Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 109/2022/0005/З |
Дугаар | 221/МА2023/0094 |
Огноо | 2023-02-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2023/0094
Д.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Б.Г
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 109/2022/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б-гаас Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн а/ заалт, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрт дурдсан аудитын байгууллагаас гаргасан 3 удаагийн актаар тогтоогдсон санхүүгийн зөрчлийн тухайд ажлаас шууд халах үндэслэл болохуйц зөрчил болохыг аудитын байцаагч тогтоогоогүй бөгөөд уг зөрчлийг арилгаж төсвийг алдагдалгүй болгохыг үүрэг болгоосон агуулгатай байх бөгөөд уг зөрчилд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх талаар уг актуудад заагаагүй байхад хариуцагч шууд уг актыг үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх актуудад заасан зөрчлийн тухайд хэн нэгэн өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон зүйлгүй бөгөөд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс бусадтай байгуулсан гэрээ гүйцэтгэл хөл хорионы нөхцөл байдлаас болоод удааширсан байсныг уг этгээдүүдээр шаардан төлүүлж, төсвийг алдагдалгүй болгосон байхад шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
3.2. Хариуцагчаас намайг ажлаас халах захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа огт явуулаагүй, нөхцөл байдлыг тогтоогүй байхад шүүхээс сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар сонсох ажиллагаа хийсэн байна гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт бөгөөд хариуцагчийн ирүүлсэн гэх мэдэгдэлд сонсох ажиллагаа хийх хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүйгээс хуульд нийцүүлэн тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангагдаж чадаагүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
3.3. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалтуудыг баримталсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх хуулиудыг бүгдийг нь баримталж шийдвэрлэсэн үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүйгээс гадна уг харилцаанд аль хууль нь хэрэглэгдэх болохыг ялгаж салгаагүй хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь миний бие төрийн үйлчилгээний албан хаагч болохын хувьд сумын Засаг даргатай Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй байхад Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байхад шүүхээс энэ талаар тодорхой дүгнээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
3.4. Нэхэмжлэгч миний бие төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд хариуцагчаас гаргасан маргаан бүхий актад төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай, төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралгүй заалт буюу Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэсэн нь буруу байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарах зохицуулалт мэтээр тайлбарлаж хэрэглэсэн нь хууль хэрэглээний зөрчил болсон гэж үзэж байна.
3.5. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т Сумын Засаг дарга нь “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” бүрэн эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд дээрх нөхцөлд Сумын Засаг дарга нь бие даан дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй, заавал аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэж сургуулийн захирлыг чөлөөлөх зохицуулалттай байхад анхан шатны шүүхээс аймгийн боловсролын газартай зөвшилцсөн мэтээр дүгнэж хэргийг шийдсэн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэдэг нь дээрх ажлаас халсан захирамжийн үндэслэлд холбогдуулж санал авах ёстой байхад үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэрчийн мэдүүлгээр санал өгөөгүй, саналыг үндэслээгүй гэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэж байна. Дээрх асуудлаар аймгийн Боловсролын газраас ямар ч санал аваагүй, мэдэгдээгүй байхад сүүлд авсан эргэлзээ бүхий гэрчийн мэдүүлгээр уг нөхцөл байдлыг тогтоогдсон мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.
3.6. Миний бие сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа сумын Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулж байгаагүй бөгөөд 2021 оны Үр дүнгийн гэрээг байгуулахаар сумын Засаг даргад хүргүүлсэн боловч надтай уг гэрээг байгуулаагүй ажиллаж ирсэн билээ. Гэтэл дээр дурдсан Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т Сумын Засаг дарга нь “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэн заалтаас үзэхэд сумын Засаг дарга үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй холбоотой чөлөөлөх зохицуулалттай байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй хольж дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Миний тухай үед хөл хорионы нөхцөл байдлын улмаас удирдлагаас өгсөн үүргийн дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг гарган цахимаар хүргүүлсэн бөгөөд уг биелэлтийг Засаг дарга огт дүгнээгүй, уншиж судлаагүй байсан бөгөөд сүүлд 2022 оны 12 дугаар сард шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө тухайн үед дүгнэсэн мэтээр гараар бичиглэл хийж хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байхад шүүхээс уг баримтыг үгүйсгэх баримт байхгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.
3.7. Анхан шатны шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй хэрнээ аудитын байгууллагаас гаргасан 3 удаагийн актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, хуульд нийцээгүй зөрчил болсон бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2.1. Нэхэмжлэгч Д.Б-гаас Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Маргаан бүхий Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Б-г Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6, 25 дугаар зүйлийн холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, 39.1.11, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас халжээ.
2.3. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 24 дүгээр удирдамжаар Цахир сумын төсөвт байгууллагын 2019-2020 оны үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн бөгөөд Цахир сумын ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад “2018 онд сурагчдын зуны даалгаврын ааруулны орлогоос бэлтгэсэн нэг бүр нь 136 000 төгрөгийн үнэтэй 21 ширхэг 285 600 төгрөгийн матрасыг данс бүртгэлд тусгаагүй, иргэн Ш.Т-оос 2 660 000 төгрөгийн 14 ширхэг гутал худалдан авахаас 1 460 000 төгрөгийн 8 ширхэг гутлыг бэлтгэн нийлүүлэгчээс аваагүй, “А” ХХК-руу бараа материал худалдан авахаар 7 512 500 төгрөг шилжүүлснээс 1 200 000 төгрөгийн хөрөнгийг бэлтгэн нийлүүлэгчээс аваагүй, авлагаар тооцож данс бүртгэлд тусгаагүй, биетээр байгаагаар данс бүртгэлд тусгасантай холбоотой нийт 5 516 000 төгрөгийн зөрчил, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар төлбөрийн хүсэлтээр иргэн Б.Б-ын Хаан банк дахь 51******** тоот харилцах данс руу 9 350 000 төгрөгийг шилжүүлсэн боловч 11 сарын дараа гэхэд тавилга эд хогшлыг аваагүй байхад бүрэн хүлээн авсан мэтээр хий орлого авч, данс бүртгэлд тусгасан зөрчил, сахилгын шийтгэлтэй албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгосон 3 хүнтэй 645 548 төгрөгийн зөрчил, мөн суралцагчаас 2018 онд 696 кг, 2019 онд 756 кг ааруул хууль бусаар авч сургуулийн захирал өөрийн гар дээрээс борлуулж, зарцуулж, санхүүгийн тайланд үр дүнг тусгаагүйтэй холбоотой 2 954 000 төгрөгийн тус тус зөрчил илэрч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17/04/25 дугаартай албан шаардлага, мөн өдрийн 17/02/17/04/57, 17/02/18/04/58, 17/02/17/04/59 дугаар улсын ахлах байцаагчийн акт тавигдсан байна.
2.4. Мөн хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар илэрсэн зөрчлөөс гадна нэхэмжлэгч Д.Б-г “2017 оны 07 дугаар сарын 25-30 хооронд захирлын ажлыг хүлээн авсан боловч өөрийн төрсөн эгч Д.Э-д өмнө нь дотуур байрны багш, номын санчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан боловч ямар нэг нэмэгдэл хөлсгүй байсныг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/33 дугаар тушаал гарган 30 хувийн нэмэгдэл олгож хууль хууль зөрчиж эхэлсэн, хими-биологийн багш Д.О-г /үеэл дүү/ хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны тэтгэмж тогтоолгосон шалтгаанаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/38 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн боловч өнөөдрийг болтол буцаан ажилд авсан тушаалгүйгээр ажиллуулж, түүний цалин, нэмэгдэл хөлсийг бүрэн олгож ирсэн, мөн дулааны инженер мэргэжилтэй Ц.Д-ыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар биологи, эрүүл мэндийн багшаар томилон ажиллуулсан, сумын Монгол ардын намын Нарийн бичгийн даргаар ажиллаж буй О.Л-г хичээлийн туслах ажилтан хэмээх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн бүтэц орон тооны жишиг нормативт байхгүй ажил, албан тушаалыг бий болгон ажиллуулсан, тус сургуулийн усчин, манаач С.О 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг жилийн чөлөө авч түр чөлөөлөгдсөн боловч түүний оронд өөрийн нөхөр Т.Э-ыг үндсэн ажилтнаар авсан, математикийн багш Л.М-д дотоод хяналтын ажлыг хавсран гүйцэтгүүлж цалингийн 40 хувийн нэмэгдэл өгч, улмаар 20 хувийг нь удаа дараа өөртөө авч байсан, технологийн багш Т.М 2017 оны 09 дүгээр сараас эхэлж бизнес хийх зорилгоор жилийн чөлөө авсан. Энэ хугацаанд багшийн нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас цалин гараагүй ямар нэгэн өвчний актгүй байхад төлж явсан улмаар тухайн багш хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил ажилласны 6 сарын мөнгөн урамшуулалд хамруулсан” зэрэг төсөв, хүний нөөцтэй холбоотой хууль, тогтоомж зөрчсөн тушаал шийдвэр гаргаж байсан талаар дурдсан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдээр дээрх үйл баримтууд тогтоогдсон төдийгүй нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй байна.
2.5. Харин нэхэмжлэгчээс “аудитын байгууллагаас гаргасан 3 удаагийн актаар тогтоогдсон санхүүгийн зөрчлийн тухайд ажлаас шууд халах үндэслэл болохуйц зөрчил болохыг аудитын байцаагч тогтоогоогүй бөгөөд уг зөрчлийг арилгаж төсвийг алдагдалгүй болгохыг үүрэг болгосон агуулгатай байх бөгөөд уг зөрчилд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх талаар уг актуудад заагаагүй байхад хариуцагч шууд уг актыг үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй, мөн аймгийн Боловсролын газрын саналыг авахгүйгээр Засаг дарга өөрийн санаачилгаар ажлаас халсан” гэж тайлбарлан маргасан бөгөөд анхан шатны шүүх Архангай аймгийн Боловсролын газрын даргад мэдэгдээгүй, зөвшилцөх ажиллагаа хийгээгүй, санал өгөөгүй, саналыг үндэслээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, нэгэнт зөрчил гаргасан, хуулиар хүлээн үүргээ зөрчсөн нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийг төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах нийтлэг чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.6. Тодруулбал, нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагч болохынхоо хувьд “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажиллах үүрэгтэйгээс гадна Боловсролын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахаар байна.
2.7. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилжээ.
2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Төсвийн тухай хууль болон Боловсролын тухай хуулийг удаа дараа зөрчиж байсан болох нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17/04/25 дугаартай албан шаардлага, мөн өдрийн 17/02/17/04/57, 17/02/18/04/58, 17/02/17/04/59 дугаар улсын ахлах байцаагчийн актуудаар тус тус тогтоогдож байна.
2.9. Хариуцагч сумын Засаг даргын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дугаар заалтын “а”-д зааснаар “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” бүрэн эрхтэй бол боловсролын асуудлаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргажээ.
2.10. Сумын Засаг дарга сургуулийн захирлыг томилж, чөлөөлөхдөө аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг авах ажиллагаа нь тухайн албан тушаалтан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хувьд өгөх саналын тухай зохицуулалт бөгөөд нэгэнт зөрчил гаргасан нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон байгаа энэ тохиолдолд аймгийн боловсролын газрын саналыг аваагүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.
2.11. Нөгөөтээгүүр сумын Засаг даргаас нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй байгаа энэ тохиолдолд үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх ойлголт байх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн “миний бие сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа сумын Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулж байгаагүй, ...Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт нь үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй холбоотой чөлөөлөх зохицуулалт” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
2.12. Харин сонсох ажиллагаа явуулаагүй гэх гомдлын тухайд анхан шатны шүүхээс “маргаан бүхий актын үндэслэл болсон эрх бүхий мэргэжлийн байгууллагын актаар тогтоогдсон санхүүгийн зөрчил гаргасан үйл баримтыг буюу маргаан бүхий актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөхүйц биш, нэхэмжлэгчийн тайлбар, саналаар маргаан бүхий актын үндэслэл болсон зөрчил бүхий нөхцөл байдал өөрчлөгдөхүйц үр дагаврыг үүсгэх, тайлбар, саналыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхгүй байхуйц үр дагавар үүсгэхээргүй байна, ... захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл, шаардлага, журмыг огт хэрэгжүүлээгүй, үүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.
2.13. Учир нь сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн хувьд зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актуудаар тогтоогдсон байгаа энэ тохиолдолд сонсох ажиллагаа нь аливаа байдлаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бий болгохгүй. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа явуулах нь үр нөлөөгүй байх бөгөөд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт утга найруулгын алдаа гаргасан байх тул зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (2006 оны) 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн “а”, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-гаас Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН