| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 188/2018/0123/Э |
| Дугаар | 496 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 496
Э.Г, П.М, С.Т,
Д.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Г.Хандсүрэн,
Өсвөр насны шүүгдэгч Э.Гын хууль ёсны төлөлөөгч П.Э,
Өсвөр насны шүүгдэгч Э.Гын өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Өсвөр насны шүүгдэгч П.Мын хууль ёсны төлөөлөгч Н.П,
Өсвөр насны шүүгдэгч П.Мын өмгөөлөгч А.Очбадрал,
Өсвөр насны шүүгдэгч С.Тийн хууль ёсны төлөөлөгч П.Э
Өсвөр насны шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Л.Батаа,
Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр Э.Г, П.М, С.Т, Д.Ц нарт холбогдох эрүүгийн 1708010420180 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Г нь 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хөрс” худалдааны төвийн орчим өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Т.Бийг чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Бэйст” баарны гадаа Т.Бын бүсэлхий тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Э.Г, П.М, С.Т нар нь О.Мтай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хөрс” худалдааны төвийн орчим Т.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолж, бэлэн 39.000 төгрөг, гар утас, тамхи, өмд зэргийг нь дээрэмдэж, 93.700 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч П.М, Д.Ц, Э.Г нар нь 2017 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр сургуулийн урд, Г.Пийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, “Самсунг эс-7” загварын гар утас, бэлэн 1.380.000 төгрөгийг дээрэмдэж, бусдад 1.812.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Өсвөр насны шүүгдэгч Э.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Ц болон өсвөр насны шүүгдэгч С.Т, П.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, С.Т, П.М, Д.Ц нарыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Гыг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гыг 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Мыг 2 жилийн хорих ялаар, С.Тийг 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Цыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Год оногдуулсан 5 жилийн хорих ялыг 2 жил 6 сар, П.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил, С.Тд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон тус тус хоёр дахин багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 160 цаг /шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял/ : 8 /нэг хоногтой дүйцэх цаг/ = 20 /хорь/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Г, С.Т, П.М нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Э.Г, П.М, Д.Ц, С.Т нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, С.Т, Э.Г нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Цын цагдан хоригдсон 2 хоногийг, П.Мын цагдан хоригдсон 10 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь шунахай буюу бусдын эд хөрөнгийг авах зорилгоор үйлдсэн байх шинжийг агуулсан байдаг тул дээрмийн гэмт хэргийг давхар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Шийтгэх тогтоолын “гэм буруугийн талаар” хийсэн дүгнэлтэд "... Өсвөр насны шүүгдэгч Э.Г, П.М, С.Т нар нь О.Мтай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хөрс” худалдааны төвийн орчим Т.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолж, бэлэн 39.000 төгрөг, гар утас, тамхи, өмд зэргийг нь дээрэмдэж, 93.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь ...” гэж дүгнэж бичсэн, мөн хохирогч Г.Пийн эд зүйлийг дээрэмдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өсвөр насны шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн заалттай нийцэхгүй, шүүх Э.Гын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ял завшуулж байна. Иймд Э.Г, П.М, С.Т, Д.Ц нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Э.Гын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд прокурор эсэргүүцэл бичсэн. Д.Цын хувьд ямар нэгэн гомдол санал, маргаан байхгүй тул саналгүй. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Гын хууль ёсны төлөлөөгч П.Э “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Гын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Э.Год холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ, нэг үйлдэл холбогдолд нь дүгнэлт хийлгүйгээр алдаа гаргасан гэдэгт маргах зүйл байхгүй. Хэргийг эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлагдахгүйгээр давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянаж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч П.Мын хууль ёсны төлөөлөгч Н.П “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч П.Мын өмгөөлөгч А.Очбадрал “тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч С.Тийн хууль ёсны төлөөлөгч П.Энхбат “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд тусгайлан гаргах саналгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Э.Г, П.М, С.Т, Д.Ц нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.
Яллах дүгнэлтэд “Өсвөр насны шүүгдэгч Э.Г, П.М, С.Т нар нь О.Мтай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хөрс” худалдааны төвийн орчим Т.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолж, бэлэн 39.000 төгрөг, гар утас, тамхи, өмд зэргийг нь дээрэмдэж, 93.700 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч П.М, Д.Ц, Э.Г нар нь 2017 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр сургуулийн урд, Г.Пийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, “Самсунг эс-7” загварын гар утас, бэлэн 1.380.000 төгрөгийг дээрэмдэж, бусдад 1.812.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон” гэжээ.
Дээрх байдлаас үзэхэд, өсвөр насны шүүгдэгч Э.Г нь 2 үйлдлээр дээрмийн гэмт хэрэгт холбогдсон байхад анхан шатны шүүх зөвхөн Э.Гын Т.Бийг дээрэмдсэн үйлдэлд дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгохдоо түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Харин өсвөр насны шүүгдэгч Э.Гын Г.Пийг дээрэмдсэн гэх үйлдэлд ямар дүгнэлт хийсэн, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Мөн өсвөр насны шүүгдэгч Э.Гын холбогдсон 2 удаагийн дээрмийн гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч нарын хувьд, тэднийг дээрмийн үйлдэл тус бүрт гэм буруутайд тооцсоноос үзэхэд, Э.Гын Т.Бийг дээрэмдсэн гэх үйлдэлд хийсэн дүгнэлт нь П.М, С.Т нарын Т.Бийг дээрэмдсэн гэх үйлдэлд хийсэн дүгнэлттэй агуулгын хувьд зөрчилтэй байдлыг үүсгэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.Гын холбогдсон гэмт хэргийн зүйчлэлийг авч үзэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн хуулийн зохицуулалтыг анхааран авч үзвэл зохино.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Цыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдууулжээ.
Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, хэргийн зүйчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх шаардлагыг хангасан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл үүсэх тул анхан шатны шүүх дээрх нөхцлүүдийг нэг бүрчлэн хянаж үзэх шаардлагатай.
Иймд прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Г, П.М, С.Т, Д.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.