Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 112/2022/0022/З |
Дугаар | 221/МА2023/0085 |
Огноо | 2023-02-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2023/0085
2023 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 221/МА2023/0085 | Улаанбаатар хот |
Б.Ч-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э
Нэхэмжлэгч: Б.Ч
Хариуцагч: ГАА-ийн АС-ын ЗД
Гуравдагч этгээд: Я.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “АС-ын ЗД 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,
Гуравдагч этгээд Я.Т нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 112/2022/0022/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ч ээс ГАА-ийн АС-ын ЗДД-д холбогдуулан “...АС-ын ЗД 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 11.2.4, 11.2.7, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, 123.4-т заасныг баримтлан ГАА-ийн АС-ын иргэн Б.Ч-ээс тус сумын ЗД-д холбогдуулан гаргасан “АС-ын ЗД 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүх Б.Ч-т холбогдох АС-ын ЗД 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Ч-ийг ажлаас халсан тухай захирамжийн хуулийн заалт маргаан бүхий захирамжид дурдсан үйл явдал нөхцөл байдал нь өөр хоорондоо уялдаагүй хэт зөрүүтэй байхад нотлох баримтыг бодит байдалд үндэслээгүй хийсвэр дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Нэхэмжлэгч Б.Ч-тэй хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Үндэслэсэн ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй ажилчдаас төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн талаарх гомдол мэдээлэл гаргасан шалгуулсан баримт байхгүй байхад сахилгын зөрчил гаргасан, мал тооллогын ажлын хэсгийг ахлахдаа албан хаагчийг санаатайгаар орхиж ирсэн, ажилчдаа сэтгэл зүйн дарамтад байлгасан, Ерөнхийлөгчийн сонгуулийн үер архидсан op үндэслэлгүй зүйл, нотлогдоогүй үйл явдал хуулийн дагуу нотлоогүй хариуцагчийн гаргасан баримтыг үндэслэн Б.Ч-ийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.3. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод дурдсан ямар зөрчлийг яаж гаргасан эсэх энэ нь хэргийн материалд яаж нотлогдсон нь тодорхойгүй байхад, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дугаар зүйлийг ажил олгогч захирамждаа хэрэглэхдээ тус хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх заалтад дурдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндэслэл буюу зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.4. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 112/ШШ2022/0033 дугаартай шийдвэрийг дахин магадалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
а/ Захиргааны хэргийн анхан шатны шүүх АС-ын ЗД Д.Э-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн болохоос бус иргэн Д.Э-ыг хариуцагчаар татаж захиргааны хэрэг үүсгээгүй байна.
б/ Итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д “... хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” шаардлагыг хангаагүй байна.
в/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны байгууллагыг төлөөлөхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан. Гэтэл дээрх итгэмжлэлд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь заалтыг үндэслэн итгэмжлэл олгосон байна.
г/ Үүнээс үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд АС-ын ЗД Д.Э-аас Ц.Э-д Засаг даргыг төлөөлөх хуулийн шаардлага хангасан итгэмжлэл олгоогүй байхад иргэн Д.Э-аас иргэн Ц.Э-д олгосон итгэмжлэлээр Ц.Э-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч захиргааны байгууллагыг төлөөлүүлэн оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан “Энэ хуулийн 27.4-д заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэсэн заалтыг зөрчсөн, энэхүү зөрчлийг залруулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 112/ШШ2022/0033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА