| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/233 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/233
2021 03 31 2021/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч М.Отгонбаатар,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х овогт С-ын Н-д холбогдох эрүүгийн 2109 00000 0034 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Гурван баян суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 47 дугаар байрны 178 тоотод оршин суух хаягтай, Х овогт С-лын Н /РД:СЗ00000000/,
2. Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Н нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 516 дугаар байрны 113 тоот хаалганы үүдэнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер Э.Т-гийн тус хаягт ирсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгах явцад “Та нар шалгадаг хэн юм бэ, гэж үг хэлээр эсэргүүцэн түүнд Монгол Улсын хэмжээнд гарсан цар тахал өвчнөөс сэргийлж маск зүү гэсэн шаардлага тавихад энэ муу маск юу юм бэ гэж Т-гийн биед халдан нүүрийг нь маажих, нүүрэнд нь зүүлттэй байсан маскийг нь авч шидэх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.Н нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 516 дугаар байрны 133 тоот хаалганы үүдэнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер Э.Т-гийн тус хаягт ирсэн гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгах явцад “Та нар шалгадаг хэн юм бэ гэж үг хэлээр эсэргүүцэн түүнд Монгол Улсын хэмжээнд гарсан цар тахал өвчнөөс сэргийлж маск зүү гэсэн шаардлага тавихад энэ муу маск юу юм бэ гэж Э.Т-гийн биед халдан нүүрийг нь маажих, нүүрэнд нь зүүлттэй байсан маскийг авч шидэх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Т-гийн өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бэлхийн 111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 516 дугаар байрны 133 тоотод зодоож болоод байх шиг байна гэх дуудлагыг 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 02 цаг 34 минутад хүлээн авч хаягийн дагуу очиж шалгахад тус байрны 133 тоотоос хоёр согтуу эмэгтэй хүн үүдэн дээрээ гарч ирж таарсан. Тэгэхээр нь тэр хоёр эмэгтэйд хандан амрыг эрье танай гэрт шуугиан болоод байна гэсэн дуудлага ирсэн, орж шалгах хэрэгтэй байна гэхэд нэг эмэгтэй нь тэг тэг гээд гэр рүүгээ оруулаад шалгуулсан. Үүдэнд нь ороход үүднээсээ цаашаа явуулахгүй, та нар эрсдэлтэй байна, цар тахал өвчин байгаа, манайд шуугиан болсон асуудал байхгүй, манайд бид 2-оос өөр том хүн байхгүй гэсэн. Тэгэхээр нь би шалгачхаад гарч явах гэтэл гадна байсан нөгөө эмэгтэй нь “Та нар шалгадаг хэн юм бэ гэж орилохоор нь та маскаа зүү маскгүй байна гэж шаардлага тавихад энэ муу маск юу юм бэ гэж орилоод миний маскийг баруун гараараа базаж аваад газарт шидсэн. Тэгээд урдаас орилж хашхичаад дайраад байхаар нь биеийн хүч хэрэглээд авч явж эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б-өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бэлх 111 чиглэлд буюу Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Бэлх 10-с Хангай хотхоны 516 дугаар байрны 133 тоотод шуугиан болоод байна гэсэн дуудлага ирсний дагуу цуг үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер Т-гийн хамт Хангай хотхоны 516 дугаар байр руу ороод лифтээр дээшээ гараад лифтнээс буухад Лифтний зүүн талын хаалганаас хоёр эмэгтэй хүн гарч ирж байхаар нь бид 2 очоод Т тухайн 2 эмэгтэйд хандан амрыг эрье танай хаягт шуугиан болоод байна гэх дуудлагын дагуу ирлээ гэхэд тэр 2 эмэгтэй ороод шалга, манайд ямар ч тийм асуудал болоогүй гэхээр нь Т гэр рүү нь нөгөө эмэгтэй хамт орсон. Би үүдэнд зогсож байхад нөгөө эмэгтэй нь та нар юу ч болоогүй байхад хэн дуудлага өгсөн юм бэ тэр хүнээ хэл гээд Т-д хандан хэлэхэд Т та регистрийн дугаараа хэлчих гэхэд “Үгүй яасан гэж хэлдэг юм” гээд маргалдаад байхаар нь тухайн эмэгтэйг авч гараад эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ү-ийн өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед манай найз Н, М 2 ирээд бид 3 Абсолют нэртэй архийг хувааж уусан. М-г нөхөр нь ирээд аваад явсан. С.Н нь манайд хонохоор болоод бид 2 ороо засаад унтаж байхад М-гийн нөхөр нь над руу залгаад “Бид 2 жоохон маргалдчихлаа, найзыгаа гарч ирээд аваарай, машинаас буугаад явчихлаа гэхээр нь би Н-г сэрээгээд бид 2 М-г хайхаар гараад лифт хүлээгээд зогсож байхад урдаас 2 цагдаа бууж ирээд танайхаас чимээ гараад байна гэх дуудлага ирсэн ороод шалгая гэхээр нь тэг тэг гэж хэлээд оруулж шалгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №20 дугаартай “...Э.Т-гийн биед зүүн хацарт 1.8 харьцах 03 см, баруун гарын сарвуунд 0.7 харьцах, 0.2 см хүрэн тав бүхий зулгаралттай, зүүн хацар бараан гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 45-46/-р тал,
Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-20/-р тал,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 61-62/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Н-гийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 516 дугаар байрны 133 тоотод байрлах найз Ү-ийн гэрт очсон. Төрсөн өдрөөр нь очиж чадаагүй тул гэртээ байсан Абсолют нэртэй нэг шил архийг бэлгийн хамт аваад очсон. Ү-д М тэр 2 байсан. Бид нийлээд хоол ундаа идчихээд авчирсан архиа хувааж уугаад юм яриад сууж байтал М-гийн нөхөр нь ирээд М-г аваад явахаар нь бид 2 унтах гээд хэвтэцгээсэн. Тэгээд намайг унтаж байхад Ү сэрээгээд М-гийн нөхөр нь яриад байна, тэр 2 маргалдаад М машинаас буугаад явсан гэнэ, гадаа зогсоод байж магадгүй, 2аа гарч авъя гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээс нь гарахад цахилгаан шатнаас 2 шар хувцастай цагдаа бууж ирж байсныг санаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь би тэр 2-ын нэг цагдаатай нь маргалдаад дайраад байснаа санаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэгээд маргааш нь урд шөнө болсон явдлыг цагдаа болон найз Ү-с сонсоод Т-н ажиллаж байсан газар нь очиж, уучлалт гуйгаад уулзаад хохирлын мөнгө болох 400.000 төгрөгийг өгөөд бид 2 учраа олсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 33-34/-р тал зэрэг болон хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч С.Н нь хэрэг хянан шийдвэрлэх аль ч үед өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч С.Н-г тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч С.Н-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Э.Т-гийн зүгээс гомдол, санал байхгүй, хохирлоо нөхөн төлүүлж авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгч С.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч С.Н-гийн хувьд Эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал /бага насны 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй/ хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч С.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт С-лын Н-г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Нд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР