| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0300/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/291 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/291
2021 05 10 2021/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2009000001355 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, “Борм” студид эвлүүлэгчээр ажилладаг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 хороолол 23а байрны 6 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт хохирогч Ү.Одбаярт “бичлэг хийх шаардлагатай байна камераа 2 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” хэмээн итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 8.100.000 төгрөгийн үнэ бүхий Блак, мажик 4к, 6к загварын 2 камерыг тоноглолын хамт түрээслэх нэрийдлээр өөртөө шилжүүлэн авч, улмаар Макс-2 нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009000001355 дугаартай хэргээс:
Хохирогч Ү.Одбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр фейсбүүк дээрээс зар үзээд байж байтал “камер түрээсэлнэ” гэсэн утгатай зар байхаар нь өөрийн дугаараа доор нь үлдээгээд орхисон. Тэгээд удалгүй 80112831 гэх дугаараас залгаад “камер түрээслэх юм уу” гэхээр нь өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 19-02 тоотод дуудахад 25-30 орчим насны залуу хүрч ирээд “Сони А-7 загварын камер түрээсэлнэ” гээд хоёр хоногийн хугацаатай нийт 160.000 төгрөгөөр түрээсэлж аваад хоёр хоногийн дараа хүрч ирээд түрээсэлсэн камераа буцаагаад өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед Билгүүнжаргал гэх залуу хүрч ирээд манайхаас Блак Мажик 4к, 6к гэх хоёр камерыг бүтэн сетийн хамт хоёр хоногийн хугацаатай 500.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Тухайн хугацаа өнгөрөөд 7 хоносон. Хугацаа хэтэрснээс хойш бүртгэлтэй 80118231 дугаарын утас руу залгахад “маргааш очно” гэж хуурсаар өдийг хүрсэн... Надад одоо учирсан хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Хосбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би “Макс-3” гэх ломбард хувиараа ажиллуулдаг. Ажил дээрээ байж байхад блайк майжик 4к, 6к гэх хоёр мэргэжлийн камер зүс танихгүй залуу 6.500.000 төгрөгөөр барьцаалсан. Хугацаа нь дуусаагүй байхад цагдаагаас ирж хурааж авсан. Билгүүнжаргал гэх залуу миний Хаан банкны 5020755677 гэх данс руу 7.200.000 төгрөг хийсэн. Хэзээ хийсэн талаар санахгүй байна. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь блак мажик 4к зургийн бүх тоноглолтой, хуучин хэрэглэж байсан камер болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 8.100.000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт хохирогч Ү.Одбаярт “бичлэг хийх шаардлагатай байна камераа 2 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” хэмээн итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 8.100.000 төгрөгийн үнэ бүхий Блак, мажик 4к, 6к загварын 2 камерыг тоноглолын хамт түрээслэх нэрийдлээр өөртөө шилжүүлэн авч, улмаар Макс-2 нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж залилсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ү.Одбаярын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Одбаярын мэдүүлэг, “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл А.Б нь “бичлэг хийх шаардлагатай байна камераа 2 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” гэж Ү.Одбаярыг төөрөгдүүлэн хуурч түүний эд хөрөнгө болох 2 камер, тоноглолын хамт өөртөө авч зориулалтаар нь хэрэглэхгүйгээр улмаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч А.Бын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
А.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Быг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгч А.Б нь гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн санал тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Ү.Одбаяраас “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөр төлж барагдуулсан...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 57 дугаар хуудас/ илэрхийлсэн баримт, эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон /хх-ийн 39-40/ байх тул шүүгдэгчээс түүнд төлөх төлбөргүй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Д.Хосбаяраас “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Билгүүнжаргалаас 7.200.000 төгрөг төлсөн...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 31-32/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх А.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учирсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх ял оногдуулахдаа харгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Бг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Быг энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН