Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 26

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                      Хэргийн индекс: 114/2019/0013/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Хөдөө хавчууд суух Хондог овогт Д.Б-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, Шарын гол сумын Засаг дарга нарт холбогдох

Гуравдагч этгээд: “*******” ХХК

Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Шарын гол сумын Овоот нэртэй газарт Ашигт малтмалын лиценз авахаар гаргасан өргөдөлд өгөх 1 дүгээр саналыг”, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаар захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        Д.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Г.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Д.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Хөдөө хавчуу гэх газарт гэр бүл, үр хүүхдүүдийн хамтаар 1990 оноос хойш ногоо тарьж, мал маллаж ирсэн билээ. Амьдарч байгаа газраа баталгаажуулж, гэр орон сууц барих, хүнсний ногоо тарих, мал маллах зориулалтаар газраа эзэмших хүсэлтийн минь дагуу Шарын гол сумын Засаг дарга 1998 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн 05 дугаар захирамжаар 1750 метр квадрат газрыг эзэмшүүлж, ШГи-125  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэний газар эзэмших гэрээ байгуулсан болно.

Иргэний газар эзэмших гэрээний 7 дахь заалтаар “гэрээний хугацаа дуусахад гэрээг шинээр хийх” тохиролцоог тэмдэглэж өгсөн юм. Гэрээний хугацаа 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоос өмнө би газар эзэмших эрхээ сунгуулахаар сумын Засаг даргад хандсан бөгөөд тус сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “өвөлжөөний” зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч Газрын даамал нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй хүлээлгэж байсан. Одоо уг газар манай 3 өрөө бүхий бетон цутгамал суурьтай 1 өвлийн орон сууц, өвөлжөө, ногооны талбай, амбаар гэж нэрлэгддэг цагаан идээ хийх, зун унтаж амрах зориулалттай 3 хэсэг банзан сууц байдаг.

Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай гэр бүлийн амьдарч байгаа газрын ойролцоо ******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй гэж тайлбарлан алт олборлож эхэлсэн бөгөөд биднийг эсэргүүцэхэд хүч хэрэглэн үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус компанийн үйл ажиллагаанаас маш их тоосжилт үүсч, ******* ХХК алт олборлохоор ухаж гаргасан шавартай лаг шороогоо Хавчуугийн голын урсгалыг хааж асгаснаар урсаж байсан голын ус татарч мал бэлчээрлэх газаргүй болсон. Энэ талаар миний зүгээс гомдол гаргаж эхлэхэд тус компанийн уурхайн захирал Ц “манайд ирж манай үйл ажиллагаанаас болж та хохирч байгаа, өвчин туссан гэж байгаа бол бид таны хохирлыг нөхөн олговор болгож 15 000 000 төгрөг өгье. Бид энэ жаахан газрыг маш хурдан хугацаанд ухаж дуусгаад л явна. Та хэл ам битгий хийгээч” гэж гуйж, өдгөө 80 хүрсэн настан би уг тайлбарт нь итгэж, жижигхэн хэсэг газрыг ухаж дуусгаад явах юм байх гэж ойлгон хүлээж байсан юм.

Гэтэл ******* ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээрээ “өөрийн тусгай зөвшөөрлийн талбай дээр хөгшин намайг амьдарч байгаа тул албадан нүүлгүүлэх, намайг сайн дураараа нүүнэ гэж худал хэлж авсан гэх тайлбартайгаар өгсөн, 15 000 000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр надад гардуулснаар иргэн Д.Б би ******* ХХК-ийн 2007 онд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбай нь миний 1998 оноос эзэмшиж амьдарч байгаа газар болон малын бэлчээр, өвөлжөөний газартай давхацсан болохыг ойлгож тус компанид тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актын улмаас эрхээ зөрчигдсөн болохыг олж мэдээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Д.Б миний газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж, мөн хуулийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус заасны дагуу үүссэн хууль ёсны эрх юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” гэж заасан байна.

Аймгийн Засаг дарга нь бусдын амьдарч, эзэмшиж байгаа, үл хөдлөх хөрөнгө бүхий иргэний суурьшлын бүс, мөн голын онцгой хамгаалалтын бүс бүхий газар байгаа байдлыг харгалзан үзэхгүйгээр, мөн 2017, 2018 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 27 дугаар зүйлийн 27.1, 31.2, 31.3-т заасныг зөрчсөн болно.

Улмаар Шарын гол  сумын Засаг дарга нь иргэн Д.Б миний гэр бүлийн 1998 оноос хойш хуулийн дагуу эзэмшиж ирсэн газартай давхцуулан, усан бүхий газарт, малын бэлчээр, иргэдийн суурьшлын бүсэд хамаарах нутаг дэвсгэр дээр ашигт малтмал ашиглуулах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжаар Хавчуу овоо нэртэй газарт 48.8 га газрыг 15 жилийн хугацаатай, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/83 дугаар захирамжаар “өмнөх олгосон 48.8 га газраасаа голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хасаж багасган ******* ХХК-д 38.33 га газрыг 15 жилийн  хугацаатай тус тус эзэмшүүлэх“-ээр шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Аймгийн болон сумын Засаг дарга нь анх Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг бүхэлд нь зөрчин усан сан бүхий газарт тусгай зөвшөөрлийн талбайн газар олгосон болох нь хариуцагчийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаар захирамжаар ******* ХХК-ийн талбайгаас усан сан бүхий онцгой хамгаалалтын 50 метр бүсийг хасаж, 38.33 га болгож шийдвэрлэсэн шийдвэрээс харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Д.Б миний гэр бүлийн 1998 оноос хойш хуулийн дагуу эзэмшиж ирсэн газар тул Аймаг болон сумын Засаг дарга нар миний хууль ёсны эзэмшиж байгаа газартай давхцуулан, малын бэлчээр, усан сан бүхий газартай иргэдийн суурьшлын бүсэд ******* ХХК-д ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн шийдвэр гаргаж улмаар тусгай зөвшөөрлийн талбайн газар олгосон нь нэхэмжлэгч миний газар эзэмших эрх, цаашлаад иргэнд Үндсэн хуулиар олгосон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана гээд 6.2.1-т бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар гэж, 31 дүгээр зүйлийн 31.2 Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасныг зөрчсөн байна.

Эдгээр байдал нь иргэний суурьшлын бүс, малын бэлчээр газарт ашигт малтмал ашиглахаар газар олгож байгаа нь төрийн байгууллагын албан тушаалтнуудын хууль сахин биелүүлдэггүй, бодлын уялдаагүй, ард иргэддээ үйлчлэх үндсэн ажлаа ойлгодоггүй, цаашилбал бусад эргэлзээтэй, иргэн хүн хардахуйц хууль бус ажиллагаа гэж үзэж байна.

Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны улмаас “*******” ХХК-ийн эзэд дураар авирлаж, иргэнийг хуулийн байгууллагаар далайлган дарамталж хөөн явуулах гэж байгаа гэдэг нь тус компанийн иргэний хэргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээс харагдаж байна. Иймд төрийн байгууллагын албан тушаалтны хууль бус ажиллагааг таслан зогсоож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн Засаг даргаас “*******” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн шийдвэр болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/66, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаар захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээд болох “*******” ХХК нь 2007 оны 02 сарын 14-ний өдөр 12040/А гэсэн тусгай зөвшөөрөл авсан. Зөвшөөрөл авахдаа аймгийн Засаг даргын дэмжсэн санал авч, хуульд заасны дагуу авсан гэж тайлбарлан шүүхэд нотлох баримтаа өгөөд байна. Ингээд нэхэмжлэл гаргах явцад харж байхад дэмжсэн санал, аймгийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн гэсэн бичиг явуулаагүй гэх боловч Ашигт малтмалын газраас дэмжсэн гэсэн бичиг ирсэн гэж хэлдэг. Нэхэмжлэгч тал нь аймгийн Засаг даргыг хуурамчаар дэмжсэн захиргааны акт гаргасан гэж үзэж байна. 2007 онд урт нэртэй хууль гарч тэр урт нэртэй хуульд голын энгийн болоод онцгой хамгаалалттай бүсэд ашигт малтмалын лиценз ашиглахыг хориглосон. 2007 оноос өмнө Усны тухай хуулиар усны хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон боловч газар хатаад ирвэл лиценз олгож байсан гэдэг. Гэхдээ үүнийг таслан зогсоохоор тэр урт нэртэй хуулийг гаргасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад тухайн үед нэхэмжлэгчийн оршин сууж байгаа Хавчуу голын онцгой бүсэд тусгай зөвшөөрөл олгосон болох нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл 2018 оны 6 сарын 18-ны өдрийн А/83 тоот Шарын гол сумын Засаг даргын “тусгай зөвшөөрөл олгох” захирамжид усны онцгой хамгаалалтад байгаа бүсийг багасгаад энгийн хамгаалалтад байгаа бүсэд газар олгосугай гэж заасан байдаг. Энэ нь онцгой хамгаалалтын бүс байсан ч хасна гэж заасан байна. Усны тухай хууль болон урт нэртэй хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон бол хилийн бүс улсын хамгаалалтаас хасаж гаргах ёстой байсан.

Хоёрт гэвэл “*******” ХХК-нд олгосон 2017 оны албан бичигт “Хавчуугийн голын гольдрол нь гадарга усны мэдээллийн санд байгаа бодит мэдээлэлтэй зөрүүтэй байгаа тул 50 метрийн онцгой байдал тогтоож Сиди-д хүргүүлэв” гэсэн байгаа. Харамсалтай нь сиди ирсэнгүй. Үүнээс үзэхэд онцгой хамгаалалтын бүс байх магадлалтай. Газрын тухай хуульд зааснаар иргэдийн суурьших газрыг төлөвлөх ёстой. Хариуцагч тал ирүүлсэн тайлбартаа 2006 оны газар төлөвлөлтөнд тусгасан гэдэг боловч тэр төлөвлөгөөг нь олж хараагүй байсан. Ингээд газар төлөвлөгөөндөө тусгаагүй мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдөөс санал авах ёстой байсан боловч санал аваагүй. Голын ус гольдролыг хааж ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон аймгийн Засаг Даргын шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн.

Нэхэмжлэгч Д.Б нь Улаанбаатар хотод Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тусгай зөвшөөрөл олгосон лицензийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа явж байгаа. Хурал нь зарлагдсан. Эдгээр хууль бус үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байна. Эхний А/66 тоот захирамжаар газрын эрх үүсэж анхны харилцааг бий болгосон болохоор нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2017 онд газар эзэмшүүлж, 2018 онд газрын хэмжээг багасгасан захирамж гаргасан. Хариуцагчийн  тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Б нь хүсэлтээ Шарын гол сумын Санжид багийн Засаг Дарга болох эмэгтэйгээр “газар олгож өгөөч” гэсэн хүсэлт бичүүлсэн гэж хэлдэг. Санжид багийн Засаг Дарга гэх эмэгтэйгээр Д.Б нь хүсэлт бичүүлсэн нь тогтоогдсон. Д.Б нь газар эзэмших хүсэлтээ 2017 онд гаргаагүй. Учир нь 2011 оны сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Нэгэнт шийдвэр гарсныг мэдэж байсан болохоор дахин газар эзэмших хүсэлт гаргах хууль зүйн шаардлага байхгүй. Газар нь Хавчуу гэдэг газар байгаа. Б гуай энэ газраас өөр газар амьдарч байгаагүй. 1998 оны газар эзэмших гэрчилгээгээр газар эзэмших хүсэлтийг нь 2011 онд Засаг Дарга өөрөө сунгачхаад энийгээ шинэ ололт гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Газрын байрлал байхгүй гэж тайлбарлаж байгааг нь Хавчуу гэж заасан байгаа гэдгээр нь би тайлбарлаж, Засаг Дарга нь өөрийнхөө захирамжийг илтэд хууль бус тайлбарлаж байна. Д.Б-н өргөдлийг нөхөж хийсэн буюу хууль бус үйл ажиллагааны нотлох баримт гэж үзэж байгаа. Д.Б-н эзэмшдэг газрын кадастр зургаас харахад 2 лицензийн талбай нь нэг байгаа. Ашигт малтмалын хуулиар бол нэгдмэл нэг цул тэгш өнцөгт хэлбэртэй байна гэж заасан. Сумын Засаг Даргын олгосон газар нь хоёр тасархай талбайн зураг байгаа юм. Нэгж талбар болох нь дугаартай байх ёстой байтал хоёр нэгж талбар яахаараа нэг захирамж болоод нэг дугаартай байдаг юм. Энэ нь илтэд хууль бус байна. Тэгэхээр нэг захирамжаар хоёр талбайд газар эзэмшүүлснийг шүүх анхааралдаа авна уу. ******* ХХК-ийн гаргаж өгсөн нотлох баримт болон Ашигт малтмалын гаргаж өгсөн нотлох баримтад лицензийн нүүр нь байхгүй. Мөн нэхэмжлэгчийн оршин суугаа газарт Овоот гэдэг нэртэй газар байхгүй. Шүүхэд өгсөн лицензийн нүүр нь 2006 онд олгосон нүүр дугаартай. 2007 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт ороод ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шинэчилсэн байдал нь орон даяар явагдаж, тусгай зөвшөөрлийн дугаар нь өөрчлөгдсөн. Эднээс харахад ******* ХХК-ийн лицензтэй эсэх нь эргэлзээтэй байна. Шарын гол сумын Засаг даргын тайлбарыг харахад үгсэн хувилдах байдлаар мэдүүлэг өгсөн гэж харагдаж байна. Тухайлбал 2017 оны 7 сард Д.Б өргөдөл гаргаад хариуг нь 9 сард өгөх гэх боловч Д.Б-н өргөдөлд гэрийн хаяг байхгүй байсан учир өгч чадаагүй гэсэн байдаг. Сумын засаг дарга хөдөө байгаа иргэдийнхээ хаягийг мэдэхгүй байна гэж юу байхав. Тийм хууль бус мэдүүлэг өгч байгаа байдал нь илтэд хууль бус харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч талаас тус шүүхэд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “*******” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах тухай байх ба Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2005, 2006, 2007 оны эхний хагас жил, 2016, 2017 оны харилцах бичигт “*******” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” шийдвэр (албан бичиг) байхгүй болно. Иймд аймгийн Засаг дарга С.Н-г хариуцагчаар татсан иргэн Д.Б-н нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь 2006 оны 4 сарын 19-ний өдөр лиценз гаргахыг хүссэн өргөдөлөө К07 гэсэн маягтын дагуу гаргаж өгсөн байна. Ашигт малтмал хэрэг эрхлэх газарт гаргаж өгсөн байдаг. Ашигт малтмал газрын тосны газраас 2006 оны 6 сарын 13-ны өдөр К08 маягтын дагуу лиценз авах өргөдлийн дагуу хүлээн авч тодорхойлолт гаргасан байдаг. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын 2005 оны 7 сарын 18-ны өдрийн 73130 тоот албан бичигээр ******* ХХК-ний захирал Гомбосүрэн танаа албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичиг дотор дараах зүйлс албан ёсоор биелэгдсэн байдаг. Аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1-д заасны дагуу Аймгийн Засаг даргын саналыг 30 хоногийн дотор авсан байх шаардлагатай гэдгийг дурьдсан байдаг. Энэ мэдэгдэл бол албан ёсны мэдэгдэл энэ мэдэгдлийн дагуу ******* ХХК нь Аймгийн Засаг даргад хандсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11-д тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалыг заагаад өгсөн байдаг. Энэ хуулийн 11.1.7 дахь хэсэг дээр дараах тусгай зөвшөөрлийг авахдаа аймгийн засаг даргын саналыг авна гэж заасан байдаг. Үүн дээр ашигт малтмалын тухай хуулийн 15.10.6 дахь хэсгийг зааж өгсөн байдаг. Энэ хэсэг дээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авч байгаа бол Аймгийн Засаг даргын саналыг авна гэж заасан байна. Ашигт малтмал газрын тосны газраас 11 дүгээр зүйлд заасны дагуу та саналаа аваач гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн дагуу “*******” ХХК нь манайд хандсан. Манайх холбогдох маягтынх нь дагуу Аймгийн Засаг даргаас холбогдох саналыг нь өгсөн. Энэ бүх үйл ажиллагаа нь хууль тогтоомжын дагуу өөрөөр хэлбэл Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 15.10.6 дэх хэсэгт нийцэж байгаа юм. Ийм учраас Аймгийн Засаг даргын “*******” ХХК-нд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл ашиглахыг дэмжсэн шийдвэр нь хууль тогтоомжын дагуу явагдсан байна гэж дүгнэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Санжинт багийн иргэн Д.Б нь сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар хашаа, төмс, хүнсний ногооны газрыг эзэмшсэн бөгөөд газар эзэмших хугацаа нь 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Иргэн Д.Б нь газрын хугацаа сунгуулах хүсэлтээ 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн бөгөөд өргөдлийн хариуг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 01/437 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “ Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-с доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй байна. Сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаар захирамжаар газрын байршил тодорхой бус бөгөөд хугацаа сунгах хуулийн заалтыг үндэслээгүй шинээр олгох захирамж гарсан байна. Иргэн Д.Б-н газартай давхцалтай гэх “*******” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжаар 48,8 га газрыг эзэмшүүлсэн. Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай өөрчлөгдсөн хүсэлтийн дагуу 2018 оны А/83 дугаар захирамжаар талбайн хэмжээг 38,33 га болгон тодорхой бус өөрчилсөн болно. Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоол буюу 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан гэжээ.

Хариуцагч Шарын гол сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүх зүйл хуулийн хүрээнд явагдсан нь 2018 онд А/83 дугаартай захирамж гарсан. Тус захирамж нь А/66 дугаар захирамжийг хүчингүй болгож А/66 тоот захирамжид дурдсан 48 га газрыг 38 га газар болгосон. Учир нь голын гольдролыг хасаж тооцож олгосон. Хууль зөрчсөн асуудал огт байхгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 сарын 12-ны өдрийн 5 дугаар тогтоолд 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөнд иргэн ашигт малтмалыг хайх, олборлох, иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлэх газар гэж байгаа. Энэхүү төлөвлөгөөнд Хавчуугийн газарт алт олборлоно гэж 2017 онд тусгасан хэрнээ 2018 оны газар зохион байгуулалтын гэрээг баталсан. 2017 онд гэрээний биелэлтийг давхар тооцсон 11 дүгээр тогтоол гэж байдаг. Энэхүү тогтоолд алт олборлолтыг сумын Засаг даргын А/66 тоот захирамжаар олгосон. Д.Б-ын эзэмшиж байгаа 7700 мкв талбайтай нь 3143 мкв талбай давхацсан юм байна лээ. Нотлох баримтуудыг шинжлэн судлаад явж байхад Д.Б-н анхны 1998 онд гаргасан газрын хугацаа бол 2016 онд дууссан. 2016 оноос хойш буюу алт олборлож эхлэхэд газар олгохтой холбоотой өргөдөл Д.Б-аас ирээгүй. Архивын баримт дотор ч Д.Б-ын гаргаж байсан гэх өргөдөл байдаггүй юм байна лээ. Бид нар бас шүүж үзсэн. Д.Б нь анх 2016 оны 8 сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан. Өргөдөл гаргахдаа манай багийн Засаг дарга Э гэдэг хүнээр өргөдөлөө гуйж бичүүлсэн. Настай хүн өргөдөл бичээд өгөөч гэж гуйхаар нь манай багийн ажилтан бичиж өгсөн юм байна лээ. Ийм л учиртай юм болсон. Тэрнээс биш хувилдаад ямар нэгэн асуудал үүсгээд явсан зүйлгүй гэв.

Гуравдагч этгээд “*******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь 1994 онд “Гүн жалга” ББХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр ажиллагаа явуулж байгаад 1996 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ашигт малтмал ашиглах үндсэн, ашигт малтмалын хайгуул хийх туслах үйл ажиллагаа эрхлэхээр “*******” ХХК нэртэйгээр шинэчлэгдсэн. Манай компанийн үүсгэн байгуулагч С.Г агсан нь 1973 оноос хойш Дархан хотод амьдарч байсан бөгөөд 2007 онд шилдэг 50 бизнемсэний нэгээр шалгарч, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, БНМАУ-ын төрийн соёрхолт, хотын хүндэт дэвтэрт бичигдэж байсан МУ-ын Тэргүүний Геологич билээ.

Засгийн газрын 2010 оны 264, 299 болон 2011 оны 174 дүгээр тогтоолд орсон хил заагт орсноор МХЕГ-ын улсын байцаагчийн 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/15 тоот актаар олборлох үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хойш үйл ажиллагаагаа сэргээхээр холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллан хурал зөвлөгөөнд суун шийдэлд хүрэхээр ажиллаж байтал үүсгэн байгуулагч маань зуурдаар таалал төгсөн том гарз хохирол учирсан. Гэвч үр хүүхдүүд нь үйл хэргийг нь үргэлжлүүлэн 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 5-н талт гэрээ байгуулан онцгой хамгаалалтын бүсэд шав тэмдэг суулган тэмдэгжүүлж акт үйлдэн БОАЖЯ-д хүргүүлсэнийг БОАЖЯ-ны 2017 оны 10 дугаар сарын 23-ны 068/6397 дугаартай албан тоотоор хүлээн авсан. Үүний дагуу АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 694 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт орсон боловч тус иргэн манай зөвшөөрлийн талбайд давхцалтай хэвээр байна. Тусгай зөвшөөрөлтэй компани нь жил бүр Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсаны дараа сум орон нутагтай газрын гэрээ хийн төлбөрөө төлдөг журмын дагуу дэс дараалалтай үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Иргэн Д.Б-н манай компанийн тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон. Компанийн бүх үйл ажиллагаа болон онцгой хамгаалалтын бүсэд шав тэмдэг суулгах ажилд саад учруулан суулгасан тэмдэгтийг сугалан авч эрх бүхий байгууллагын ажилчид руу дайран сүрдүүлж, хяналт тавьж байсан улсын байцаагч нарыг хэл үгээр доромжлох зэрэг зохисгүй үйлдлүүд гарган хуулийн дагуу хийж байгаа гэдэг тайлбарыг маань эс тоож өдийг хүрсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Тус нэхэмжлэлийг гаргасан иргэн нь манай талбайг чөлөөлөхгүй гэж хугацаа хожсон арга хэрэглэж байна. Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэв.

Гэрч Ц.Б мэдүүлэгтээ: “...иргэн Д.Б 2011 онд газар сунгуулах болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилж авмаар байна гэдэг талаар бичгээр хүсэлт гаргаж байсан боловч хүсэлт нь олдохгүй байгаа гэж сонссон. Хүсэлт өгсний үндсэн дээр захирамж гарах ёстой. 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар захирамжид нэр заагаагүй, газрын байршил заагаагүй ерөнхий захирамж байсан учир мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор тодруулж иргэн бүрийн нэр дээр хавсралттайгаар 2011 онд 110 дугаар захирамжийг гаргаж байсан. 2011 оны 110 дугаартай захирамж бол 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай захирамжийн үргэлжлэл нь мөн...” гэжээ.

Гэрч Д.Б мэдүүлэгтээ: Намайг ажилд орохоос өмнө 2011 онд Шарын гол сумын Засаг даргын 110 дугаартай захирамж гарсан байсан. Энэ захирамжаар бол 1998 онд авсан газрыг сунгуулаагүй, шинээр газар эзэмшүүлсэн боловч Д.Б-ын одоо эзэмшиж байгаа өвөлжөөний газар дээрх захирамж гаргасан талаар иргэн Д.Б нь мэдээгүй байсан учир 2016, 2017 онуудад газар эзэмших гэрээний хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан учир би сунгуулах шаардлагагүй гээд явуулсан. 2016 онд “*******” ХХК хүсэлтээ өгсөн. Тэгээд “*******” ХХК-ийн газар нь Д.Б гуайн газартай давхцалтай гэдгийг мэдсэн учир гэрээ, гэрчилгээг нь олгоогүй. Ашигт малтмал хийх газар нь айлын газартай давхцаж байвал давхцуулж олгож болохгүй. Тухайн үед мэдээллийн сан хөгжөөгүй байсан болохоор ийм замбараагүй зүйл их гардаг байсан гэжээ.

                                                  ҮНДЭСЛЭХ  нь:

       Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Шарын гол сумын Овоот нэртэй газарт Ашигт малтмалын лиценз авахаар гаргасан өргөдөлд өгөх 1 дүгээр саналыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

       Нэхэмжлэгч  иргэн Д.Б нь Шарын гол сумын Санжит багийн Өвөр хавчууд 1995 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл /24 жил/ амьдарч байгаа нь хэрэгт авагдсан Санжит багийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 19 тоот албан бичиг,1126909 дугаартай иргэний паспорт, иргэний үнэмлэх, шүүхээс иргэн Д.Б-ын амьдарч байгаа газарт хийсэн үзлэгээр нотлогдож байх ба улмаар Шарын гол сумын Засаг даргын 1998 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн “Газрын төлбөр тогтоож, гэрээг шинэчлэн байгуулах тухай” 05 дугаар захирамж түүнийг үндэслэн байгуулсан 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн иргэний газар эзэмших гэрээ, ШГи-125 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр  түүний амьдарч байгаа газар нь баталгаажсан  байна.

       Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2006 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Шарын гол сумын Овоот нэртэй газарт Ашигт малтмал ашиглах лиценз авахаар гаргасан өргөдөлд өгөх 01 дүгээр саналаар Овоот нэртэй 49 гектар талбайд ашигт малтмал ашиглахыг хүсч гаргасан өргөдлийн дагуу лиценз олгохыг “дэмжиж байна” гэсэн саналыг өгснөөр “*******” ХХК-нд дээрхи талбайд буюу иргэн Д.Б-ын амьдарч, эзэмшиж байгаа газрыг оролцуулан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан  “*******” ХХК-ийг төлөөлж Г-н 2006 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Ашигт малтмал ашиглах лиценз авахыг хүссэн өргөдөл, Ашигт малтмал,газрын тосны хэрэг эрхлэх газрын 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7-3130, 2006 оны 9 дугаар сарын 05-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7-4311 дугаар албан бичиг, Ашигт малтмал ашиглах лицензийн 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12049А дугаар гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12049А дугаар тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтаар тус тус тогтоогдож байна.

      Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /1992 оны/  хуулийн 15 дугаар зүйлд ”Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх”, 15 дугаар зүйлийн 3-т “газар нутгийн эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал ашиглах, олборлохтой холбогдсон асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”. Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл” 15 дугаар зүйлийн 15.10.6-д “ашигт малтмал ашиглах”, 11 дүгээр зүйлийн 11.1.7-д “энэ хуулийн ...15.10.4-15.10.6 ... -д заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна”. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус зохицуулсанаас үзэхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Овоот нэртэй 49 гектар талбайд ашигт малтмал ашиглахыг хүссэн өргөдлийн дагуу лиценз олгохыг “дэмжиж байна” гэсэн саналыг өгөхөөсөө өмнө Овоот нэртэй 49 гектар талбай байрших Шарын гол сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналыг аваагүйгээс болж иргэн Д.Б-ын эзэмшил газартай давхцуулан Овоот нэртэй 49 гектар талбайд ашигт малтмал ашиглахыг хүссэн “*******” ХХК-ний өргөдлийн дагуу лиценз олгохыг “дэмжиж байна” гэсэн саналыг өгсөн нь хуульд нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

         Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Шарын гол сумын Засаг дарга нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ”Талбайн хэмжээ өөрчилж, газар эзэмшүүлэх тухай”  А/83 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 4-т ”Уг захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын  2017 оны А/66 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байх тул нэгэнт хүчингүй болгосон захиргааны актыг шүүхээр дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулахшаардлагын тухайд:

         Хариуцагч Шарын гол сумын Засаг дарга нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ”Талбайн хэмжээ өөрчилж, газар эзэмшүүлэх тухай”  А/83 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг үндэслэн захирамжийн1 дэх заалтаар Тус сумын Санжит багийн нутаг дэвсгэрт МV-012049 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “*******” ХХК-ийн  талбайн хэмжээ 48.8 га талбайгаас усан сан бүхий онцгой хамгаалалтын 50 метр бүсийг хасаж 38.33 га болгон өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй гэж 2 дах заалтаар Талбайн цэг солбицлыг хавсралтаар гаргасугай гэж шийдвэрлэжээ. Улмаар энэхүү захирамжаа үндэслэн “*******” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 000329091 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

         Хариуцагчийн зүгээс дээрхи  захирамжийг гаргаж, гэрээ байгуулан, гэрчилгээг олгохдоо “*******” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмал ашиглах лицензийн 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12049 А дугаар гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12049 А дугаар тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар  хавсралтад дурьдсаныг үндэслэсэн нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

        Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зохицуулсанаас үзэхэд хариуцагч Шарын гол сумын Засаг дарга нь “*******” ХХК-ний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаж байна уу, үгүй юу гэдгийг судлалгүйгээр шийдвэрлэсэн мөн нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Б нь 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Иргэний газар эзэмших гэрээ”, гэрчилгээгээр Санжит багийн “Хөдөө хавчууд” гэр орон сууц барих, төмс хүнсний ногооны зориулалтаар 1750 м.кв газрыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал эзэмшихээр гэрээ байгуулан гэрчилгээ аван одоог хүртэл тухайн газартаа амьдарч байгаа боловч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө  хугацаа сунгуулах хүсэлтээ сумын Засаг даргад гаргаж байсан нь нотлогдохгүй байгаа хэдий ч хариуцагч Шарын гол сумын Засаг дарга нь иргэн Д.Б-ын 1998 оны 05 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан газрын эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө буюу 2011 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 110 дугаар захирамжаар 7700 м.кв болгон эзэмшүүлэхээр шийдвэрлэсэнээ болон газрын даамал түүний эзэмшлийн газрыг Газрын мэдээллийн санд оруулсанаа иргэн Д.Б-т мэдэгдээгүй нь нэгж талбарын 4501000950 дугаар хувийн хэрэгт авагдсан 1998 оны 05, 2011 оны 110 дугаар захирамжуудаар мөн түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй нь захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон болох  нь  нэхэмжлэгчийн тайлбар, гэрч  Ц.Б, Д.Б нарын мэдүүлэгээр тогтоогдож байгаа болно.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б-с 2016 оны 8 дугаар сарын 15, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрүүдэд өргөдөл гаргасаар байтал иргэн Д.Б-ын өргөдөлд дурьдсан газар нь “*******” ХХК-ний хүсэлт гаргасан газартай ямар нэг хэмжээгээр давхцаж байгаа эсэхийг судлаагүй байна.  Мөн түүнийг  Шарын гол сумын Засаг даргаас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаар захирамж гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаароролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”  26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоногэх хуулийн заалттай нийцээгүйн дээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу “*******” ХХК- хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаж байгаа эсхийг судлаж, газрын давхцалыг арилгах арга хэмжээ аваагүй дээрхи захирамжийг гаргасан нь хууль бус нэхэмжлэгч иргэн Д.Б-ын газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү  шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13 дах хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 26.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль /1992 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.3, Аж ахуйн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Шарын гол сумын Овоот нэртэй газарт Ашигт малтмалын лиценз авахаар гаргасан өргөдөлд өгөх 1 дүгээр саналыг”,Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ”Талбайн хэмжээ өөрчилж, газар эзэмшүүлэх тухай”  А/83 дугаар захирамжийг”  тус тус хүчингүй болгож, “Шарын гол сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд  зааснаар  шүүхийн  шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНЧИМЭГ