| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0114/э |
| Дугаар | 2021/ШЦТ/128 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,
улсын яллагч Л.Э,
шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000600123 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Б.Ч нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг 1-17 тоотод 2021 оны 1 дүгээр сарын 04-13-ны өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан буюу “Нараа Нараа” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ; “...Би 2021 оны 1 дүгээр сарын 04-13-ны өдрийн хооронд цахимаар покер тоглуулсан, намайг цагдаад өгснөөс хойш дахиж тоглуулаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.
Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...“Нараа Нараа” фэйсбүүк хаягаар лайв хийж байсан цахим хөзрөн тоглоомонд 5019578532 дугаарын дансруу эхлээд өөрийн 5498204251 дугаарын данснаас 10.000 төгрөг шилжүүлээд, 6 aztai zaya utr гэж гүйлгээний утга дээр бичсэн. ...би тухайн цахим хөзрөн тоглоомын 6 дугаартай суудал дээр суугаад тоглоомыг эхлүүлсэн, эхний тоглолтоор би хожсон. Тухайн цахим хөзрөн тоглоомыг эрэгтэй, эмэгтэй хүн зохион байгуулж, эмэгтэй нь аль суудал дээр суух болон тоглоомонд хожсон хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Уг тоглоомны эмэгтэй нь миний өөрийн 5498204251 дугаарын данс руу “yndo” гэж бичсэн гүйлгээний утгатай 10.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би тухайн лайв хийж байгаа “Нараа Нараа” фэйсбүүк хаягаар дахин орж лайвын коммент хэсэг дээр 1 az asgar гэж бичээд тоглоод дахин хожсон, би тухайн тоглоомыг хоёр удаа тоглоод дахин тоглоогүй. Тоглоомонд оролцож өөрийн шилжүүлсэн хоёр удаагийн тус бүр 10.000 төгрөгөө буцааж авсан, олсон ашиг байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр “Нараа Нараа” гэх фэйсбүүк лайваар покер тоглоом тоглосон, одоо бол яг нийт хэдэн төгрөгөөр тоглосноо санахгүй байна, ойролцоогоор 50.000 төгрөгөөр тоглосон, покер тоглоод ер нь энэ зүйлээр мөнгө олохгүй юм байна гэж бодоод дахиж тоглоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,
Гэрч М.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...нэг удаа цахимаар тоглуулахад 40.000-50.000 төгрөгийн ашиг олдог гэж нөхөр хэлсэн. Би хоёр нялх хүүхэдтэй учраас цахимаар тоглоом тоглуулахад оролцдоггүй. Б.Ч ганцаараа хоёр ширхэг гар утас болон ватум цаас, хөзөр, бал, макер, тэмдэглэлийн дэвтэр ашиглан цахимаар тоглоом тоглуулдаг. Одоо эдгээр хэрэгслээс хөзөр л манай гэрт байгаа бусад зүйлсийг хог дээр хаясан.” гэсэн мэдүүлэг /хх-29/,
Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Би 2020 онд сонгуулийн ажил хийдэг байхдаа “Нараа Нараа” гэх фэйсбүүк хаягийг сонгуулийн ажилд зориулж ашигладаг байсан, энэ хаягаа 2021 оны 1 дүгээр сард цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулахад хэд хоног ашигласан. Тухайн үед эвдэрсэн утсандаа фэйсбүүк хаягаа оруулсан байсан учир кодыг нь санахгүй, мэдэхгүй байна, мөрийтэй тоглоом зохион байгуулахад эхнэр хоёр хүүхдээ “чимээгүй бай” гэж хэлж байсан үг нь лайваар сонсогдсон байх түүнээс өөр эхнэр маань надтай хамт цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй. Би ганцаараа лайваар мөрийтэй тоглоом зохион байгуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-17-18, 33, 45/,
“Б.Ч нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,
Мэдүүлгийг газар дээр шалгасан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12/,
“Нараа нараа” гэх фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/,
“Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/02-03 дугаартай “Б.Ч-ын Хаан банкны 5019578532 дансанд бооцоот тоглоомын орлогоор нийт 849.700 төгрөг орж тоглоомын зарлагаар 609.500 төгрөг гарсан байна. Б.Ч нь 2021 оны 1 дүгээр сарын 04-13-ны өдрийн хооронд 9 хоног цахимаар тоглоом тоглуулсан байна. 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн гүйлгээнд бооцоот тоглоомын мөнгө орж гараагүй байна. Б.Ч нь 9 хоног тоглуулсан тоглоомын орлогоор нийт 849.700 төгрөг орж, тоглоомын зарлагаар 609.500 төгрөг гарч 240.200 төгрөгийн ашигтай тоглосон байна.” гэсэн дүгнэлт /хх-36-38/,
Б.Ч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-63/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ДЦС-н 1-17 тоотод иргэн Б-ийн Чт түр оршин сууж байгаа болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-61/,
Б-ийн Ч нь “Шилэн цамхаг” ХХК-д үйлдвэрийн оператор ажилтай, сарын 800.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-62/,
Б.Ч-ын Хаан банкны дансны хуулга /хх-69-73/
Хаан банк Орхон аймаг дахь салбараас Орхон аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 21/238 дугаартай лавлагаа /хх-75-77/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.Ч нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 1-17 тоотод 2021 оны 1 дүгээр сарын 04-13-ны өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан буюу “Нараа Нараа” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.М-ийн “...“Нараа Нараа” фэйсбүүк хаягаар лайв хийж байсан цахим хөзрөн тоглоомонд 5019578532 дугаарын дансруу эхлээд өөрийн 5498204251 дугаарын данснаас 10.000 төгрөг шилжүүлээд, 6 aztai zaya utr гэж гүйлгээний утга дээр бичсэн. ...би тухайн цахим хөзрөн тоглоомын 6 дугаартай суудал дээр суугаад тоглоомыг эхлүүлсэн, эхний тоглолтоор би хожсон. ...би тухайн лайв хийж байгаа “Нараа Нараа” фэйсбүүк хаягаар дахин орж лайвын коммент хэсэг дээр 1 az asgar гэж бичээд тоглоод дахин хожсон.” гэх,
гэрч Б.Г-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр “Нараа Нараа” гэх фэйсбүүк лайваар покер тоглоом тоглосон, одоо бол яг нийт хэдэн төгрөгөөр тоглосноо санахгүй байна, ойролцоогоор 50.000 төгрөгөөр тоглосон.” гэх,
гэрч М.Я-ын “...нэг удаа цахимаар тоглуулахад 40.000-50.000 төгрөгийн ашиг олдог гэж нөхөр хэлсэн. ...Б.Ч ганцаараа хоёр ширхэг гар утас болон ватум цаас, хөзөр, бал, макер, тэмдэглэлийн дэвтэр ашиглан цахимаар тоглоом тоглуулдаг.” гэх,
Б.Ч-ын “...“Нараа Нараа” гэх хаягаа...2021 оны 1 дүгээр сард цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулахад хэд хоног ашигласан.” гэх мэдүүлгүүдээр,
“Б.Ч нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр шалгасан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Нараа нараа” гэх фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/02-03 дугаартай дүгнэлт, Б.Ч-ын Хаан банкны дансны хуулга, Хаан банк Орхон аймаг дахь салбараас Орхон аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 21/238 дугаартай лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай, шүүгдэгч Б.Ч-ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, мөн шүүгдэгч Б.Ч-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор...хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн талаар;
Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Б.Ч-ыг “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөртэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог,
харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хууль бусаар олсон орлого 240.200 төгрөгийг албадан гаргуулах” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Б.Ч нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгөхийг хүсье.” гэсэн санал, хүсэлт гаргав.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх шүүгдэгч Б.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 45.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 240.200 төгрөгийг шүүгдэгч Б.Ч-ын хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгч Б.Ч-д хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ч-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөртэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ыг дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ч-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 45.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 240.200 төгрөгийг шүүгдэгч Б.Ч-ын хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 191 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э