Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/217

 

          

 

 

  2021         03         29                                     2021/ШЦТ/217

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Цогбаяр,

Улсын яллагч И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Г.О түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт Г-ын О-т холбогдох эрүүгийн 2009 02203 0279 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, “Титэм бүрд” ХХК-д угаагчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-428 тоотод оршин суух бүртгэлтэй, Урьд,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Г овогт Г-ын О /РД:УХ00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ц.Э-тэй үл ялих зүйлээр шалтгалан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, “Хардлаа” гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, мөн газар унчихсан хойно нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэлж өшиглөн улмаар хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд тахины доргилт, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, духны зүүн хэсэг, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, зүүн хөхлөг сэртэн, хүзүүнд цус хуралт, өвчүүнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн шуу, баруун гуя шилбэ, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Хандармаа шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа тул прокурорын саналыг хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26/-р тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э-ийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-30/-р тал, гэрч Д.Ц-н мэдүүлэг /хх-ийн 33-35/-р тал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8982 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37/-р тал, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 42/-р тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-10/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хохирогч болон шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч Г.От холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хохирогч Ц.Э-ийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын прокурорт хандан гаргасан /хх-ийн 81/-р тал байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.     

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.О-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.От холбогдох хэргийн яллах дүгнэлтийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр огноолж мөн оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.О нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Худалдаа хөгжлийн банкны 2617001560 дугаарын дансанд тушаасан болох нь хавтас хэргийн 97 дугаар талд авагдсан банкны хуулгаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.О нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлээгүй байхад прокурор тухайн нөхцөл байдлыг шалгалгүйгээр зөвхөн шүүгдэгчийн төлчихсөн гэх мэдүүлэгт үндэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Г-ын О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР