Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/228

 

 

 

 

 

 2021         03         30                                  2021/ШЦТ/228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Л-гийн Л-д холбогдох эрүүгийн 2109 00000 0191 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, “Дардан-говь” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эгч, хүргэн ах нарын хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар баг, 5-5-115 тоотод оршин суух хаягтай, Урьд

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жил, 06 сарын хорих ялаар,

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял,

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил, 02 сарын хугацаагаар хорих ял,

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Б овогт Л-гийн Л, /РД:УО00000000/,   

           2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Л.Л нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын задгай тоотод хохирогч С.Птой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр орчим шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.Л нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын задгай тоотод хохирогч С.Птой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар шилээр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Пийн өгсөн  “...Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 23 цагт манай ээжийн ойролцоо байх О гэх ахын гэрт орсон юм. О ахын гэрт ороход О ах зүс таних нэг ахтай хамт байж байсан. Тэгээд байж байгаад О ахтай байсан хүнтэй би маргалдсан ба тэр ах шил бололтой нэг зүйлээр миний нүүр болон хамар хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.О-ын өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой Л.Л бид 2 0.5 литрийн 1 шил архи хувааж уучхаад сууж байхад гаднаас П согтуу бололтой орж ирсэн. Ингээд бид 3 юм яриад сууж байхад П, Л 2 хоорондоо маргалдаад чи би дээ тулаад гарья үзье гээд байхаар нь би та 2 боль гээд дундуур нь ороод болиулсан ба нэг мэдсэн Л цай уудаг барианы шил аваад П-ийн нүүр орчим цохих шиг болсон. П-ийн нүүр, хамар орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 873 дугаартай “...С.П-ийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацар, хамар, эрүү, өгзөгт шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт дух, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна,

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

-Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

-Дээрх зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хамар, эрүүнд шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Лийн гэрчээр өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн орчим би Сэлэнгээс ирсэн бичиг баримтаа авах гэж Төв шуудан орчхоод буцах замдаа гудамжинд ганцаараа 300 грамм архи уусан. Тэгээд О ахын гэрт ирээд хоол хийж байх зуур нэмж архи ууя гээд дэлгүүр ороод 0.5 литрийн архи авч уусан. Тэгээд нэг хэсэг тасарчихсан байж байгаад ухаан ороход миний гар шалбараад цус болчихсон, зүс таних П гэх залуугийн нүүр хамраас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд би цусыг нь тогтоох гээд болохгүй болохоор нь түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/-р тал зэрэг болон хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Л.Л нь хэрэг хянан шийдвэрлэх аль ч үед өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Л.Лийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Л.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч С.Пийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Л.Лоос 800.000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа тус шүүхэд хандан хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Л.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгч Л.Лид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал /Эрхэлсэн тодорхой ажилтай/, хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Л.Л нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Л-ийн Л-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Л.Л нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР