| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0463/Э |
| Дугаар | 498 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 498
2021 04 09 2021/ШЦТ/498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч А.Амарсанаа,
шүүгдэгч Ч.С /өмгөөлөгчгүйгээр оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 000383 0297 дугаартай хэргийг 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ч.С 1994 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймаг, Зүүн хангай суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Уламжлалтын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, 1 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, жанжин 3 дугаар гудамж, 79 тоотод оршин суух бүртгэлтэй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.С нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Амгалан амаржих эмнэлгээс “Самсунг Галакси А-20” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Анхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эрдэнэсувдаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-н 21-23/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 46-47/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 28/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ч.Сувд-Эрдэнийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-15, 39-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, хохирлын баримт /хх-н 38-40/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.С нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Амгалан амаржих эмнэлгээс “Самсунг Галакси А-20” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.С нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Амгалан амаржих эмнэлгээс “Самсунг Галакси А-20” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Анхбаатарын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед манай эхнэр А.Эрдэнэсувд Амгалан амаржих эмнэлэгээс гарах нээд надтай утсаараа ярьсан юм. Тэгээд би эхнэрээ 14 цаг 30 минутын үед эмнэлэгээс аваад гэртээ иртэл манай эхнэр миний гар утас байхгүй байна гэж хэлсэн. Эмнэлэгийн хувцас болих өрөөнд алга болгосон юм шиг байна гэж хэлсэн. Би 2019 оны 09 сард Теди төвөөс 5700000 төгрөгөөр худалдан авч байсан. 64 gb багтаамжтай, цагаан өнгийн, өнгөгүй кейстэй кейс нь карт холдертой, Самсунг А20 маркын гар утас байсан. Би гар утасаа 300000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утасны имей код 356035101501845 тухайн зед 88974454 дугаарыг ашиглаж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эрдэнэсувдын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед Амгалан амаржих газрын хувцас солих өрөөнд гар утсаа үлдээсэн байсан. Гэртээ хариад залгатао миний гар утас холбоглож байсан ч авахгүй байсан. 4-5 удаа залгасан ч аваагүй. Тэгээд орой дахин залгахад холбогдохгүй байсан. Хэд хоногийн дараа залгахад холбогдож байсан. Бас мессеж бичсэн боловч хариу бичээгүй. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний утаснаас Upoint гэр бүлийн багцнаас ашиглалаа гэж манай хүүгийн утсанд мессеж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаар “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдирийн зах зээлийн үнэлгээгээр нийт 560.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх дүгнэлт /хх-н 21-22/,
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “... Цагаан өнгийн 64 гегабайтын багтаамжтай Самсунг А20 маркын гар утсыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 05 минутанд хохирогч А.Эрдэнэсувдад хүлээлгэн өгөв” гэжээ. /хх-н 28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.С-ийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед “Амгалан” амаржих эмнэлэгт үзүүлэхээр ирээд 1 давхарт хувцас өлгүүрийн хажуу талын сандалын доор нэг цагаан өнгийн гар утас уначихсан байсан. Эргэн тойронд ямар нэг хүн байгаагүй болохоор нь би гар утсыг авчихсан. Тэгэхэд тэр утас асаалттай байсан. Тэр утас руу хүн залгах байх гэж бодоод хүлээсэн боловч залгаагүй. Би шинжилгээ өгөх гээд яараад явчихсан. Тэр гар утас нь кодтой байсан. Би тэр утсыг гэрийнхээ шүүгээндээ хийсэн байсан. Манай хүүхдүүд аваад өөрийнхөө дугаар луу нэгж шилжүүлсэн байсан. Тухайн үед миний бие муу байсан ба яараад шинжилгээ өгөх гээд явчихсан байсан юм. Тэр үедээ цагдаад мэдэгдэх талаар санаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 14-15/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 12/, хүсэлтүүд /хх-н 49-50/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Сд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 49/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.С-г “бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН