Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/290

 

 

 

 

 

2021          05         10                                     2021/ШЦТ/290

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч Г.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох эрүүгийн 2109000000511 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Тавин ус” ХХК-д эм найруулагч, машинистын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Үйлдвэр 52-05 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнж 28 дугаар гудамжны 354-а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 38 дугаар байрны гадна иргэн Ч.Амарсайхантай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “тархи доргилт, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн дээд 6 дугаар шүдний эмтрэл, толгойн оройн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2109000000511 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ч.Амарсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед гэртээ орох гээд орцны гадна ирэхэд үл таних хүн орцны үүдэнд ирээд ил задгай шээгээд байсан. Би түүнд хандаж “яагаад энд шээж байгаа юм бэ, болиоч” гэхэд тэрээр миний урдаас “чамд ямар хамаатай юм бэ, битгий хуц, солиор” гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тухайн хүн гэнэт намайг заамдаад авсан ба энэ үед түүнтэй цуг явсан бололтой 40-24 гэсэн улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашинаас нэг залуу бууж ирээд бид хоёрын дундуур орж салгах гэж оролдох үед нөгөө залуу намайг 5-6 удаа толгой хэсэг рүү цохисон. Надтай муудалцсан залуу, мөн салгасан залуу хоёр согтуу байсан. Би тухайн залууг цохисон зүйл байхгүй, мөн хамт явж байсан манай байрны дээд давхарт байдаг залуу, миний биед халдаагүй. Намайг зодсон гэх залуу надаас уучлалт гуйгаад хохирлын мөнгө, эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Бат-Эрдэнийн гэрийн гадаа очоод миний шээс хүрээд байрны буланд шээгээд зогсож байтал нэг хүн ирээд “яагаад наанаа шээгээд байгаа юм бэ” гэхээр нь би түүнд хандаж “уучлаарай жаахан пиво уусан юм, шээс хүрээд” гэж хэлтэл тэрээр намайг “хөдөөний муу орк” гэх мэтээр хэлэхэд нь би түүнтэй муудалцаж, зууралдсан. Тэр үед Бат-Эрдэнэ дундуур орж ирээд салгасан. Энэ хооронд би тэр хүнийг заамдаж аваад доош нь дарсан байх үедээ нэг удаа мөр хэсэг рүү нь цохисон. Би зөвхөн гараараа толгой, мөр, нуруу хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Би тэр өдөр баяр гээд 3 лааз “Сэнгүр” гэх нэртэй пиво уусан ба бага зэрэг согтолттой байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хохирлыг барагдуулсан. Тухайн хүнд эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

           

Гэрч Ө.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн өдөр манай ажлын эмэгтэйчүүд эрчүүдээ “цэргийн баяр” гээд хүлээж авсан. Бид нар ажлын цайны газар хоол идэж хэдэн пиво уусан. Тус газраас гараад намайг хүргэж өгөхөөр Дашдэлгэрийн эхнэр өөрийн 40-24 УБЛ улсын дугаартай машиныг жолоодоод манай гэрийн гадаа ирсэн. Дашдэлгэр машинаас түрүүлээд буусан ба би араас нь буугаад очиход тэрээр нэг хүнтэй заамдалцан зогсож байсан. Би дундуур нь ороод салгахад Дашдэлгэрийг байрны гадаа шээсэн гэсэн шалтгаанаас болж түүнтэй муудалцсан гэсэн. Би тэр хоёрын дундуур орж салгах үед Дашдэлгэр тухайн хүнийг 1-2 удаа гараараа нүүр хэсэг рүү нь цохих шиг болсон. Тухайн хүний зүгээс бид хоёрыг цохисон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2451 дугаартай дүгнэлт:

1. Ч.Амарсайханы биед тархи доргилт, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн дээд 6 дугаар шүдний эмтрэл, толгойн оройн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

            “CD-нд үзлэг хийсэн тэмдэглэлд “...жаахан хазайж явдаг эрэгтэй хүн утсаар ярьж байх ба орц руу явж байсан залуу утсаар ярьж байх эрэгтэй хүн рүү ирж дээрх хоёр хүн маргалдсан. Энэ үед саарал өнгийн хар оруулгатай богино куртик, хар өмд гутал өмссөн залуу голоор нь орж салгасан ба тэр үед саарал богино дуу куртик өмссөн хар өнгийн гутал өмдтэй эмэгтэй хүн мөн голоор нь орж цэнхэрдүү өнгийн богино куртик өмссөн эрэгтэй хүний баруун гарнаас нь барьсан ч нөгөө эрэгтэй хүн гараа тавиулж хар пальютотой эрэгтэй хүнтэй барьцалдаж авсан...” гэжээ /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 38 дугаар байрны гадна иргэн Ч.Амарсайхантай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “тархи доргилт, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн дээд 6 дугаар шүдний эмтрэл, толгойн оройн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Амарсайханы мэдүүлэг, гэрч Ө.Бат-Эрдэнийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2451 дугаартай дүгнэлт, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.Д нь хохирогч Ч.Амарсайханы биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Г.Д нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Ч.Амарсайханы биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Амарсайханаас “...хохирлыг барагдуулсан тул цаашид ямар нэг гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 43 дугаар хуудас/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Дийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН