Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

   Нарийн бичгийн дарга С.Уянга, 

   Улсын яллагч Ч.Батзориг,

   Хохирогч ****************

   Хэлмэрч Б.Нарангоо

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, шүүгдэгч С.****************  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************ын ****************ид холбогдох эрүүгийн 2138000000103 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

   Шүүгдэгч С.**************** нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” дэлгүүр дотор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч ****************г хэл амаар доромжилж, цохин баруун гарын хурууг хугалж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч С.**************** нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” дэлгүүр дотор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч ****************г хэл амаар доромжилж, цохин баруун гарын хурууг хугалж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000103 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

         Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч С.****************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу хүн гаргаж өгч байна гээд Нямдорж бид хоёр 2 шил 0.750 граммтай Хараа гэдэг архи уусан. Тэгээд би гэртээ харих гэж явж байх замдаа Маргад хүнсний дэлгүүрийн гадаа Батбаяр гэдэг хүнтэй тааралдаад намайг хүргээд өгөөч гэсэн чинь энэ хүн би яарч явж байна гээд мотоциклтойгоо яваад өгсөн. Тэр үед Бямбалай ахтай Маргад хүнсний дэлгүүрийн гадаа тааралдаад маргалдаж муудалцсан юм. Би энэ хүнийг хувцасны захаар нь хоолойг нь боосон тэгээд би цааш нь ямар үйлдэл гаргаснаа сайн санахгүй байна. Харин Бямбалай ах миний хамар луу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гоожихоор нь би цусаа арчиж тогтоосон. ... 2019 онд манай хүү хурим хийхэд Бямбалай ах хуриман дээр согтоод над руу янз бүрийн хэл үгээр дайрч доромжлоод байсан. Мөн миний нас барсан 3 ахын нэрийг хэлж дуудаад янз бүрээр хэлээд байсан. Мөн Бямбалай гэх хүний охин Нарангоо гэдэг хүн манай охин Батцэцэгт “чамайг ээжтэй чинь харахаар нүд хорсоод байх юм. Болдог бол ээжийг чинь алчих юмсан” гэж ярьсан байсныг манай охин надад хэлсэн. Бямбалай болон энэ хүний охин Нарангоо нарын хэлсэн үгийг би дотроо бодож явдаг байсан. Энэ хүмүүст ямар учраас бид нарыг ингэж хэлж ярих болов гэдэг талаар өөрт нь хэлэх гээд хэлж чадахгүй байсаар байгаад архи уусан үедээ Бямбалай гэдэг хүнтэй тааралдаад дотроо бодож явсан үгээ хэлэх гээд иймэрхүү үйлдэл гаргасан байна. ... Би энэ хүнийг ямар нэгэн зүйлээр цохиж зодоогүй. Харин Бямбалай ах гараараа миний хамар луу цохисон. Бямбалай ах өөрөө ярихдаа “чи чамайг гар утсаараа цохих гэж байхад нь гараараа хаасан чинь гарын эрхий хуруу гэмтсэн” гэж ярьсан. Бямбалай ах миний хувцасны захаар заамдаж авсан байхаар нь би гарыг тавиулах гэж би биеэрээ хойшоо болсон тэр үед гар нь гэмтсэн бол намайг цохихгүй байх гэж бодож байна. Нэлээн согтолттой байсан. Батбаяр гэдэг хүнтэй уулзсан мөн Бямбалай ахтай маргалдаж муудалцаж байсан зэрэг үйл явдлуудыг сайн мэдэж байна. Бусад болсон үйл явдлыг харин мэдэхгүй байна. Би хэдий согтуу байсан ч гэсэн настай хүнийг цохиж зодохгүй гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг,

  Хохирогч ****************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Батчулуун гэдэг хүний хамт гэр лүүгээ харих гэж явж байхдаа замдаа Маргад хүнсний дэлгүүрт өр зээлээ өгөх гэж очсон. Тэр үед дэлгүүрийн гадна талд **************** гэдэг хүн согтуу Батбаяр гэдэг хүнтэй маргалдаад зогсож байсан. Бид хоёр шууд дэлгүүр дотор ороход араас **************** орж ирээд дэлгүүрийн худалдагчтай маргалдсан. Дэлгүүр дотор **************** нь намайг “дүлий годил үхэр Бямбалай” гэж хэлснийг би сонсоогүй байсан. Дараа нь Батчулуун манай охинд энэ талаар ярьсан байсан. Тэгсэн чинь гэнэт **************** нь над руу шууд дайраад хувцасны захнаас заамдаж авсан. тэгэхээр нь би энэ хүнд “согтуу хүн эрүүл хүн хоорондоо тэнцэхгүй чи гэртээ харь” гэж хэлсэн тэгсэн чинь энэ хүн намайг гараараа баруун талын шанаа руу нэг удаа цохисон мөн дахиж намайг энэ хүн гар утас барьсан гараараа намайг цохих гээд далайхад нь би баруун гараараа хаахад миний баруун гар луу цохисон цохилтын хүчинд гар утас нь шалан дээр унаж бутарсан байсан тэр үед нь өөрийгөө хамгаалах гээд гараа урдаас нь хаахад ****************ийн хамарт хүрэхэд энэ хүний хамраас цус гарсан. **************** нь дахиж намайг цохих гээд дэлгүүр дотроос юм хайгаад олоогүй. Тэр үед миний баруун гар гэмтсэнийг би тухайн үед мэдээгүй ухаан санаа балартсан байсан. Харин гэр лүүгээ харих гээд явж байх замдаа мэдсэн. Дэлгүүр дотор бид хоёрыг муудалцаад ****************ийн хамраас цус гараад байхаар нь худалдагч нь бид хоёрыг гар гэж хэлэхэд би дэлгүүрээс гарсан. Намайг дэлгүүрээс гарсан хойно араас **************** гүйж ирээд намайг дахин заамдаж аваад хашаа руу шахаад толгойн тус газар 2 удаа цохисон. Энэ үед манай төрсөн дүүгийн охин Ундармаа таараад намайг салгаж авах гэсэн боловч **************** заамдсан гараа тавихгүй надтай зууралдаад байсан болохоор манай дүүгийн үгэнд орохгүй байхаар нь хаяад явсан, **************** надаас залахгүй нэлээн хэсэг гудамжинд зууралдаад зогсож байхад Ундармаа дахиж ирээд машиныхаа цонхийг онгойлгоод болиоч гэж хашхирахад **************** намайг тавиад Ундармаа руу очих гээд явж байхад нь би шууд гэр лүүгээ ганцаараа явсан. **************** надтай маргалдаж байхдаа “чамайг ах дүүгээр чинь үхтэл нь дарамтална. Чамайг би ална гээд байсан **************** архи уусан байсан. Миний харснаар бол нэлээн их согтолттой байсан болов уу гэж харагдаж байсан. Надтай дэлгүүрт болон “.дамжинд хэрүүл маргаан хийж цохичхоод намайг салаад явахад би “таныг зодоогүй шүү” гээд байсан тэгэхээр нь би урдаас нь “хуцаж байгаа юм шүү” гэж хэлээд яваад өгсөн. ... Одоогоос 3 жилийн өмнө **************** гэдэг хүний хүүгийн хурим болсон. Тэгэхэд би эхнэрийн хамт хуримд очсон. Тэр үед би **************** гэдэг хүнд нас барсан 3 ахынх нь талаар би огт юм яриагүй. Толгой нэг хэсэг өвдөж байснаа бариачаар бариулаад зүгээр болсон. Харин баруун гарын эрхий хурууны шивнүүр яс хугарсан. Мөн нүүрэн тус хэд хэдэн газар шалбарсан байсан. Одоо сорив тогтсон байгаа. ... Энэ хүний буруутай үйл явдлаас болоод миний эрүүл мэндэд хохирол учирсан байтаа. **************** нь одоо болтол эмчилгээний болон бензин шатахууны зардал мөнгө төгрөгийг огт өгөөгүй. Надад гомдолтой байна. Мөн надтай ганц ч удаа уулзаж уучлалт гуйгаагүй. Одоогоор надад 1 сая 146600 төгрөгийн зардал гарсан байгаа. Цаашид шаардлагатай эм тарианы зардлыг энэ хүнээр гаргуулах хүсэлтэй байна. Миний 2 чих сонсгол муутай болохоор хүний ярьсан юмыг бүрэн гүйцэд сонсож ойлгож чаддаггүй. Би энэ өвчнөөр 12 жил группт байсаар байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Мөн би нас өндөр эхнэрийн хамт гэртээ хоёулхнаа байдаг болохоор Улаанбаатар хотоос охин Нарангоог дуудан ирүүлж хамт хуулийн байгууллагад мэдүүлэг өгөх болон эмнэлгийн ажлаар явах шаардлага гарч байгаа тул охиныхоо ирж буцах зардал зэргийг энэ хүнээс гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. ... **************** гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ зарим нэг зүйлийг худлаа мэдүүлсэн байна. Би ****************той Маргад дэлгүүрийн гадна хэзээ ч маргалдаагүй. Мөн хуриман дээр ****************ийн нас барсан төрсөн ах нарын нэрийг хэзээ ч дуудаагүй мөн энэ хүнд хэзээ ч өс санаагүй. Уучлаарай гэж надад хэзээ ч хэлээгүй. Тэгсэн мөөртлөө хоёулаа тохиролцъё гэж хүн доромжилж байгаа юм шиг утсаар хандсан. Намайг мөнгөний төлөө өөрийгөө явж байна гэж бодож байх шиг байна. Ирээд уулзчих гэж хэлсэн чинь “уучлалт гуйхаасаа айж байна” гэж ярьсан. ... ” гэх мэдүүлэг /хх-10-13, 14-15х/,

         Гэрч Б.Нарангоогийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг аавындаа сууж байхад гаднаас манай аав орж ирээд нэг аяга цай уугаад буцаад гараад явсан. Би аавыгаа хаачих гэж байгаа талаар асуухад айлд очоод ирье гээд явсан. Орой 18 цагийн орчим би эмнэлгийн хоол цай хийж байхад аав гэрт орж ирэхээр нь аавыг гэртээ сууж тогтохгүй хаагуур яваад байгаа юм бэ гэж асуухад аав “гараа гэмтээчихлээ явж бариулчхаад ирлээ гэхээр нь яагаад гэмтээсэн талаар асуухад ****************ид зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би бага ах руугаа утсаар залгаад аавыг **************** гуай зодчихсон байна гэж хэлэхэд цааш нь манай ах **************** гэдэг хүний бэр лүү нь залгахад ****************ийн хүү нь утсаа аваад манай аав согтуу байна яг юу болсон талаар мэдэхгүй байна  гэж хэлсэн гэсэн. Аав эмнэлгийн хоол цайг ээжид аваачиж өгөх гээд явсан. Тэгсэн чинь бага ах над руу дахин залгаад “аав согтуу байсан юм уу. Батпүрэв тэгж ярьж байна гэхээр нь би аав архи уугаагүй байсан гэж хэлсэн. Манай аав огт архи уудаггүй. Мөн энэ өдөр аавтай хамт явж байсан Батчулуун ах руу утсаар залгаад та хоёр архи уусан юм уу гэж асуухад Батчулуун гуай бид хоёр архи уугаагүй тэтгэвэр буухаар нь тэтгэврээ аваад Маргад хүнсний дэлгүүр орж тамхи авах гээд ороход **************** согтуу байсан тэгсэн чинь **************** нь танай аавыг үхэр Бямбалай гээд байсан чинь аав чинь сонсохгүй тоохгүй байхаар нь **************** аавыг чинь 2 удаа цохиод авсан гэж надад хэлхээр нь та тэгээд салгаагүй юм уу гэхэд ах нь салгах гэсэн боловч чадал хүрэхгүй юм байна лээ гэж хэлсэн тэрнээс өөр юм яриагүй. Маргааш нь **************** гэдэг хүнийг манайд ирж уулзах байх гэж бодоод энэ хүний ар гэрийн хэн нэг рүү утасдаагүй. Маргааш өглөө нь **************** гуай над руу утасдаад Бямбалай ах гайгүй юу ах нь Мөрөнд явж байна гэхэд нь та цохиж нүдсэн хүнээ аваад эмнэлгээр явахгүй яасан ю” гэж хэлсэн. Энэ хүн Их-Уул сум ороод очоод уулзъя гэсэн боловч одоо болтол манай аавтай уулзаагүй. Тэр талаар би огт мэдэхгүй байна. **************** гуай надтай утсаар ярихдаа танай аав хуриман дээр над руу томроод байсан гэсэн. Би хэрвээ тийм юм болсон бол тухайн үед нь шийдэхгүй яасан юм. Ийм олон жилийн дараа сөхөх хэрэг байсан юм уу гэж хэлсэн. Утсаар ярьж дууссаны дараа би ээжээс аав хуриман дээр **************** гуайтай муудалцсан юм уу гэхэд ээж ийм асуудал болоогүй. Харин **************** өөрөө согтоод бэрийнхээ бага ахтай нь ам зөрж байгаа харагдсан өөр хэрүүл маргаан болон зодоон болоогүй” гэж хэлсэн мөн би бага ахаасаа асуухад бага ах огт хэрүүл маргаан болон зодоон болоогүй гэж хэлсэн. **************** гэдэг хүний бэр Баасанжаргал нь манай ээжийн төрсөн ахын охин нь байгаа юм. Баасанжаргал тухайн үедээ нөхөртэйгөө суугаагүй байхдаа хадмындаа нэг хэсэг байсан юм. Нөхрийгөө модонд явсан хойгуур хадам ээжтэйгээ муудалцсан чинь мөн нөхрийн дүү Батцэцэг хоёр намайг гэрээс яв гээд хөөхөөр нь би хувцсаа аваад Улаанбаатар хотод ирлээ гэж хэлхээр нь би дотроо энэ хүнийг манай аав, ээжээс өөр өмөөрч явах хүн байхгүй гэж дээрэлхдэг юм байхдаа гэж боддог байсан. Тэгж хэлснээс хойш хэдэн сарын дараа нь буюу би Их-Уул суманд өвөл очихдоо Батцэцэгтэй тааралдаад би хатуухан хэдэн үг хэлсэн. Тэгж хэлж байхдаа би чамайг ээжтэй чинь хархаар нүд хорсоод байна хэлсэн нь үнэн. Харин би ээжийг чинь алчихмаар байна гэж огт хэлээгүй. Зодоон болсон өдөр гэртээ орж ирэхэд нүүр нь хэсэг хэсэг газар шалбарсан мөн бага зэрэг цус гарсан байсан мөн хоолой нь улайцан байсан. Баруун гарын эрхий хуруу нь хавдаад цус хурсан байсан. Тэгээд Мөрөн явж эмнэлэгт үзүүлэхэд баруун гарын эрхий хурууны яс нь хөндлөн хугараад яс нь зөрсөн гэж эмч хэлсэн. ... ” гэх мэдүүлэг /хх-20-22х/,

         Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 билүү 2018 онд билүү сайн санахгүй байна. Манай ангийнхан Их-Уул суманд уулзаж бааранд суусан юм. Баарны гадаа байхад Нарангоо над руу танайхныг хархаар дургүй хүрээд байх юм. Чамайг болон ээжийг чинь хархаар. Хотод байсан болохоор даанч чадахгүй юм ойрхон байсан бол очиж алчихмаар санагдах гэж хэлсэн тэгэхээр нь би энэ хүнд чи яасан юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр өөр юм яриагүй. Би маргааш нь Нарангоод хувь чат руу нь чи яахлаараа тэгж хэлдэг юм гэхэд Нарангоо би тэгж хэлээгүй гээд дайраад байсан. Тухайн үед бид хоёрыг тэгж ярьж байхад манай ангийнхан байсан байх би сайн санахгүй байна. Гэртээ хариад би аав, ээж хоёрт Нарангоо над руу ингэж яриад байх юм яасан юм бол гэж асуухад тухайн үед юу гэж хэлснийг сайн санахгүй байна. ... Би тэр үед гэртээ байсан. Аавын хамраас нь цус гарсан мөн гадуур хувцас нь цус болсон байдалтай гэртээ орж ирсэн. Цусаа арилгаад унтаад өгсөн. Унтаж босож ирээд манай хуриман дээр Бямбалай ахын ярьсан юмыг бодож явж байгаад согтуу таарчихлаа гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-24-26х/,

         Гэрч С.Батчулууны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би ХААН банк орж тэтгэврээ авсан энэ үед Бямбалайтай тааралдаад бид хоёр хамт Маргад хүнсний дэлгүүр орох гээд явсан. Дэлгүүрийн гадаа очиход **************** нь Батбаяр хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд бид хоёр энэ хүмүүсийн хажуугаар өнгөрөөд дэлгүүр лүү орсон. Удалгүй араас **************** орж ирсэн. Би худалдагчтай наймаа хийгээд зогсож байхад миний ар талд юм пижигнээд явсан эргээд харсан чинь **************** нь Бямбалайгийн хувцасны захнаас нь заамдаад зогсож байсан харин Бямбалай нөгөө хүнийхээ 2 гараас нь барьцан харагдаж байсан. Тэгсэн чинь худалдагч нь энэ хоёр хүнийг дэлгүүр дотроос хөөгөөд гаргасан. Гадаа гарсан хойноо энэ хоёр хоорондоо маргалдаж зодолдсон үгүйг сайн мэдэхгүй байна. Дэлгүүрээс гараад ирэхэд манай хүүхэд гадаа мотоциклтой ирэхээр нь би суугаад гэр лүүгээ явсан. ... ” гэх мэдүүлэг /хх-28-29х/,

         Гэрч З.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Маргад хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад. Батбаяр орж ирээд тамхи аваад зогсож байхад гаднаас **************** согтуу орж ирээд Батбаяр гэдэг хүнийг хүргээд өг гэсэн чинь Батбаяр хаашаа хүргүүлэх гэж байгаа юм гэж асууж байснаа хоорондоо маргалдаад байхаар нь би энэ хоёр хүнийг үйлчилгээний газар хэрүүл хийлээ гээд хөөгөөд гаргасан. Гадаа нийх удалгүй байж байгаад Батбаяр машинтайгаа явж байгаа харагдсан. Удалгүй гаднаас Бямбалай, Батчулуун гэдэг хоёр хүн орж ирээд надтай наймаа хийгээд зогсож байхад **************** буцаж орж ирээд Бямбалай гэх хүнийг үхэр Бямбалай чи миний хүүгийн хурим дээр агсам тавьсан гээд Бямбалай гэх хүний хувцасны захнаас барьж аваад цонхны тавцан луу шахсан. Би Батчулуун гэх хүнтэй наймаа хийгээд мөнгө тоолж байхад **************** гэдэг хүний гар утас нь дэлгүүрийн шалан дээр унасан мөн ****************ийн хамраас нь цус гоожиж байгаа харагдсан. Тэгээд би энэ хоёр хүнийг дэлгүүрээс хөөж гаргасан. Хэн нь эхэлж нэгнийгээ цохисныг би сайн харж чадаагүй дэлгүүрээс Бямбалай гуай түрүүлж гарсан чинь араас нь **************** гарсан. Гадаа гараад юу болсон талаар би сайн хараагүй. 3-4 хоногийн дараа Бямбалай гэх хүний охин манай дэлгүүрийн гадна талын камерыг шүүж харахад **************** нь Бямбалай гэх хүний араас очоод хашаа руу шахаад нэлээн хэдэн минут ноцолдож байгаад салаад явж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-32-34х/,

         Гэрч Д.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би хөдөөнөөс орж ирээд Маргад хүнсний дэлгүүрт наймаа хийж байхад гаднаас **************** согтуу орж ирээд над руу хэрээ Баяр пизда минь хурдан хүргээд өг гэхээр нь би урдаас нь чи юундаа хүн доромжлоод хэрүүл өдөөд байдаг юм гэсэн чинь **************** намайг хувцасны захнаас заамдаж авсан чинь худалдагч нь бид хоёрыг дэлгүүр дотор хэрүүл хийлээ гар гэсэн. Бид хоёр дэлгүүрээс хамт гарсан чинь энэ хүн дахиж намайг хувцаснаас зуураад авахаар нь би гарыг нь тавиулаад машиндаа суух гээд явж байхад Бямбалай, Батчулуун гэх хүмүүс дэлгүүр лүү орж байгаа харагдсан би тэгээд шууд машиндаа суугаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-36х/,

         Гэрч Ц.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би гэрээсээ дэлгүүр орох гээд машинтайгаа явж байхад Маргад дэлгүүрийн гадаа Бямбалай ахыг нэг танихгүй ах заамдаж аваад зогсож байсан. Би Бямбалай ахыг салгах гээд болиоч гэсэн чинь энэ хоёр салж өгөхгүй болохоор нь би хаяад яваад өгсөн. Тэгээд би дахиж энэ хоёр хүн дээр дахиж ирээгүй. Миний харснаар Бямбалай ахыг нөгөө хүн зодож байгаа юм харагдаагүй. Бямбалай ахыг архи уусныг мэдэхгүй. Харин нөгөө хүнийг нь архи уусан эсэхийг сайн мэдэхгүй. Би тухайн үедээ таниагүй ямар ч байсан Их-Уул сумын иргэн гэдгийн мэднэ. Дараа нь Бямбалай ахаас өөрөөс нь сонсоход **************** гэдэг хүн гэж мэдсэн. Мөн Бямбалай ахын баруун гар нь боолттой байгаа харагдсан. Өөрөө хэлэхдээ гарынх нь савх нь хугарсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-38-39х/,

         Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 88 дугаартай:

  1. ****************н биед баруун сарвууны эрхий хуруу 3-р шивнүүр яс зөрөөтэй хугарал, баруун сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. ****************н биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  5.  Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-43х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53х/, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолт /хх-56х/, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000103 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч С.****************  нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” дэлгүүр дотор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч ****************г хэл амаар доромжилж цохин баруун гарын хурууг хугалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

   шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

   Хохирогч ****************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

   Гэрч Б.Нарангоогийн /хх-20-22х/, гэрч Б.Батцэцэгийн /хх-24-26х/, гэрч С.Батчулууны /хх-28-29х/, гэрч З.Оюунцэцэгийн /хх-32-34х/, гэрч Д.Батбаярын /хх-36х/, гэрч Ц.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх /хх-38-39х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

  Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- 43х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч С.**************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч С.**************** нь үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****************н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна. Хохирогч **************** нь эмчилгээний зардалд 1.146.600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтын шаардлага хангасан 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НИК ХХК-наас авсан бензиний үнэ 50.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн НИК ХХК-наас авсан бензиний үнэ 50.000 төгрөг, нийт 100.000 төгрөгийг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч ****************д олгох нь зүйтэй гэж үзлээ. Үлдэх 1,046,600 төгрөгийг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.****************оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэв.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.****************ийг ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, нас, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1300 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.****************оос нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 1300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

  Эрүүгийн 2138000000103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Болд  овогт ****************ын  ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************ын  ****************ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.**************** нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.****************  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.****************оос 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаруулж, хохирогч ****************д олгох, энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.****************оос нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

6. Эрүүгийн 2138000000103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.****************ид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЭЭЖИН