Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                              114/2019/0011/З/

  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч иргэн Г.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М Си Эс Кока Кола” ХХК

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах Удирдлагын “Соёмбо” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэсэн үндсэн шаардлагатай, “Аймгийн Засаг даргын А/497 тоот захирамжийн хавсралтын 10 дугаарт байгаа Г.Б надтай холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгож өгнө үү”  гэсэн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      Р.Б                                        

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                         Б.З

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч              Д. Б 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч                                       М.М нар оролцов.                                                                                  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б-с шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон дүгнэлтдээ:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 504 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дахан сумын 15 дугаар багт баригдах Удирдлагын “Соёмбо” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000м2 талбай бүхий газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 000451933 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олгосон байдаг. Уг хугацаанаас хойш буюу 2013  оноос 2015 оны хугацаанд тус газарт сургуулийн барилга барих цогцолборын төсөв зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, мөн “Соёмбо” дээд сургуулийн цогцолборын барилга барих барилгын талбайн инженер геологийн судалгааг Барилгын инженер хайгуулын “Экотек проект” ХХК-аар хийж гүйцэтгүүлж, мөн тус газарт цахилгаан шугам сүлжээ болон бохир усны шугам холболт угсралтын ажлыг хийлгэхээр “Цагаан зуун” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Сургуулийн барилга барих техник эдийн засгийн зөвшөөрлийг мэргэжлийн бүх байгууллагуудаас авч баталгаажуулсан бөгөөд зураг, геологийн дүгнэлтэд 15.2 сая төгрөг зарцуулсан. Түүнчлэн газар эзэмших эрхийн нөхцөлийг хангаж ажиллаж, газрын төлбөрийг хуульд заасны дагуу хугацаанд нь бүрэн төлсөөр ирсэн.

 “Соёмбо” дээд сургуулийн барилгын ажлыг 2015 оны хавар эхлүүлэхээр төлөвлөж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5-д заасан эрхийнхээ дагуу гаргасан. Гэсэн хэдий ч зохих ёсны хариуг өгөөгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариуг өгөөгүй байна. Иргэний хувьд шийдвэр гарна гэж хүлээсэн, хүлээлтийн байдалтай байсан. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 2 жил 1 сарын дараа газар эзэмших эрхийн хугацааг цуцалсан байна.  Үүнийг нь 2 жилийн дараа газар дээр нь сендвичин барилга баригдсан учраас 2018 онд мөн газар эзэмших эрхээ сунгуулахаар Засаг даргад хүсэлт гаргасан боловч хариуг өгөөгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй хоёр жил болчихоод сунгаагүй эс үйлдэхүйдээ нэхэмжлэгч буюу газар эзэмшигчийг буруутгах нь үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийг 2015 оны 9 сард баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 5 сарын дараа шийдвэр гарахдаа энэ хуулийг мөрдөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах талаар заасан. Газар эзэмших эрхийг цуцалж байгаа бол эхлээд газар эзэмшигчид мэдэгдэж, түүний дараа оролцоог нь хангах ёстой байсан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжээгүй, 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах эрхийг нь  хангаагүй.  Хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Захирамжид 25 иргэн, аж ахуй нэгжийн 10 үндэслэлийг дурдсан байсан боловч уг үндэслэлийн аль үндэслэл нь Г.Б-т хамаарах нь тодорхойгүй байсан буюу бүх зөрчил бүх айлд хамааралтай мэт захиргааны актыг Засаг дарга гаргасан.  Ерөнхийлсөн шинжтэй захиргааны акт гаргачихаад шүүх дээр тайлбар өгөхдөө 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй айл нь танайх гэж тайлбар өгсөн. Анх захиргааны акт гаргахдаа энэхүү үндэслэлээ бичих ёстой байсан.

Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах удирдлагын “Соёмбо” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000м2 талбай, 000451933 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ, нэгж талбарын 80154165 дугаар бүхий 5000м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг 2 жил 7 сарын дараа буюу 938 хоногийн дараа шүүхийн байгууллагад өгсөн тайлбараас олж  мэдсэн тул аймгийн Засаг даргын А/497 тоот захирамжийн хавсралтын 10 дугаарт байгаа Г.Б-д  холбогдох хууль  бус хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбар болон  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-  Г.Б-с 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт газар эзэмших хугацаа сунгуулахаар гаргасан өргөдөлтэй танилцаад 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 тоот албан бичгээр Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрчилгээний хугацаа сунгах боломжгүйг албан ёсоор түүний нөхөр болох Р.Б-д 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 91117679/ утсаар мэдэгдэж, өргөдлийн хариуг хүргүүлсэн болно.

Г.Б-ын  2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 504 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 5000м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжаар хүчингүй болгосныг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 714  тоот албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт иргэн Г.Б-ын  99071999 дугаар утсанд мэдэгдсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Г.Б нь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 тоот албан бичиг, аймгийн Засаг даргын 2016 оны А/497 дугаар захирамжид Газрын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ямар нэгэн гомдол гаргаагүй ба нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад  хариуцагчаас анхны тайлбар дээр нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбар, холбоотой баримтуудаа өгсөн учраас нэмэлт тайлбар  бичгээр өгөх шаардлагагүй, шүүх хуралдаан дээр тайлбараа өгчихөд болно гэж үзсэн гэв.

 

Гуравдагч этгээд  “М Си Эс Кока кола” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Манай компани нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад хүсэлтээ хуульд заасны дагуу гаргасан. Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/141 дугаартай захирамжаар манай компанид Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 30 дугаар хороолол Үйлдвэрчний 1-126 тоот хаягт байрлах, 5212м2 газрыг үйлдвэрийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар газар эзэмших эрхийн 000007762 дугаартай, нэгж талбарын 4505900753 дугаар бүхий гэрчилгээг авсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан. Үүний дараа агуулахын барилга барьж хуульд заасны дагуу газрын төлбөр төлж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 504 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлах 5000м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 жилийн хугацаатай олгосон байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан ба Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2015  оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 тоот албан бичгээр нэхэмжлэгч нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүний хугацааг сунгах боломжгүй гэсэн хариуг өгч, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасан байна. Гэвч нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гарснаас хойш 2 жил 7 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь хуульд нийцэхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэжээ.  Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг хууль бус гэж үзвэл ажлын 10 өдрийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр дууссан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Б-ын шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах Удирдлагын “Соёмбо” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү”  гэсэн үндсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Б-д Дархан-Уул аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 504 дүгээр захирамжаар “Соёмбо” дээд сургуулийн ажлын байр барих зориулалтаар 5000 м.кв талбай бүхий газрыг олгохоор шийдвэрлэж, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авч нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн  болох нь хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 504 дүгээр захирамж, газар эзэмших И-3222 тоот гэрээ, 000451933 тоот газар эзэмших гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт, мөн нэхэмжлэгч Г.Б, түүний нөхөр Р.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах, өмчлөлийн О.7 га газар олгох тухай хүсэлтүүдийг гаргаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, газрын хувийн хэрэгт авагдсан баримт, аймгийн Засаг даргын тамгын газрын болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын өргөдөл, гомдол хүлээн авах дэвтэрт хийсэн шүүхийн үзлэг зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтэд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас  2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг сунгах боломжгүй тухай хариуг нэхэмжлэгчийн нөхөр Р.Батжаргалд өгч, явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч газар эзэмшигч Г.Б-д  мэдэгдсэн  эсэх нь баримтуудаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтэд хуульд заасан хугацааны дотор бичгээр хариу өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч У.Э-ын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хариу мэдэгдэх хуудас 2 хувь байгаа зэргээр нотлогдож байна.

Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, ...Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд  газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж болон Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “ ...хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар  нэхэмжлэгч хүсэлт өгснөөс хойш 30 хоног өнгөрсөн бол энэ хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч Г.Б нь дээрх хугацааг  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,  газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  хугацаа хэтрүүлсэн бол  хугацаа сэргээх хүсэлтээ, холбогдох нотлох баримтын хамт Захиргааны хэргийн шүүхэд гаргах боломжтой болно.

2. Нэхэмжлэлийн “Аймгийн Засаг даргын А/497 тоот захирамжийн хавсралтын 10 дугаарт байгаа Г.Б надтай холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгож өгнө үү”  гэсэн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-д эзэмшүүлсэн 5000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Засаг даргын 2016 оны А/497 дугаар захирамж, хавсралт зэргээр нотлогдож байна. Харин дээрх маргаан бүхий захирамжийг газар эзэмшигч Г.Б-д гардуулаагүй,мэдэгдээгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивт хадгалагдаж буй газар эзэмшигч Г.Б-ын эзэмшиж буй нэгж талбарын 080154165 дугаартай хувийн хэрэгт хийсэн шүүхийн үзлэгээр  нэхэмжлэгч Г.Б-ын  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 714 тоот албан бичиг нь 2 хувь, 2018 оны 12 дугар сарын 27-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас 2 хувь хадгалагдаж байна.  Гэрч Баярмаагийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 99071999 дугаар утас руу залгаж, Г.Б-д  газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, захирамжаа ирж авах талаар мэдэгдсэн гэж  мэдүүлж байгаа боловч  газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан 2016 оны 714 тоот албан бичиг,А/497 дугаар захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох Г.Б-д захиргааны актыг ирж авах талаар утсаар мэдэгдэж, харин захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид дээрх маргаан бүхий захиргааны актыг гардуулах арга хэмжээ аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгуууллага хариуцна” гэж заасантай нийцэхгүй байна.

 Үүнээс дүгнэлт хийхэд захиргааны байгуууллагаас бичгээр гаргасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээдэд мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч талаас дээрх маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн  15, 26, 27 дугаар зүйлд зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй гэж мэтгэлцэж байгаа ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2015 оны 54 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй гэж хариу өгсөн нь сонсох ажиллагаа болно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг оролцуулах, мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах журам нь 2016 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдаж байгаа болно.

Нэхэмжлэгчийг маргаан бүхий актыг гаргах ажиллагаанд оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гардуулаагүй захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 15, 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцэхгүй байна.

Имймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн ихэсгэсэн  шаардлагыг хангаж,  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн  үндэслэл байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын шүүхэд гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах Удирдлагын “Соёмбо” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү”  гэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6,  43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-с нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                                                                                                                                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА