| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0137/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/140 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 21.1.1., 23.2.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Б.Б-, Х.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х- нарт холбогдох эрүүгийн 2038001900141 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б.
Монгол Улсын иргэн, Х.Х.
Шүүгдэгч Х.Х- нь ... ХХК-ны захирал Б.Б-д мод бэлтгэх эрх олгосон баримт бичгийг 2020 оны 08 дугаар сард хуурамчаар үйлдсэн,
Шүүгдэгч Б.Б- нь мод бэлтгэх эрхийн бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөгчид гаргаж өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Х-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд холбогдох хууль, журмыг мөрдөж ажиллаагүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Б-, Х.Х- нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтууд зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б- нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу Ханх сум дахь байгаль хамгаалагч Х.Х-ын 2020 оны 08 дугаар сард өөрийнх нь гуйлтаар дахин бичиж өгсөн 082308, 082309, 082310, 082311, 082312, 082313, 082314, 082315 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг (олгох тасалбар)-ыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хууль сахиулагчид гаргаж өгч, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хууль ёсны байдлыг хангахад саад учруулсан хор уршигт зориуд хүргэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг,
Шүүгдэгч Х.Х- Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ханх сум дахь байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа ... ХХК-ны захирал Б.Б-д тусгай зөвшөөрөл, эрх олгосон буюу эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох 082308, 082309, 082310, 082311, 082312, 082313, 082314, 082315 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг (олгох тасалбар)-ыг 2020 оны 08 дугаар сард хуурамчаар үйлдэж, нийтийн албаны нийт иргэдийн эрх ашигт нийцсэн төрөөс хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээ, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийг үйлдсэн нь буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтууд зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хууль сахиулах байгууллагын гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хууль ёсны байдлыг хангахад саад учруулсан хор уршгийг, мөн шүүгдэгч Х.Х-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь нийтийн албаны нийт иргэдийн эрх ашигт нийцсэн төрөөс хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээ, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зөрчсөн хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-, Х.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хуурамч баримт бичиг үйлдсэн үйлдэлд нь шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч Б.Б-, Х.Х- нарын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Х.Х- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 223/-аар, шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 224/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 226-228/-аар тус тус тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /2-р хх-ийн 15/, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /2-р хх-ийн 16/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч нар хүлээн зөвшөөрч, яллагдагч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, яллагдагч хүлээн зөвшөөрсөн байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын санкцын хэмжээ “хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан байх тул шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Б-д “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдэж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-, Х.Х- нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Х.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Б-д “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Х.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР