| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0164/э |
| Дугаар | 2021/ШЦТ/168 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/168
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Т-д холбогдох эрүүгийн 2121000000135 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Т /РД: ....................../.
Шүүгдэгч Т нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад гадуур таньдаг найз нөхдийн хамт зүүн хотхонд байдаг найзынхаа гэрт нь 2 шил 0,5 литр “Хараа” нэртэй архи хувааж уусан. Ингээд би өдөр 14 цагийн орчим найзынхаа гэрээс гараад согтуу машинаа барьж явах замдаа Т машинтайгаа явж байхад нь таарсан. Тэгээд би Т-гийн хажуугаар машинтайгаа зөрж зогсоод ямар учир шалтгааны улмаас Т-той зодолдох болсноо санахгүй байна. Т-той юунаас болж маргалдсан талаараа сайн мэдэхгүй байна. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 10/
Гэрч Ж.Чимэдцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчим ач охин маань залгаад “аав хүнд зодуулсан гээд ирээд байна” гэхэд нь очиход манай хүү С бага зэрэг архи уусан байдалтай хүнд зодуулсан юм шиг нүд, ам нь шалбарч, уруул нь язарч цус гарсан байсан. ...Болсон асуудлын талаар асууж тодруулахад Тогоо гэх залууд зодуулсан гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 21-22/
Гэрч Ө.Өлзийцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т машинтайгаа явж байхад нь би гэртээ хүргүүлэх гээд машинд нь суусан юм. Тэгээд бид хоёр манай гэр рүү явж байхад замд С Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад Т-гийн машиных нь урд тулж зогссон. Тэгээд тэр хоёр машинаасаа буугаад шууд заамдалцаж аваад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би машинаас бууж тэр хоёрыг салгах гээд Т-г араас нь татаж салгасан. Энэ үед тэр хоёр хажуу тийш машин налж унасан юм...” гэжээ. /хх-ийн 25-26/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 163 тоот дүгнэлтэд:
1. С-гийн биед тархи доргилт, хуйханд зүүн зулайн зулгаралт, зүүн завьж, дээд, доод уруулын зулгаралт, доод уруулын салстын язрал, хүзүүний зулгаралт, цээжний урд баруун талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи тархи доргилт гэмтэл нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-31/
Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өөрийн эзэмшлийн Портер маркийн 20-41 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад явж байсан. ...Гэтэл замд өөдөөс манай сумын С өөрийнхөө Портер машинтай ирж байгаа харагдсан бөгөөд шууд урдаас ирээд тулаад машины өмнө зогссон. ...Тэгээд С дайрах нь уу гэхэд миний зүүн хөл рүү өшиглөсөн. Миний зүүн хөл бэртэлтэй болохоор миний уур хүрээд С ахтай заамдалцахад С ах намайг цохих гэхэд нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа нэг цохисон...” гэжээ. /хх-ийн 42/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 29/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/
Тгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 45/
С-гийн Дорнод аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 49/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ................ овогт Т нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С-г зодож биед нь тархи доргилт, хуйханд зүүн зулайн зулгаралт, зүүн завьж, дээд, доод уруулын зулгаралт, доод уруулын салстын язрал, хүзүүний зулгаралт, цээжний урд баруун талын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тэгээд С дайрах нь уу гэхэд миний зүүн хөл рүү өшиглөсөн. Миний зүүн хөл бэртэлтэй болохоор миний уур хүрээд С ахтай заамдалцахад С ах намайг цохих гэхэд нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа нэг цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С-гийн “...Тэгээд би Тгийн хажуугаар машинтайгаа зөрж зогсоод ямар учир шалтгааны улмаас Ттой зодолдох болсноо санахгүй байна. Т-той юунаас болж маргалдсан талаараа сайн мэдэхгүй байна. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, гэрч Ж.Чимэдцэрэнгийн “...манай хүү С бага зэрэг архи уусан байдалтай хүнд зодуулсан юм шиг нүд, ам нь шалбарч, уруул нь язарч цус гарсан байсан. ...Болсон асуудлын талаар асууж тодруулахад Тогоо гэх залууд зодуулсан гэж хэлж байсан...” гэх, гэрч Ө.Өлзийцогтын “...Тэгээд тэр хоёр машинаасаа буугаад шууд заамдалцаж аваад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би машинаас бууж тэр хоёрыг салгах гээд Т-г араас нь татаж салгасан. Энэ үед тэр хоёр хажуу тийш машин налж унасан юм...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 163 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Т-гийн үйлдлийн улмаас хохирогч Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 163 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Т-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Т-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА