Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч М

Хохирогч С

Шүүгдэгч Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х-С Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч-д холбогдох эрүүгийн 2121000300074 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, байгаль хамгаалагч инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .....дүгээр баг Хивсний .....тоотод оршин суух, Ч-д . /РД:ЖЗ............/

 

Шүүгдэгч Ч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” дэлгүүрийн худалдагчаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 1580.400 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 3 дугаар сарын 20-ны дотор хохирлоо төлж  барагдуулна ...” гэв.

 

Хохирогч С нь шүүх хуралдааны шатанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Хохирлоо авбал өөр гомдол санал байхгүй. Хэлсэн хугацаандаа төлөх байх ...” гэв.

 

            -2021 оны .... дугаар сарын ...-ний өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Хариулт 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах С дэлгүүрийн худалдагч Ч.н тооцоог 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны байдлаар хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн баримтаар тулган шалгахад ажиллах хугацаандаа нийт 21900.200 төгрөгийн бараа хүлээн авч, 7466.400 төгрөгийн бараа зарсан болох нь барааны нэр төрлийн тайлангаар нотлогдож байна. Тайлангийн хугацаанд 2526.000 төгрөгийн барааны буцаалт хийж, тус дэлгүүрийн эзэнд 5226.960 төгрөгийн орлого тушаасан ба 91.000 төгрөгийн барааны хямдрал гарч, Пүүжээд 20.000 төгрөг өгсөн байна. Нийт төлөх дутагдал нь 1580.400 төгрөг гарч байна. Б-н  өглөг гэсэн 247.000 төгрөгийн баримт олдсонгүй.

Хариулт 2: “С” дэлгүүрийн худалдагч Ч-г дутагдал нь 7466.400 төгрөгийн бараа зарж 5226.960 төгрөг Мобайл, бэлэн, Картын тооцоогоор тушааж /91.000 төгрөгийн барааны хямдралыг хасаж, хувь хүнд 20.000 төгрөг олгосныг хасаж тооцсон/, 2128.440 төгрөгийн орлого дутуу тушаасан байна. Ч-н олгогдоогүй цалин 548.050 төгрөгийг уг дутагдлаас хасаж 1580.400 төгрөг төлөх нь хавтаст хэрэгт хавсаргасан баримтаар нотлогдож байна.

Хариулт-3: Шинээр илэрсэн зүйл байхгүй. /хх-ийн 54-55 тал / зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ч-н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” дэлгүүрийн худалдагчаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 1580.400 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С-н  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгүүд, гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2021 оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ч-д  холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х-с зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг   бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 1580.400 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Ч-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан.

            Шүүхээс шүүгдэгч Ч-н  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С-д  1580.400 /нэг сая таван зуун наян мянга дөрвөн зуун/ төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1580.400 /нэг сая таван зуун наян мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг .... тоотод оршин суух хохирогч С-д олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1  дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч-д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д-д  мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч-н  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1580.400 /нэг сая таван зуун наян мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ...... тоотод оршин суух хохирогч С-д олгосугай.

 7.Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЗ....... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

  10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ