Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 495

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Агийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох эрүүгийн 201625032247 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.А нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 138-а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлсэн,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 5 сар 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

Архангай аймгийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2.4, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 25 жил хорих ял шийтгүүлсэн;

 

Б.А нь Г гэгчтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамжны 151 тоотод оршин суух иргэн Г.Чын эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 840.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн тоногтой хазаар, мөнгөн гинж, монгол гутлын суран даруулга, пүүз, мөнгөн бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлс хулгайлахыг,

мөн Г гэгчтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамжны 15А тоотод оршин суух иргэн Я.Бийн эзэмшлийн 74-79 УНМ улсын дугаартай “MITSUBISHI AIRTREK” загварын автомашинаас гялгар уутанд боож бэлтгэсэн 297.000 төгрөгийн үнэ бүхий 90 кг ямааны мах хулгайлахыг тус тус завдсан,

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Тийн тортой эд зүйлсээс Орифлэймийн гоо сайхны эд зүйлсийг хулгайлж, 266.200 төгрөгийн хохирол,

2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цог” зочид буудлын шатан дээр унтаж байсан хохирогч Г.Тын халааснаас “Самсунг жи 3” загварын гар утас, монетон бөгж, хэтэвчинд нь байсан биет 30.000 төгрөг, 110 ам.доллар зэрэг эд зүйлийг хулгайлж, 770.578 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөхийн дуулга” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Өын гар утас, бэлэн мөнгийг нь хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялд хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Агийн цагдан хоригдсон нийт 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Агээс нийт 896.778 /найман зуун ерэн зургаа мянга долоон зуун далан найман/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Т /РД: СЮ66010566/-т 126.200 /нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун/ төгрөг, хохирогч Г.Т /РД: ЖЭ80121714/-т 770.578 /долоон зуун далан мянга таван зуун далан найман/ төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хулгайн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хийсэн хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч а/д Бат-Эрдэнэ дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1, 147 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шалгагдаж байсан. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, миний эрх зүйн байдлыг дордуулж байна. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлалтай “Хөхийн дуулга” баарны 00-ын өрөөнд хохирогч Өлзийбадрах болон түүний найз С.Бат-Өлзий нартай тааралдаж, зөрөхдөө Өлзийбадрахын өмдний халааснаас утсыг нь суйлж авсан үйлдлийг гэрч болон Бат-Өлзий гэгч харж “утсыг нь өгөөч” гэхэд маргалдаж, цагдаа дуудаж баригдсан. Ийм байхад энэ хэргийг дээрмийн үйлдэл гэж 2 жилийн ял оногдуулсан. Миний бие хулгай хийсэн болохоос дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. ... Түүнчлэн бусдад учруулсан хохирлоо барагдуулж байгаа бөгөөд бүрэн төлж барагдуулахаа амлаж байна. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч Б.Агийн хүсэлтийн дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний гомдлыг дэмжиж оролцож байгаа. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

 

Б.А нь 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамжны 151 тоотод оршин суух иргэн Г.Чын эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 840.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн тоногтой хазаар, мөнгөн гинж, монгол гутлын суран даруулга, пүүз, мөнгөн бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлс хулгайлахыг,

мөн 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамжны 15А тоотод оршин суух иргэн Я.Бийн эзэмшлийн 74-79 УНМ улсын дугаартай “MITSUBISHI AIRTREK” загварын автомашинаас гялгар уутанд боож бэлтгэсэн 297.000 төгрөгийн үнэ бүхий 90 кг ямааны мах хулгайлахыг тус тус завдсан,

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Тийн тортой эд зүйлсээс Орифлэймийн гоо сайхны эд зүйлсийг хулгайлж, 266.200 төгрөгийн хохирол,

2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цог” зочид буудлын шатан дээр унтаж байсан хохирогч Г.Тын халааснаас “Самсунг жи 3” загварын гар утас, монетон бөгж, хэтэвчинд нь байсан биет 30.000 төгрөг, 110 ам.доллар зэрэг эд зүйлийг хулгайлж, 770.578 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөхийн дуулга” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Өын гар утас, бэлэн мөнгийг нь хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Ч /1 дүгээр хавтас, 22-23 дугаар хуудас/, хохирогч Я.Б /1 дүгээр хавтас, 113-114 дүгээр хуудас/, хохирогч Г.Т /2 дугаар хавтас, 85-86 дугаар хуудас/, хохирогч Г.Т /1 дүгээр хавтас, 192 дугаар хуудас/, гэрч Н.Аззаяа /2 дугаар хавтас, 31-32 дугаар хуудас/, гэрч Ц.Билгүтэй /2 дугаар хавтас, 29 дүгээр хуудас/, гэрч Б.Дуламсүрэн /1 дүгээр хавтас, 193 дугаар хуудас/, гэрч Б.Алтанбаяр /1 дүгээр хавтас, 194 дүгээр хуудас/, Б.Агийн сэжигтнээр өгсөн /1 дүгээр хавтас, 116-117 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 6-9 дүгээр хуудас, 2 дугаар хуудас, 48-49 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, 24, 187 дугаар хуудас/, хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, 211-212, 214-215 дугаар хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, 88, 89-93 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, 71 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт болон шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэж, хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Б.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хохирогч Г.Ө “...Бие засаад байж байхад намайг үл таних хүн татаж унагаад намайг өшиглөж зодсон. Тэгээд миний халааснаас миний гар утас, мөнгийг аваад намайг жорлонд үлдээчихээд гараад явчихсан. ...” /1 дүгээр хавтас, 135 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Энхтөр “...00 дотор зодоон болоод байна гэхээр нь би 00-ийн өрөөнд ороход зодолдоод дууссан байсан. Тэгэхэд уг 00-д хохирогч гэх залуу, Б.А гэгч нар үл таних 3 залуугийн хамт байсан. ...Тэгтэл уг залуугийн эхнэр нь гэх эмэгтэй манай нөхрийн утас, мөнгө алга болчихлоо гэсэн. ...” /1 дүгээр хавтас, 141-142 дугаар хуудас/ гэх мэдүүлэг тус тус өгчээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авсан байдаг бол дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа хулгайлах гэмт хэргээс ялгагддаг.

 

Дээрх хохирогч, гэрч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан, хоорондоо зөрүүгүй мэдүүлгүүдээс үзэхэд, Б.А нь “Хөхий дуулга” баарны 00-ийн өрөөнд хохирогч Г.Өын гар утас, мөнгийг авахдаа заамдаж, хоолойг нь боож, цохиж, зодож хүч хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний дээрх үйлдлийг дээрмийн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Б.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь Б.Агийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул түүний дээрх үйлдлүүдийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хоёр тусад нь буюу төгссөн хулгайн үйлдэл, завдсан хулгайн үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болжээ.

 

Прокуророос Б.Аг Г гэгчтэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх “прокурор нь Г гэгчийн хэргийг тусгаарлах тогтоол гаргасан, энэ байдал нь Б.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлт хийсэн байх тул Б.Агийн хохирогч Г.Ч, Я.Б нарын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан хэргийн үйл баримтыг тогтоосон байдлыг хөндөхгүй орхив.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч анхан шатны шүүхээс Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг баримтлан 1 жил болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “2-8 жил хүртэл” хорих ял оногдуулахаар заасан бөгөөд завдсан үйлдэлд ял шийтгэл оногдуулахдаа тухан зүйл, хэсэг, заалтад заасан төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаас ямагт бага ял оногдуулах нь зохистой гэж үзнэ.

 

Учир нь, тухайн этгээдийн үйлдэл төгсөөгүй буюу санаа зорилгоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй байдал, завдсан хулгайлах үйдлийн хувьд бусдад учруулах хохирол нь төгссөн гэмт хэргийн хохирлоос бага байдаг зэрэгтэй хамааралтай болно.

 

Иймд шүүгдэгч Б.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулав.