Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/201

 

2021        03          26                                   2021/ШЦТ/201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр 

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч М.С ,

шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанжаадархан овгийн Б.Г т холбогдох эрүүгийн 201625030612 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жанжаадархан овгийн Б.Г , 1969 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүрэг Сэлхийн эцсийн буудалд манаач ажилтай, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар  гудамж, 177 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор манаачийн байранд оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г  нь 2016 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар  гудамж, 177 тоот гэртэй хамтран амьдрагч М.С ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, элдүүрээр цохих, хутгаар хатгах зэрэг байдлаар олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Айгаад архидаад явчихсан. Түрүү жилийн 10 сараас архи уухаа больсон…” гэв.

Хохирогч М.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би энэ хүнээс  айж байна. Дахин таараад зодвол гэж маш их айдаг. Ганбаатарын дүү нь манай ээжид хэдэн төгрөг өгөх гээд очсон гэсэн. Авч болох үгүйг мэдэхгүй болохоор ээж аваагүй гэж байсан. Энэ хэргийн хохирогч болсноос хойш би хохирогч хамгаалах төвд хүртэл хандсан. Гомдолтой байна. Баримтаар нэхэмжилсэн зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/,

Хохирогч М.С  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2016 оны 3 дугаар сарын 17-ны орой би хамтран амьдрагч Б.Г ын гэрт очсон юм. Тэгээд би нэг шил архи хувааж уугаад дууссаны дараа орон ороод унтах гэж байгаад намайг ямар ч шалтгаангүйгээр босож ирээд гурилын элдүүр модоор миний зүүн гар руу нэг удаа цохисон. Боль гэж хэлэхэд орны дэргэд байсан түмбүүшикэн дээрээс хутга аваад миний зүүн гуя руу нэг удаа хутгалсан. Болио гээд гэр рүүгээ явах гээд гарахад намайг үсдэж аваад гэрийнхээ гадна миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, буцаад ороод хэвтэж байхад би ер нь чамайг ална гээд хэсэг хэвтэж байгаад нэг сэрэхэд хутга барьчихсан, миний зүүн гуя руу нэлээд олон удаа хутгаар хатгаад, зарим газар хутгаар дүрсэн. Тэгээд би боль гэхэд миний цээжний дээд хэсэгт хутгалаад боль гэхэд миний гуяны дотор хэсэгт хутгалсан. Хутгаа миний гуя руу хийгээд буцаад татахад гарахгүй байхад  хүчээр татаж авсан юм. Миний биеийн бүхий л хэсэг буюу зүүн талаар нэлэнхийдээ хутгаар дүрэгдэж гэмтсэн юм. Тэгээд шөнөжингөө гэрээс гарах юм бол ална шүү гээд намайг шөнө унтуулаагүй. Өглөө босоход хамтран амьдрагч цагдаад баригдахаас өмнө зугтаалаа гээд гараад явсан юм. Тэгээр нь би гэрээс гарч яваад гудамжинд зогсож байсан нэг залуугаас цагдаа болон эмнэлэг дуудаад өгөөч гэсэн юм. Би гудамжинд байж байгаад эмнэлгийн тусламж авсан юм ...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч Ч.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тал шил архи гаргаж ирээд дөрөв лүүгээ тэрийгээ хувааж уугаад бид хоёр газраар хэвтэхээр болоод ор засаж өгсөн. Тэр үед Саранзул эгч надад хандаж, намайг битгий орхиж яваарай гэж хэлсэн. Тэгээд би танайд хоночхоод явъя гээд тэдний гэрт унтсан юм. Унтаж байхад шөнө Баярмаа миний дүү намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэр үед би тоогүй тоглож байгаа байлгүй гэж бодоод сэрж чадахгүй байсан. Тэгээд бид хоёр шөнөжин унтаж чадаагүй, Ганбаатар гэх хүн Саранзулыг шөнөжин зовоож тарчлаасан...” гэх мэдүүлэг /хх 36-37/,  

Гэрч А.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэр үед Саранзул эгч Батболдоо эгчийг нь зодоод байна гэж 00 цагийн үед орилоод хэлсэн. Тэр үед би босоод асаагуурын гэрэл тусгаад харахад зүүн талын нүүр орчим хавдсан байсан юм. Тэгээд би та хоёр болиоч гэхэд тэр хоёр чимээгүй болсон юм. Тэгээд би жаахан унтаж байгаад 03 цагийн үед босоод гэр рүүгээ гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 38-39/,  

Гэрч Г.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...сүүлд 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Ганбаатар нь өөрийн гэртэй миний охиныг зодож, биед нь өчнөөн тооны шарх гэмтэл учруулж байсан...” гэх мэдүүлэг /хх 40-41/,  

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4444 дүгээр дүгнэлтэд: “...М.С ын биед зүүн мөр, цээж, дал, баруун бугуй, зүүн өгзөг, баруун зүүн гуя, өвдгөнд шарх, зүүн бугалга, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүд, эрүү, зүүн бугалга, цуу, цээж, зүүн гуянд цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн бугалга, шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 44/,   

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г  нь 2016 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар  гудамж, 177 тоот гэртэй хамтран амьдрагч М.С ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, элдүүрээр цохих, хутгаар хатгах зэрэг байдлаар олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.С ын “…2016 оны 3 дугаар сарын 17-ны орой би хамтран амьдрагч Б.Г ын гэрт очсон юм. Тэгээд би нэг шил архи хувааж уугаад дууссаны дараа орон ороод унтах гэж байгаад намайг ямар ч шалтгаангүйгээр босож ирээд гурилын элдүүр модоор миний зүүн гар руу нэг удаа цохисон. Боль гэж хэлэхэд орны дэргэд байсан түмбүүшикэн дээрээс хутга аваад миний зүүн гуя руу нэг удаа хутгалсан. Болио гээд гэр рүүгээ явах гээд гарахад намайг үсдэж аваад гэрийнхээ гадна миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, буцаад ороод хэвтэж байхад би ер нь чамайг ална гээд хэсэг хэвтэж байгаад нэг сэрэхэд хутга барьчихсан, миний зүүн гуя руу нэлээд олон удаа хутгаар хатгаад, зарим газар хутгаар дүрсэн. Тэгээд би боль гэхэд миний цээжний дээд хэсэгт хутгалаад боль гэхэд миний гуяны дотор хэсэгт хутгалсан. Хутгаа миний гуя руу хийгээд буцаад татахад гарахгүй байхад  хүчээр татаж авсан юм. Миний биеийн бүхий л хэсэг буюу зүүн талаар нэлэнхийдээ хутгаар дүрэгдэж гэмтсэн юм. Тэгээд шөнөжингөө гэрээс гарах юм бол ална шүү гээд намайг шөнө унтуулаагүй. Өглөө босоход хамтран амьдрагч цагдаад баригдахаас өмнө зугтаалаа гээд гараад явсан юм. Тэгээр нь би гэрээс гарч яваад гудамжинд зогсож байсан нэг залуугаас цагдаа болон эмнэлэг дуудаад өгөөч гэсэн юм. Би гудамжинд байж байгаад эмнэлгийн тусламж авсан юм...” гэх мэдүүлэг /хх 30-31/, гэрч Ч.Б гийн “...тал шил архи гаргаж ирээд дөрөв лүүгээ тэрийгээ хувааж уугаад бид хоёр газраар хэвтэхээр болоод ор засаж өгсөн. Тэр үед Саранзул эгч надад хандаж, намайг битгий орхиж яваарай гэж хэлсэн. Тэгээд би танайд хоночхоод явъя гээд тэдний гэрт унтсан юм. Унтаж байхад шөнө Баярмаа миний дүү намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэр үед би тоогүй тоглож байгаа байлгүй гэж бодоод сэрж чадахгүй байсан. Тэгээд бид хоёр шөнөжин унтаж чадаагүй, Ганбаатар гэх хүн Саранзулыг шөнөжин зовоож тарчлаасан...” гэх мэдүүлэг /хх 36-37/, гэрч А.Б ын “...Тэр үед Саранзул эгч Батболдоо эгчийг нь зодоод байна гэж 00 цагийн үед орилоод хэлсэн. Тэр үед би босоод асаагуурын гэрэл тусгаад харахад зүүн талын нүүр орчим хавдсан байсан юм. Тэгээд би та хоёр болиоч гэхэд тэр хоёр чимээгүй болсон юм. Тэгээд би жаахан унтаж байгаад 03 цагийн үед босоод гэр рүүгээ гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 38-39/, гэрч Г.Д ын “...сүүлд 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Ганбаатар нь өөрийн гэртэй миний охиныг зодож, биед нь өчнөөн тооны шарх гэмтэл учруулж байсан...” гэх мэдүүлэг /хх 40-41/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4444 дүгээр “...М.С ын биед зүүн мөр, цээж, дал, баруун бугуй, зүүн өгзөг, баруун зүүн гуя, өвдгөнд шарх, зүүн бугалга, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүд, эрүү, зүүн бугалга, цуу, цээж, зүүн гуянд цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн бугалга, шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 44/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б.Г  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.С  нь “...Гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан нотлох баримтаа бүрдүүлэн гэмт буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. 

Шүүгдэгч Б.Г ын 2016.03.29-өөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2016.03.31-ээс 2016.04.12-ны өдрийг хүртэл 13 хоног,  2017.6.21-ээс 2017.8.31-ийг хүртэл 71 хоног, 2021.3.1-ний өдрөөс 2021.3.25-ны өдрийг хүртэл 25 хоног нийт цагдан  хоригдсон 111 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, ял эдэлсэнд тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллав.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 35.5 см урттай, 3 см диаметртэй модон элдүүр 1 ширхэг, 20.5 см уртай, бариул хэсгийн урт 11 см, үзүүр хэсгийн урт 9.5 см урттай 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жанжаадархан овгийн Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ыг 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 111 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссанд тооцож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.    

4. Шүүгдэгч Б.Г  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.С  нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 35.5 см урттай, 3 см диаметртэй модон элдүүр 1 ширхэг, 20.5 см уртай, бариул хэсгийн урт 11 см, үзүүр хэсгийн урт 9.5 см урттай 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН