Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 922

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00412 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ургамалд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 317 256 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс,

Хариуцагч Д.Ургамал,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг, Г.Нямхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь Анод банкны эрх хүлээн авагчтай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 217/2010 ЭХА дугаартай шаардах эрх болон ипотек шилжүүлэх гэрээгээр шаардах эрх үүссэн. Д.Ургамал нь 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №31715040732 тоот зээлийн гэрээ, № БГ15040732 тоот барьцааны гэрээ байгуулж 13 000 000 төгрөгийн зээлийг 84 сарын хугацаатай, нэг сарын 1.13 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 226-143 тоот 30 м.кв ҮХЭХБГэрчилгээний Ү-2204010168 дугаартай хоёр өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. Зээл, зээлийн хүүгээ гэрээний дагуу хугацаандаа төлөхгүй байгаа тул Д.Ургамалын банкинд барьцаалсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 226-143 тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс үндсэн зээл 3 620 489 төгрөг, хүүгийн төлбөрт 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 449 461 төгрөг, нийт 12 317 256 төгрөгийг Д.Ургамалаас гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээг улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлээгүй учраас барьцаатай холбоотой шаардлагаа гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ургамал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талд 32 айлын орон сууцны 5 давхар орон сууцны 18 тоот 48.5 м.кв талбай бүхий байрыг 17 500 000 төгрөгөөр худалдан авахаар “Эрчим арт” ХХК-тай 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууцанд хөрөнгө оруулж ашиглалтад оруулсаны дараа эзэмшүүлэх тухай” 19 тоот гэрээг байгуулж баталгаажуулан Анод банкнаас 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15040732 тоот гэрээгээр 13 000 000 зээл авч шууд компани руу шилжүүлсэн. Энэхүү зээлээс үндсэн зээл 3 620 499 төгрөг, төлөгдөөгүй хүү 2 856 200 төгрөг байгааг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Анод банкны мэргэжилтэн Т.Ганцэцэг тооцоо хийж гарын үсэг зурж өгсөн. Шүүхээс 2008 оны 02 дугаар сарын 30-ны өдөр Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Анод банкны дампуурлыг зарласан.

Анод банк дампуурсан учраас ЗГ-15040732 тоот зээлийн гэрээ Дампуурлын тухай хуулийн 33-36 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болсон. Хэрвээ зээлийн гэрээтэй холбоотой ямар нэгэн асуудал байгаа бол Банкны тухай 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар Дампуурлын тухай хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл Капитал банк надаас үндсэн зээл 3 620 489 төгрөг, хүү 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 449 461 төгрөг, бүгд 12 317 256 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Би Капитал банктай ямар нэгэн зээлийн гэрээ хэзээ ч байгуулаагүй. Хэрвээ Анод банкны өрийг шилжүүлэн авсан юм бол Шаардах эрх шилжүүлэх гэрээний 1.4 дэх хэсэгт “Энэхүү шаардах эрх болон ипотек шилжүүлэх гэрээг зээлдэгч болон барьцаалуулагчтай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээ нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.

Нөгөө талаар шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.7-д “Эрх шилжүүлж шаардах эрхээ шилжүүлсэн тухай зээлдэгч, барьцаалагчид албан албан бичгээр мэдэгдэнэ” гэсэн заалтыг одоо хүртэл биелүүлээгүй бөгөөд надад албан бичиг ирж байгаагүй. Ийнхүү миний асуудлыг миний оролцоогүй шийдвэрлэсэн. Харин Капитал банк миний зээлийн үлдэгдлийг Анод банкнаас шилжүүлэн авч байгаа талаар 2011 онд утсаар надтай холбогдож хэлсэн бөгөөд миний бие нөхцөл байдлыг хэлж тайлбарлахад “төлөгдөх боломжгүй юм байна ш дээ”, “өө тиймүү яанаа буцаая” гэж хэлээд утсаа тасалсан дахин холбогдоогүй. 2016 оны 11 сард Капитал банкны хуулийн ажилтан Анод банкнаас эрх шилжүүлэх гэрээг танилцуулан 8 294 460 төгрөгийн зээл шилжин ирсэн тухай мэдэгдсэн. Анод банктай анх байгуулсан зээлийн гэрээний 7.6-д энэхүү “Энэхүү гэрээний дагуу аливаа шаардлагатай эсвэл зөвшөөрөгдсөн арга хэмжээ авах, мөн баримт бичиг үйлдэх эрхийг банкны нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлын бичгээр зөвшөөрсөн албан тушаалтан зээлдэгч нар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл шаардах эрх шилжүүлэх гэрээнд банкнаас гадна зээлдэгч бид нар оролцож өөрийн зээл, зээлийн хүүгийн асуудлыг харилцан тохиролцох эрхтэй байжээ. Энэ эрхийг маань эрх шилжүүлэн авч байгаа Капитал банк ч хангах үүрэгтэй байснаа хэрэгжүүлээгүй нь харагдаж байна. “Эрчим арт” ХХК нь 2004 онд ашиглалтад орох гэрээтэй байрыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, шүүхийн маргааны улмаас 2016 оны 8 дугаар сард эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн болно. Учир нь Анод банк миний худалдан авсан 18 тоот 1 өрөө байрны нийт объект 5 давхар байрыг 1813.6 кв.м талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэйгээр барьцааны 00040398 тоот зээлийн гэрээгээр “Эрчим арт” ХХК-д 180-250 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж авсан зээл нь төлөгдөөгүй олон жил болж шүүхийн маргаан үүссэн байсныг би хожим мэдсэн. Анод, “Эрчим арт” ХХК 2 зээлийн маргааныг Чингэлтэй дүүргийн шүүх 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 842 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлсэн байсан.

Намайг зээл авах үед тэр үеийн Анод банк энэ мэдээллийг өгсөн бол миний бие заавал энэ байрыг зээлээр авахгүй, эсвэл хожим мэдэгдсэн ч гэсэн зээлийн гэрээг буцаан цуцлах боломжтой байсан. Дээрх маргааны улмаас байрыг улсын комисс хүлээн авахгүй, компани ч хүлээлгэн өгөх талаар ажиллахгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй, байрыг ашиглалтад оруулаагүй 2016 он хүрсэн. Анод банкинд миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан 2012 онд өргөдөл өгч өөрийн банкны барьцаатай хөрөнгө дээр давхар зээл олгосноос хохирч байгаа талаар асуудал тавьж өргөдөл гаргахад 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр таны төлөх зээлийн үлдэгдэл үндсэн зээл 36 200 499 төгрөг, зээлийн хүү 2 856 200 төгрөг байна гээд бид зээлийн асуудлыг судалж шийднэ. “Эрчим арт” ХХК-ийн захирал н.Цэцгээ 2 cap хоригдоод хавдар туссан гэсэн магадалгаа өгөөд алга болсон та бол одоогоор байргүй болох магадлалтай байгаа юм байна манай хүмүүсийн буруутай үйл ажиллагаа байна эдгээр бусад олон асуудлаас манай хүмүүс шоронд орох болоод байна гэсэн аман хариу өгч /тэр үед мэргэжилтэн, тухайн үеийн удирдлагаа дуудаж хамт уулзсан/ өргөдөлд аман хариу өгсөн болно.

Дээр дурдсан Анод банкны хууль бус ажиллагаанаас шалтгаалан байрны ордер 12 жилийн дараа буюу 2016 оны 8 сард гарсан боловч барилга чанаргүй, амьдрах аюулгүйн шаардлага хангаагүй. Би 2006 оноос хойш миний бие байр түрээслэн амьдарч байрны асуудал мөд шийдэгдэхгүй нь тодорхой болсон тул орон сууц түрээслэн амьдарч байна. Одоогийн байдлаар /2016 оны 7 cap хүтэл/ түрээсийн төлбөр бүгд 44 800 000 төгрөг төлсөн байна. Орон сууцны зээлийн гэрээний 5.1.2-т “Зээлдэгчээс энэхүү гэрээний үүргийн биелэлт болон худалдан авсан орон сууцнь эзэмшил, ашиглалтад хяналт тавина” гэсэн үүргийг хүлээсэн боловч нэг ч удаа тухайн орон сууцны барилгыг ашиглалтад оруулах талаар санаачилга гаргаагүй, хяналт тавихаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдэгч намайг хохироосон юм. Анод банк “Эрчим арт” ХХК-ийн энэхүү 32 айлын орон сууцыг бүхлээр нь өөрийнхөө барьцаанд аваад зээл олгочихсон байсан болохоор уг зээлээ “Эрчим арт” ХХК-иас гаргуулах талаар л маргаан хийж байсан болохоос зээлдэгч бидний орон сууцны тасалгааны ашиглалтад хяналт тавихад анхаарахгүй, боломжгүй байсан юм. Зээлдэгчийн худалдан авсан байрны ашиглалтад хяналт тавих үүрэг мөн эрх шилжүүлэн авсан Капитал банкинд шилжин очсон боловч энэхүү үүргээ биелүүлээгүй зөвхөн хүү торгууль төлбөр тооцож суусан байна.

Анод банкинд тухайн үед би зээл авахаар очихдоо хамаатны айлын орон сууцны ордерийг барьцаанд тавихаар авч очин үзүүлэхэд 20-иод хоногийн дараа барьцаа хэрэггүй та үүнийгээ аваад яв гэж хувилсан материалыг эргүүлэн өгсөн. Энэ нь тухайн объектийг бүхэлдээ Анод банкны барьцаанд байсантай холбоотой байх. Гэтэл Капитал банк 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар батлуулсан барьцааны гэрээг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгч уг барилгыг албадан борлуулж зээл зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулж аль гэж намайг сүрдүүлж шахалт үзүүлж 3 000 000 төгрөгийн төлөөсөнд хүний 2 өрөө орон сууцыг авахаар санаархаж байна. Уг барьцааны гэрээг 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсанаар хийсэн атлаа тухайн үед нотариатаар батлуулаагүй болох нь тогтоогдож байна. Нэгэнт нотариатаар батлуулаагүй учраас тухайн үед нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй гэдэг нь тодорхой юм. Үнэхээр барьцааны гэрээ байгуулсан бол эрх шилжүүлэх гэрээний 2.8-д заасны дагуу үндсэн материалууд нь Капитал банкинд байх ёстой. Нөгөө талаар барьцааны гэрээг нотариатаар батлахдаа талуудыг байлцуулан байж үндсэн бичиг баримтыг үзэж байж баталдаг журамтай байна. Гэтэл гэрээ байгуулсан 2004 оноос хойш 8 жилийн дараа 2012 онд намайг байлцуулахгүйгээр нотариатын тэмдэг даруулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хуурамч гэрээ буюу нотлох баримт гэж үзэж байна. Дээр дурьдсан Анод болон Капитал банкны хууль бус ажиллагааны улмаас олон хохирол амссан. Миний бие Капитал банкны нэхэмжилж байгаа зээлийн хүү 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 449 461 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Харин үндсэн зээлийн үлдэгдэл 3 620 499 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талд 32 айлын орон сууцны 5 давхар орон сууцны 18 тоот 48.5 м.кв талбай бүхий байрыг 17 500 000 төгрөгөөр худалдан авахаар “Эрчим арт” ХХК-тай 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууцанд хөрөнгө оруулж ашиглалтад оруулсаны дараа эзэмшүүлэх тухай” 19 тоот гэрээг байгуулж баталгаажуулан Анод банкнаас 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15040732 тоот гэрээгээр 13 000 000 төгрөгийн зээл авч шууд компани руу шилжүүлсэн болно. Капитал банк 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар батлуулсан барьцааны гэрээг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгч уг барилгыг албадан борлуулж зээл, зээлийн хүүгийн 3 000 000 төгрөгт өрөө орон сууцыг авахаар санаархаж байна. Уг барьцааны гэрээг 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулснаар хийсэн атлаа тухайн үед нь нотариатаар батлуулаагүй болох нь тогтоогдож байна.

Нэгэнт нотариатаар батлуулаагүй учраас тухайн үед нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй гэдэг нь тодорхой юм. Үнэхээр барьцааны гэрээ байгуулсан бол эрх шилжүүлэх гэрээний 2.8-д заасны дагуу үндсэн материалууд нь Капитал банкинд байх ёстой. Анод банк өөрийн барьцаанд байсан тухайн объектоос ашиг хайж надад давхар зээл олгосон, зээлдэгч “Эрчим-арт” ХХК зээлээ төлөөгүйгээс шүүхийн маргаан гарч байрыг улсын комисст хүлээлгэн өгөхөөс 12 жил зугтан үүнээс болж би маш ихээр хохирсон байна гэж үзэх үндэслэлтэй юм. Тэр үед 2004 онд барьцааны гэрээний төсөл хийж байсан 1 хувийг авч үлдэн 2012 онд 8 жилийн дараа хуурамчаар нотариатаар батлуулан барьцаагүй зээлээ барьцаатай мэт болгон хуйвалдааны журмаар Капитал банкинд шилжүүлэн нэхэмжлэлийн баримт болгон шүүхэд өгсөн байна. Нөгөө талаар барьцааны гэрээг нотариатаар батлахдаа талуудыг байлцуулан байж үндсэн бичиг баримтыг үзэж байж баталдаг журамтай байхад гэрээ байгуулсан 2004 оноос хойш 8 жилийн дараа 2012 онд намайг байлцуулалгүйгээр нотариатын тэмдэг даруулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хуурамч гэрээ буюу нотлох баримт биш, энэ зээлд тухайн гэрээнд тусгагдсан Баянзүрх дүүрэгт байрших орон сууц хамааралгүй гэж үзэж байна. Дээрх дурдсан Анод болон Капитал банкны нотлох баримт болгоод буй БГ/15040732 дугаартай барьцааны гэрээ нь хууль бус болохыг тогтоон, хууль бус барьцааны гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Капитал банк нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрт мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Хэрэв хариуцагчийн тайлбарлаж байгаачлан тухайн барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй бол хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох тул заавал үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлага биш байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ургамал үндсэн зээл 3 620 489 төгрөг, хүү 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 449 461 төгрөг, нийт 12 317 256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Капитал банкинд холбогдуулан БГ/15040732 дугаарттай барьцааны гэрээ нь хууль бус болохыг тогтоон, хууль бус барьцааны гэрэз-хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа Д.Ургамал татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 212 026 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 212 026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Ургамал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн дээрхи шийдвэр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гэж үзэж байна Үүнд:

1. Анод банкны эрх хүлээн авагч нь Капитал банкинд “шаардах эрх шилжүүлэх” талаар хоорондын гэрээ байгуулсан бол хууль болон зээлдэгчтэй хийсэн гэрээнд заасны дагуу зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй, ийнхүү мэдэгдэхдээ зохих журмын дагуу бичгээр мэдэгдэх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаас үзвэл нэхэмжлэгч Капитал банкны эрх зээлийн сүүлийн төлөлт болох 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болж байна гэж хүлээн зөвшөөрч тэмдэглэсэн атлаа нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд зээлийн төлөлтөө хийхийг мэдэгдсэн, утсаа авахгүй, оршин суух хаягаа өөрчилсөн тухайгаа мэдэгдээгүй гэж тайлбарласан.

Шүүх хариуцагч нь хоёр удаа утсаар ярьсан, үндсэн зээл 3 620 489 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдана гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн хууль бус дүгнэлт хийж төлбөр хариуцжуулсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тодорхой заасан байхад надад зээлийн төлөлт хийхийг мэдэгдсэн, үндсэн зээл 3 620 489 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн гэж хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж хэрхэвч болохгүй. Ингэж дүгнэлт хийх нотлох баримт хэрэгт байхгүй байгааг талууд мэдэж байгаа шүү. Утсаар зөвхөн таны зээл нэрээ хэлээгүй эмэгтэй таны зээл манайд шилжиж ирэх гэж байна гэж хэлээд тайлбар хийсэн өө яанаа тэгвэл манайх авахаа больж буцаая гээд л тасалсан түүнээс хойш таг болсон гэж тайлбар өгсөн.

3. Хариуцагчаас зээл авсан хугацаанд зээлийн гэрээ болон түүний хэрэгжилтэнд олон өөрчлөлт гарч нөхцөл байдал өөрчлөгдсөнийг нотлох баримтад тулгуурлан тайлбарласан байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан; мөн хариуцагч нь 3 620 489 төгрөгийг төлнө үлдсэн төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа хэдий ч ямар үндэслэлээр төлөхгүй тухайгаа баримтаар нотлоогүй болно гэж нэхэмжлэгч талд үйлчилж хэтэрхий нэг талыг барьсан хуурамч дүгнэлт хийсэн зэргийг давж заалдах шатны шүүхэд анхаарч үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

4. Шийдвэрийн үндэслэл хэсэгт хариуцагч нь уг зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргах хэдий ч зээлийг ашигласны хариу төлбөр болох үндсэн хүүгээс болон зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл гэрээгээр болон хуулиар зохицуулаагүй байна. Талуудын гэрээгээр тохирсон үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хуульд заасантай адилтгаж багасгах үндэслэлгүй гэж хэнд ч ойлгомжгүй, хуульд ч байхгүй дүгнэлт хийж надад төлбөр хариуцуулж байгааг хууль бус үйлдэл гэж ойлгож байна.

5. 2008 оны 02 дугаар сард Анод банк дампуурч Банкны тухай тухай хуульд зааснаар дампуурлыг албан ёсоор зарласан. Нэгэнт Анод банк дампуурсан тул банкны эрх үүрэг “эрх хүлээн авагч”-д шилжсэн гэж ойлгогдож байна. Надад авсан зээлээ төлөхгүй гэсэн санаа бодол, үйлдэл огтоос байхгүй харин зээл авч байр авахаар хөрөнгө оруулалт хийснээс болж ноцтой хохирсоор байхад шүүх яагаад анхаарч үзэлгүй ийм шийдвэр гаргаад байгаад гомдож байна. Би Үндсэн хуульд зааснаар хууль шүүхийн өмнө Капитал банктай адип тэгш эрхтэй гэж ойлгож байна.

6. Би үнэхээр хохирч байгаа талаараа анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд Капитал банк бид барьцааны хөрөнгөөс төлбөр гаргуулах гэж нэхэмжлээгүй гэж нэхэмжлэлээ үгүйсгэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасаүрэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзах хэрэгтэй гэж надад ойлгуулж хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Капитал банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 620 489 төгрөг, зээлийн хүү 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 449 461 төгрөг, нийт 12 317 256 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Д.Ургамалд холбогдуулан “Капитал банк” ХХК гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3 620 489 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан ба БГ/15040732 дугаартай барьцааны гэрээг хууль бус болохыг тогтоож, хууль бус барьцааны гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаасаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд татгалзсан байна.

 

Хариуцагч Д.Ургамал нь “Анод банк” ХХК-тай 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/15040732 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, нэг сарын 1.13 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 13 000 000 төгрөгийг зээлжээ. /хэргийн 7-11 дүгээр тал/

 

“Анод банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “Капитал банк” ХХК-д 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 301/2011 ЭХА дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Д.Ургамалд холбогдох 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг уг хуулийн дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй юм.

 

Хариуцагч Д.Ургамал нь “Анод банк” ХХК-иас зээл авахдаа өөрийн оршин суух хаягаа Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ЭТУГ 406 тоот хаяг гэж тодорхойлсон байх боловч уг хаягтаа оршин суухаа больсон гэх зохигчдын гаргасан тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 63 дугаар байрны 8 тоот хаягт амьдарч байгаа талаараа Капитал банкинд мэдэгдсэн талаарх бичгийн баримт зэргээс үзэхэд оршин суух хаягаа өөрчилсөн тухайгаа мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй юм. /хэргийн 10, 14 дүгээр тал/

 

Мөн хариуцагч Д.Ургамал нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Капитал банкнаас 2 удаа утсаар ярьсан, үндсэн зээл 3 620 489 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэх тайлбар гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.” гэж зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь “Анод банк” ХХК буюу зээлдүүлэгчээс хариуцагч буюу зээлдэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг шилжүүлэн авахдаа түүнээс зөвшөөрөл авах үүрэггүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ургамалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 026 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА   

 

                                      ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ   

                   

                                                                                       С.ЭНХТӨР