| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0157/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/154 |
| Огноо | 2021-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/154
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Н
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н-с Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 2121000000173 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, Зүтгүүрийн .... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Э /РД:СФ................../
Шүүгдэгч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ..... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г-тэй маргалдаж, улмаар түүний баруун гуянд хутгаар хатгаж, биед нь баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Г 2-3 хүнтэй хамт архи ууж байсан. Ингээд бид нар хамт уусан. Орой нь Г бид хоёр маргалдаад хэрэгт дурдагдсан зүйл болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид төлөх төлбөргүй байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цас орсон тул ажилд гаралгүй амарсан, амрахдаа өөрт байсан /өмнө нь авсан байсан/, 2 шил 0.75 гр Хараа архийг кемпийн амрах байр болох Монгол гэрт Э ахтай 2 шил архиа хуваан уусан, тэгээд архиа ууж дууссан. Тухайн үед нэлээн согтсон байсан. Архи ууж байхдаа Э ахтай “цаг агаар тогтчихлоо 2 уулаа өнөөдөртөө таны машин дээр эксоватороо ачаад тавьчихъя, буцацгаая” гэж ярилцаж байсан. Тэгээд би согтуурхан Э ахын машиныг нь асаахад Э ах гэрээс гарч ирж “чи миний машиныг асаалаа” гэж уурлан бид 2 маргалдаад Э ах хаанаас хутаг авсныг мэдэхгүй. Миний баруун хөлийн гуя руу хутгаар хатгачих шиг болсон, гуянаас цус гарч эхэлсэн. Тэгээд намайг эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг аваачин оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны .... дүгээр сарын ....-ны өдрийн ....тоот дүгнэлтэд:
1.Г-н биед баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/
- Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07 тал/
- Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: 22 см урттай, шаргал өнгийн модон бариултай, ажлын хэсгийн урт 12 см, бариулны урт 10 см, ажлын хэсэг дээр “Stainless Steel” гэсэн бичигтэй хутга 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э нь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ...... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г-тэй маргалдаж, улмаар түүний баруун гуянд хутгаар хатгаж, биед нь “баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны .... дүгээр сарын ...-ны өдрийн ... тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н-с зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Э-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э-д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай, шаргал өнгийн модон бариултай, ажлын хэсгийн урт 12 см, бариулны урт 10 см, ажлын хэсэг дээр “Stainless Steel” гэсэн бичигтэй хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э-нь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн СФ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогттоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э-н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай, шаргал өнгийн модон бариултай, ажлын хэсгийн урт 12 см, бариулны урт 10 см, ажлын хэсэг дээр “Stainless Steel” гэсэн бичигтэй хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн СФ.............регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ