Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч М

Шүүгдэгч Д, Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г-с Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б нарт холбогдох эрүүгийн 2121000000077 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ..........................жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг ......тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д /РД: ЖД......../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумынд төрсөн, эмэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ................хамгаалалтын компанид тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...дүгээр баг ......тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б /РД:.............../

 

Шүүгдэгч Д нь Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй .....................хамгаалалтын компанийн байранд 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн .................хамгаалалтын компанийн байранд 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

            Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Би ..............харуул хамгаалалтын компанид тогооч хийдэг юм. 2021 оны 02 дугаар сарын 11-ний битүүний орой 21 цагийн орчимд манай хуурай дүү Д бид хоёрыг манай нөхөр Д ирж аваад өөрийн ажилладаг цахилгааны ангид очсон. Тэндээ ууж битүүлцгээгээд сууж байтал манай нөхөртэй хамт ажилладаг хүмүүс орж ирсэн. Би дүүгийнхээ хамт ажил руугаа явна гэсэн ойлголттой байсан. Мөн Д өөрийн ажил дээрээ үлдэнэ гэж ойлгож байсан. Гэтэл 01 цагийн орчимд надтай хамт манай нөхөр манай ажил руу явна гэж хэлэхээр нь би нөхөртөө хандан “чи эндээ хононо гэж хэлээгүй юм уу өглөө ажилтай биз дээ яаж ирэх юм бэ” гэхэд Д надад хандан “чи дургүй байгаа юм уу юундаа дургүйцээд байгаа юм гэж хэлэхээр нь би юундаа дургүй байхав дээ” тэгээд явах бол явна биздээ явъя гэж хэлээд явсан. Явж байх замдаа Д нь манай нөхөрт хандан “Та яах гэж дандаа Б эгчийг хардаж илүү дутуу юм ярьж байдаг юм бэ гэж хэлсэн. ...Б эгчийг хардаад тайван ажлыг нь хийлгэхгүй байгааг хараад байж чадахгүй болоод хэлж байна гэхэд манай нөхөр Д алгадаад авсан. Тэгэхээр нь би нөхөртөө хандан чи хүний хүүхдийг алгадаад байхдаа яадаг юм бэ? наад хүүхэд чинь надад тус болоод зөндөө юм хийж өгч байхад гэхэд “Чи баарны хүүхэн авчирчихаад Д, Д гэлээ гээд Д зууралдаад байхаар нь би салгах гэхэд намайг алгадсан. Тэгтэл миний уруул хавдсан. Тэр хооронд Д гараад явсан байсан. ... зүүн шанаа руу алгадаад уруул руу зангидсан гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд нь би өөрийгөө хамгаалж нүүрийг нь самардсан. Гэнэт миний үснээс 2 гараараа зулгаагаад сэгсрээд байсан. Улмаар миний 2 хөлний гуя руу хромон гутлаараа 2-3 удаа өшиглөж, 2 гарын булчин, шуу, эгэмний ясан дээр гараараа цохиод байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/

            Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тухайн оффисоос 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд би эхнэр Б, Д нарын хамтаар гарч эхнэр Б ажилладаг “...............” хамгаалалтын компанийн гэр гал тогоон дээр ирсэн. Тухайн гэр гал тогоонд ирэхээс өмнө нь манай эхнэр Б нь намайг “эндээ үлдээ” гээд цахилгааны оффис дээр үлдээгээд ажил руугаа явах гээд байсан. Тэгэхээр нь би “Та хоёрыг хүргэж өгчихөөд хамт байж байгаад өглөөгүүр ирье” гээд жаахан маргалдсан байсан юмаа. Гэтэл манай эхнэр Б хамт ажилладаг Д нь надад хандаж “Та ямар хартай юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “Чамд миний амьдрал ямар хамаатай юм бэ” гэж хэлээд жаахан маргалдсан ... би уурлаад Д нүүр хэсэг рүү 1 удаа гараараа алгадсан. ... эхнэр Б маань уурлаад миний нүүрлүү маажиж хэд хэдэн удаа алгадсан. Харин би түүнийг үсдээд 1 удаа уруул хэсэгт нь алгадсан. Улмаар хөлөөрөө түүний 2 хөлний гуяруу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн маргаан хэсэг хугацаанд үргэлжилсэн бөгөөд бид 2 өөрсдөө салцгаасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...... тоот дүгнэлтэд:

1. Д.-н биед нүүр, хүзүү, цээж, хэвлий, нурууны зурагдсан зулгаралт, зүүн бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

   3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэжээ. /хх-ийн 40-41 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ..... тоот дүгнэлтэд:

1. Б биед дээд уруулын баруун дээд хэсэг, эрүүний баруун зүүн талын цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал, хүзүүний зулгаралт, баруун мөрний үений зөөлийн эдийн няцрал, цээжний урд тал, баруун, зүүн бугалга, баруун зүүн шууны цус хуралт, гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

    3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 44-45 тал/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/

-Яаралтай тусламжийн хуудас /43 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Д, Б нар нь Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй ......................хамгаалалтын компанийн байранд 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо зодолдож, харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Д-н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Д,Б нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г-н зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д,Б нар нь согтуурсан үедээ нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон маргалдсаны улмаас харилцан бие биендээ буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д, Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Д-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-н  ЖД............ тоот, шүүгдэгч Б-н  ЖЖ........... тоот регистерийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д,Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д,Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д, Б нар нь  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.н ЖД......... тоот, шүүгдэгч Б-н ЖЖ....... тоот регистерийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д,Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ