Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/307

 

2021        5            12                                   2021/ШЦТ/307

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0321/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

улсын яллагч: М.Отгонбаатар,

шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Д-д холбогдох эрүүгийн 2009026150504 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Говийн нар” констракшн ХХК-д ажилладаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол 32-418 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй П.Д /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Д нь Оюутолгой руу бараа нийлүүлнэ гэж Б.Б-д зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүнээс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ таур дотроос 10.000.000 төгрөг шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Д: “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр П.Д танил маань Оюутолгой руу бараа нийлүүлэх гэж байгаа надад мөнгө дутаад байна. Надад өөрийнхөө нэрээр цалингийн зээл аваад өгөөч гэсэн. Тэгээд би П.Д-д 10 сая төгрөгийн цалингийн зээл авч өгсөн. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүүгээ төлөөч гэж хэлтэл 200.000 төгрөг өгсөн, түүнээс хойш юу ч төлөөгүй холбогдохгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/,

П.Д-н 5076068385 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25, 36-37 тал/,

Яллагдагч П.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Б.Б-тэй ярилцаж байхдаа Оюутолгойн тендерт оролцох болоод бараа нийлүүлэх боломж гарсан. Тухайн үед мөнгө дутаад найзуудаас мөнгө асуусан... Тэгээд миний зээл бүтэхгүй болохоор Б.Б-тэй холбогдож өмнө ярьж байсан зээл авах боломжтой юу гэж асуухад Б.Б банк ороод хэдэн төгрөгийн зээл гарах боломжтой байна зээл авахад хугацаа шаардах талаар мэдээд хэлье гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа над руу залгаад өдөртөө 10.000.000 төгрөгийн зээл гарна гэж хэлсэн... Баасансүрэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээлээ авчихлаа намайг дансаа өгчих гээд миний хаан банкны 5076068385 гэсэн данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн... Б.Б-с авсан мөнгөөр нөүтбүүк авсан, хувийн ойр зуурын хэрэгцээнд ашигласан. Анх зээлсэн мөнгөө зарцуулах зүйлээс өөр зүйлд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч П.Д нь Оюутолгой ХХК руу бараа нийлүүлнэ, мөнгө дутаад байна, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч, банкны хүүг нь сар бүр төлөөд явна, Оюутолгойгоос мөнгө орж ирэхээр нь буцаагаад мөнгийг чинь өгнө гэж хохирогч Б.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ таур дотор явж байхад нь гар утасны интернет банкаар нь дамжуулан өөрийн эзэмшлийн ХААН банкны 5076068385 дугаартай данс руу 10.000.000 /арван сая/ төгрөг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч П.Д-н “Оюу Толгой ХХК” руу бараа нийлүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Б-с 10.000.000 төгрөгийг нь өөртөө шилжүүлэн авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч П.Д нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.Д-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө төгрөг олж амьдрах, хувьдаа ашиг хонжоо олох гэсэн шууд санаатай шунахай зан байдал нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б нь хавтаст хэргийн 73 дугаар талд “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг П.Д-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч П.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч П.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР