| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0462/Э |
| Дугаар | 495 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 495
2021 04 09 2021/ШЦТ/495
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Б.Адалбек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ители овогт Хавдаманангийн Аскарт холбогдох эрүүгийн 2106 00000 0074 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.А, 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгч нарын хамт Ховд аймаг, Жаргалант сум, 8 дугаар баг, Наран, 2 дугаар гудамж, 11 тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 9а байрны 5 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.А нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвилан хотхоны 48а байрны 1 дүгээр орцны 4 давхарт найз охин М.Насанжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хурууг нь мушгиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “Бид хоёр танилцаад 5 сар болж байна. Бид хоёр үерхдэг. Тухайн өдөр бид хоёр мөнгө, тооцооны асуудлаас болж маргасан. Тэгээд би явлаа гэсэн чинь миний малгайтай цамцнаас барьсан байхаар нь гарын салгахад хуруу нь гэмтсэн. Би тухайн өдөр гэмтлийн эмнэлэг орж гарыг нь эмчлүүлсэн. Бид хоёр найзындаа байж байсан. Тухайн үед манай орцыг каринтилсан байсан. Одоо хохирогчийн гар нь эдгэрсэн.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1-2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Насанжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 06-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр дүгнэлт /хх-н 10-11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Х.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-17, 29-30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.А нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвилан хотхоны 48а байрны 1 дүгээр орцны 4 давхарт найз охин М.Насанжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хурууг нь мушгиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Насанжаргал мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тарвилан хотхоны 48а байрны 1 дүгээр орцны 4 давхарт байж байхдаа би найз залуу Аскартай гэр бүлийн маргаантай асуудлаас болоод маргалдаад намайг заамдаж аваад намайг оролдох юм бол 2 хүүхдийг чинь болон чамайг хорвоод гишгүүлэхгүй шүү гээд хэл амаар доромжлоод орцноос гараад явах гэхээр би гадуур өмсөж явсан хувцаснаас татаад чамайг явуулахгүй гэхэд эргэж хараад баруун гарын чигчий хурууг мушигаад байхаар нь болиоч өвдөөд байна хуруу хугарчихлаа гэхэд чигчий хуруу эвгүй болчихсон аймаар хөндүүр байсан тэгээд бид 2 хамт Гэмтлийн эмнэлэг явж үзүүлэхэд эмч нь чигчий хурууны 2 үе нь хугарчихсан байна гэж хэлээд эм бичиж өгөөд баруун гарын чигчий хурууг сойж өгөөд явуулсан.”гэх мэдүүлэг /хх-н 08-09/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184 дугаартай:
1.М.Насанжаргалын биед баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хөхний дотор хэсэгт хурали гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-н 11-12/,
Яллагдагч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр Тарвилан хотхоны 14 дүгээр байрны 1 орцонд байх 20 цагийн орчим болов уу Насанжаргалтай хувийн асуудлаар жаахан маргаан болоод хэрэлдэж байгаад ороё, болоё гэсэн чинь орохгүй гээд намайг үсдэж зодоод цохисон өшиглөсөн, тэгээд би малгайтай куртиктэй явж байхад малгайнаас татаад байхаар нь гарыг нь түлхсэн чинь гэнэт уйлаад хуруу хугарчихлаа гэсэн, тэгээд хамт гэмтэл ороод чи бариулж боосон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 29-30/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Аын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Аын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс ø¿¿ãäýãч Х.Ат ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч М.Насанжаргал өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, шүүх хуралдааны тов хохирогчид мэдэгдэхэд “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар :
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Х.А хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Х.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Ат 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН