулийн хугацаанд тайлан гаргаж өгсөн байх тул зөрчил гаргасан гэж үзэхгүй” хэмээн /гарын үсэггүй/ тайлбар[5] бичиж байгаа нь  торгууль оногдуулах  эсэх талаар  ерөнхий ойлголтыг  авсан гэж үзэж болох боловч,   ...  хариуцагч тал  “*******” ХХК-д  ... дээрхи  шийтгэлийн хуудсыг гардуулж өгсөн болон гардаж авсан талаар баримтаар нотолж чадахгүй байгаа нь,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  7.2 дугаар зүйлийн  1-д  Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байх бөгөөд, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг  зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарсанаас хойш ажлын  гурван  өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

            Тэрээр гомдол гаргагч нь  Мэргэжлийн хяналтын газрын даргын нэр дээр  2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19/81 албан бичгээр хандаж,    2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн  01/457 дугаар албан бичгээр “тухайн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэсэн  хариуг ирүүлсэний дагуу,  тус шүүхэд  2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гомдол  гаргасныг буруутгах боломжгүй юм.

Иймд  Мэргэжлийн хяналтын  газрын Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн  2019 оны  04 дүгээр сарын 01-ний өдрийн  0165577 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 12-040317-06 тоот даалгавар нь хууль бус байх тул  хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн  107.1, 107.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  гомдол гаргагч  “*******” ХХК-ийн, Мэргэжлийн хяналтын газрын  Байгаль орчны хяналтын улсын байцаагчид  холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг хангаж, 2019 оны 04 дүгээр сарын     01-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165577 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 12-040317-06 тоот даалгаврыг бүхэлд нь хүчингүй  болгосугай.

               2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн           7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-д зааснаар  гомдол гаргагч “******* “ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “*******”ХХК-д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т  зааснаар энэхүү  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш таван хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОЮУН                   

 

 

[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас

[3] Хавтаст хэргийн 35-38-р хуудас

[4] Хавтаст хэргийн 39-42-р хуудас

[5] Хавтаст хэргийн 8-р хуудас