Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 891

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Голомт банкны төв байр, Д.Сүхбаатарын талбай 5-д байрлах Голомт банкны хүсэлттэй,

Хариуцагч Түвшинтөр овогтой Цэрмааг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарын бичгийн даргаар З.Баярцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Түвшинтөр овогтой Цэрмаа /РД: УХ89102100 / нь Голомт банк-д ажиллаж байхдаа 2015 оны 05-р сарын 12 өдөр Голомт банктай ЗГ1105108353 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-г байгуулан 7.000.000 /Долоон сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

3ээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваариа зөрчин, төлбөрийн хоцрогдол бий болгож эхэлсэн бөгөөд улмаар ажлаасаа халагдсан байв. Үүнээс хойш зээлдэгч нь оршин суух хаягтаа байхаа больж, улмаар анкет дээрх холбогдох хүмүүсийн утаснууд нь холбогдохоо больсон.

Сүхбаатар ДИХАШ-ны шүүхэд хандан 2017 оны 01 сарын 24-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тухайн хаягтаа бүртгэлтэй боловч амьдардаггүй гэсэн СБД-ийн 16-р хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 2017 оны 03 сарын 31 өдрийн 181/Ш32017/04818 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа хүссэн боловч Хувь хүний нууц тул лавлагаа өгөх боломжгүй гэсэн тул хаягийг тогтоох боломжгүй байна.

Иймд Түвшинтөр овогтой Цэрмаа /РД: УХ89102100/-ийг эрэн сурвалжлах тухай захирамж гарган өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Цэрмаа /РД: УХ89102100/ нь Голомт банктай 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дугаар ЗГ1105108353 тоот зээлийн гэрээ байгуулсан байна.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн нь Т.Цэрмаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардах зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн 18-р гудамж, 457 тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт болон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож  байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Цэрмаа нь  Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн 18-р гудамж, 457 тоот хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагаас хүсэлт гаргагчийн төлөөлөгч гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн хуульд заасан харъяаллын дагуу Т.Цэрмааг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарын эзгүйд хэрэг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Т.Цэрмаа /РД: УХ89102100/-г эрэн сурвалжилсугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Цэрмаа /РД: УХ89102100/-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч А.Мандах, гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн нарт мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.НАРАНЦОГТ