Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1182

 

МАГАДЛАЛ

 

2017.05.19                                                  Дугаар 1182                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00645 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Лотот” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 8 801 510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Батжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Алтанцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Янжин,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Цагаан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Би ослын улмаас нурууны гэмтэл авч бөгсөн бие мэдээгүй болсон. Байнгын клизм хэрэглэж памперстай байдаг болсон. 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 8 801 510 төгрөгийн зардал гарсныг “Лотот” ХХК-иас нэхэмжилж байна. Яагаад гэвэл би байнгын эмчилгээ, асаргаа сувилгаанд байдаг болсон. Энэ мөнгөнөөс эмнэлэгт хэвтсэн эмчилгээний мөнгө 3 151 950 төгрөг, памперс болон эм тарианд 5 143 060 төгрөг, ирж буцах унааны зардалд 506 500 төгрөгийн зардал тус тус гарсан, нийт 8 801 510 төгрөг болсон. Тээврийн зардлыг дотор нь задлахад шүүх хуралдаанд ирж буцсан зардал 275 000, эмчилгээнд ирж буцсан зардал 231 500 төгрөг тус тус гарсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Уг нэхэмжлэлийн дүнг нэг бүрчлэн тооцоход 6 337 410 төгрөг болдог. 1 870 440 төгрөгийн баримтыг тухайн үед давхардуулан өгч байсан нь тогтоогдсон. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 263 дугаар тогтоол, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 257 дугаар тогтоолоор шүүх хуралдаан 2 удаа хойшлогдсон. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 337 дугаар тогтоолоор Даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түтгэлзүүлсэн билээ. Энэ тогтоолын 4,5 дугаар заалтууд биелэгдсэн, тогтоолын 1,2 дугаар заалтууд биелэгдээгүй байхад Б.Батжаргал нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг шүүх хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хзргийн акхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 961 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч Б.Батжаргал нь нэхэмжлэлээ татан авч байгаа нь түүнийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгож болохоор байна. Хэрвээ татгалзаагүй бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжтой байтал, нэхэмжлэлийг нь дахин гаргах гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд нотлох баримтуудыг урьдах хэргээс авч өгсөн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Б.Батжаргал нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ "Лотот" ХХК-иас гэм хорын хохиролд 7 746 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Б.Батжаргал нь урьд гаргаж байсан нэхэмжлэлээсээ замын зардлыг 145 600 төгрөгөөр, эмнэлэг сувиллын зардлыг   436 000 төгрөгөөр, эм памперсийг 703 700 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, харин шинжилгээний зардлыг 212 500 төгрөгөөр хорогдуулсан нь нэхэмжлэлийн үнийн дүн бодитой байгаагүйг нотолж байна. Нэхэмжлэлийн хавсралтад дурдсанаар замын зардалд 16 баримтаар 298 300 төгрөг, шинжилгээнд 13 баримтаар 835 850 төгрөг, эмнэлэг сувилалд 13 баримтаар 2 400 600 төгрөгийг эм памперсанд 83 баримтаар 3 875 460 төгрөг, бүгд 7 410 210 төгрөг болж байна. Энэ нь Б.Батжаргалын сүүлчийн гаргасан нэхэмжлэл нь 336 370 төгрөгөөр дутуу байна. Эм памперс, эмнэлэг сувилал, шинжилгээтэй холбоотой нотлох баримтууд нь уг шинжилгээ сувилгааг хэн гэдэг эмчийн тогтоогдсон оношоор хийгдсэн болох нь тодорхойгүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Сум дундын 17 дугаар шүүхээр гэрчүүдийг асуулгасан мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Эм гоо эмийн сангийн 2014 оны 4 дүгээр улирал, 2015 оны эхний хагас жилд авсан эмийн түүврээр дээрх нотлох баримтууд худал болох нь нотлогдоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7 410 210 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож   өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Лотот” ХХК-иас гэм хорын хохиролд 8 801 510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 8 232 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 569 190 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Лотот” ХХК-иас 146 667 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч талд илт үйлчилсэн болох нь Шүүх хуралдаан 5 удаа хойшлохдоо нэгээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас бусад нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан. Хариуцагч талаас 2017 оны 2 дугаар сарын 2,
17, 3 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас шинжээч томилуулах хариуцагч солих, хариуцагч татан оролцуулах зэрэг асуудлаар 3 удаа хүсэлт гаргахад хүлээж аваагүй атлаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Алтанцэцэгийн хүсэлтээр архиваас нотлох баримт авах хүсэлтийг 2 удаа хүлээн авч шүүх хуралдаан хойшлуулсан нь ИХШХШ тухай хуулийн 38-р зүйлийн 38.9 " шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах..." гэсэн заалтыг зөрчсөн. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн тогтоол, хуралдааны тэмдэглэлд /хх349-352/, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл /хх369-379/

Хариуцагч талаас шинжээч томилуулах, хариуцагч солиулах, үзлэг хийлгэх талаар гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн манайд ашиггүй гэсэн ойлгомжгүй тайлбарыг хүлээн авч шийдвэрлэж байсан.

2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ямар ч шалтгаангүйгээр ирээгүй байхад нэхэмжлэгч Б.Батжаргал өмгөөлөгчгүй оролцохоор хүсэлт гаргасаны дагуу шүүх хүралдааныг үргэлжүүлэн явуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн тайлбар, нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжэгч талд ашиггүй байдал үүссэн учраас Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар тогтоолын хуулбар хэрэгт авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр шүүх хуралдааныг 5 дахь удаагаа хойшлуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Алтанцэцэгийн урьд нь нотлох баримт цуглуулах гэсэн хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 2 удаа хойшлуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Алтанцэцэг шаардлага хангасан нотлох баримт авч ирэх боломж байсан, төдийгүй ИХШХШ тухай хуулийн 38-р зүйлийн 38.1-д заасанаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэсэн зөрчиж, шүүх хуралдаанд өөрөө ч ирээгүй, гаргасан хүсэлт байхгүй байхад шүүх түүний өмнөөс нотлох баримтыг шаардан гаргуулж байгаа нь шүүгч нэхэмжлэгч талд үйлчилж байгаагийн тод илрэл гэж үзэж байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхийн 9-р баг, 2б-р гудамж, 9 тоотод оршин суугч Д.Баатарцогтыг татан оролцуулах шаардлагатай гэж үзсэн юм. Яагаад гэвэл,

2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Батжаргал өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн зөвөлснөөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагийг Арвайхээр сумын 6-р багийн 35-р гудамж 365 тоотод оршин суух Доржийн Баатарцогт, Улаан баатар хотод байрлах " Лотот" ХХК гэж тодорхойлсон. Өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвшөөрөхгүй байна, урьд гаргаж байсан хүсэлт гэж үзэж хүлээн авахаас татгалзсан.

Шүүх хуралдааны мэтгэлцээн хуулийн хүрээнд явагдахгүй болох нь нэгэнт ойлгомжтой болсон учраас нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж үзэж хүсэлт гаргасан болно.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бухий байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүх Зохиогчид хэрэг учрал болсон үйл баримт, гэм буруугийн тухайд маргахгүй, Д.Баатарцогт хамтран хариуцах ёстой гэж маргадаг гэсэн дүгнэлт хийжээ. Д.Баатарцогтыг гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ял оногдуулсан атлаа гэм хорын хохиролыг "Лотот" ХХК-иас гаргуулсан нь шүүх холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэж байна. Б.Батжаргалтай байгуулсан ажил үйлчилгээний гэрээ хөдөлмөрийн гэрээ биш болох нь дараах байдлаар нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэрээний гол 4 нөхцөл тохироогүй, Д.Баатарцогт хот хоорондын тээврийн үйлчилгээнд ганцхан удаа явахдаа 120 000 төгрөгийн орлого олж, үүнээс 2% буюу 2240 төгрөг амь даатгалд, 8% буюу 9750 төгрөг Өвөрхангай тээврийн үйлчилгээний төлбөр суутгуулж, өөрийн амины өмч болох машинаа "Лотот" ХХК-ийн эзэмшилд бүртгүүлсэнээр зуучлалд 15 000 төлж, өөрөө 108 000 төгрөг авсан байдаг. "Лотот"ХХК Д.Баатарцогтыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулаагүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зэргийг нэрлэж болно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь Д.Баатарцогт болох нь тогтоогдсон байхад эсрэгээр нь "Лотот" ХХК-иас гаргуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 4 удаагийн дүгнэлтээр ХЧА 90% байснаа 70% дахин 90% 1394-3961 болж өөрчилөгдөж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх дүгнэлтээр ахуйн осол гэж тогтоосон нь гэмт хэргийн улмаас үүссэн гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Шүүхийн даалгаварын дагуу Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Н.Энхмаагийн О.Пагмасүрэн, А.Эрдэнэтунгалаг, Д.Сувд, Ж.Жавзансүрэн нарын нэр бүхий 4 гэрчээс мэдүүлэг авах ажиллагаанд Б.Батжаргалыг байлцуулаагүйгээр авсан гэдгээр үнэлээгүй байна. Нэгэнт шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талыг оролцуул гэсэн заалт байхгүй гээд шүүгч шүүхийн даалгаварыг биелүүлсэн. Дараа нь Б.Батжаргалын өмгөөлөгч П.Адъяасүрэн оролцсон жагсаалтыг хариуцагч талаас нотлох баримтаар өгсөн боловч шүүх үнэлэлт өгөөгүй. Мөн хариуцагчийн хүсэлтээр П.Эрдэнээг гэрчээр асуусан боловч үнэлэлт өгөөгүй. Гэм хорын хохиролын хэмжээг тооцохдоо нотлох баримтад хуулийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны 146 дугаар шийтгэх тогтоолыг авахын түлд шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан. Дээрх шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан тохиолдолд уг шийдвэрүүдээр үйл баримт нь энэ хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой тохиолдолд дахин нотлохгүй гэсэн заасан байхад хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон шийдвэрт ямар холбогдолтой талаар дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Батжаргал нь хариуцагч “Лотот” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 8 801 510 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...“Лотот” ХХК-ийн жолооч Д.Баатарцогтын гэм буруугаас гэмтэл авч эрүүл мэндэд хохирол учирсан тул эмчилгээ, замын зардалд зарцуулсан мөнгийг гаргуулах...” гэж үндэслэсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтынхаа эх сурвалжийг тогтоож чадаагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч “Лотот” ХХК-д жолооч   Д.Баатарцогт нь 2010 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 59-57 УБВ улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус жолоодон, Арвайхээрээс Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэн явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гаргаж, “...Б.Батжаргал нарын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/46 тоот Шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Д.Баатарцогт нь “Лотот” ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хот хоорондын нийтийн зорчигч тээврийн ажил үйлчилгээний гэрээ байгуулан, жолоочоор ажиллаж байхдаа зам тээврийн осол гарган бусдын биед гэмтэл учруулсаныг шүүхийн дээрх тогтоолд заасан, нэхэмжлэгч Б.Батжаргал нь хариуцагч “Лотот” ХХК болон Д.Баатарцогт нараас гэм хорын хохиролд 5 873 885 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 тоот шийдвэрээр шийдвэрлэж, хариуцагч нараас нийт 2 727 028 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын  11-ний өдөр хүртэл хугацаанд гарсан эмчилгээ, унааны зардал 8 801 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 569 190 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтад үндэслэгджээ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч Б.Батжаргал нь эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “Лотот” ХХК-иас шаардах эрхтэй...” гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг зөвтгөн, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүх нэхэмжлэгч талд илт үйлчилж, нэг талыг барьсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, “гэрчүүдээс мэдүүлэг авахдаа Б.Батжаргалыг байлцуулаагүй” гэдэг үндэслэлээр тэдгээрийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй нь буруу боловч гэрчүүдийн мэдүүлэг нь гэм хорын хохирлын хэмжээг тогтоох мэдээлэл агуулаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй юм.

Түүнчлэн Өвөрхангай аймаг дахь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 0148323 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоосон нь үндэслэлгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул шинжээч томилуулан, Б.Батжаргалын хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг тогтоолгох гэсэн хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар гагцхүү нэхэмжлэгчийн хүсэлтээр буюу түүний зөвшөөрснөөр хариуцагчийг сольж болох ба хариуцагч нь өөр этгээдийг хариуцагчаар татахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй нь нэхэмжлэгчийн эрх ашигт хамаарах асуудал бөгөөд хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй.

“Нотлох баримтын шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Батжаргалын биед зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл    учирсан нь нотлох баримтаар тогтоогдсон тул эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтэд “ахуйн осол” гэж бичигдсэн нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүргээс “Лотот” ХХК-ийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Д.Баатарцогт болон “Лотот” ХХК-ийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнээгүй бөгөөд зам тээврийн осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй юм.

Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “498 дугаар зүйлийн 498.1” гэснийг “499 дүгээр зүйлийн 499.4” гэж өөрчлөн, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 155 780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ЗОЛЗАЯА

 

                               ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

 

                                                                                            М.НАРАНЦЭЦЭГ