Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/301

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн М-д холбогдох эрүүгийн *******************дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ***дүгээр сарын 09-ний өдөр ********** хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 3, *********дүүргийн *********** тоот оршин суух үндсэн хаягтай боловч одоо *******************, Б овогт Б-ийн М /РД: *****************/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн үед “Билэг” их дэлгүүрийн зүүн талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л-ын согтуу байдлыг далимдуулан түүний “Redmi note 8” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүй, хууль бусаар булаан авч дээрэмдэж, 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээгүүр хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Л-ын:

“...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт найз Д-ийн гэрт 0.75 литрийн архи уучхаад би шөнө 1-2 цагийн үед гэрээс нь гараад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвийн автобусны буудал дээр утсаараа хүн рүү залгах гээд байж байтал миний хажуу талаар царай зүсийг нь хараагүй нэг жижигхэн залуу миний утсыг булаагаад зугтаасан. ...Цэнхэр өнгийн “Redmi note 8” маркийн гар утас байсан. Би тухайн гар утсыг 2020 онд өөрийн найзаасаа 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний биед халдсан цохисон, дарамталсан зүйл байхгүй, шууд утас булаагаад л зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх 10-12/,

2. Гэрч Э.Э-ны:

“...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз М-тэй хамт шөнө 00:00 цагийн үед гэрээсээ архи зарах гээд гарсан. Тэгээд бид хоёр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Гандангийн автобусны буудлын ойролцоо байрлах бөс бараа гэсэн хаягтай дэлгүүрийн гадаа 2 ахтай уулзаад 1 шил соёрхол нэртэй архи өгөөд тэндээсээ явж байсан. Тэгсэн “Билэг” их дэлгүүрийн ойролцоо нэг согтуу ах утсаа бариад явж байсан. Тэгсэн манай найз М том утастай юм байна гэж хэлсэн тэгэхээр нь би яах юм бэ зөндөө машин байна гэж хэлсэн чинь манай найз гүйгээд нөгөө ахын утсыг шүүрээд гүйсэн. Тэгээд манай найз өөр тийшээ гүйсэн, би харин эх нялхсын хашаа руу гүйгээд тэндээсээ чигээрээ яваад арын хашаагаар нь гараад өөрийн түрээслэн амьдардаг гэр болох зурагтын шинэ эцсийн буудал руу явсан. Замдаа би өөрийн найз М-тэй таараад бид хоёр хамт манай гэрт очоод унтаж амарсан юм. Маргааш нь бид хоёр манай гэрээс гараад М нөгөө шүүрсэн гар утсаа зарна гээд “Монтел” худалдааны төв дээр очоод нэг хүнд нөгөө утсаа 270.000 мянган төгрөгөөр зарсан гээд над дээр ирсэн, бид хоёр тэндээсээ Бөмбөгөр худалдааны төв орчхоод М өөрийн гар утсыг ломбардаас авсан. Би тухайн гар утсыг зарсан мөнгөнөөс аваагүй М манай хүүхдэд уг мөнгөнөөсөө хүүхдийн памперс, сүү авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

3. “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Redmi note 8” маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт тайлан /хх 27-29/,

4. Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Энхчулуун бид хоёрын өөдөөс нэгэн согтуу эрэгтэй хүн гартаа гар утас барьчихсан явж байхаар нь ...гүйж очоод гарт нь байсан гар утсыг нь булаагаад зам хөндлөн гараад байрнууд дунд руу гүйхэд гар утсаа булаалгасан эрэгтэй миний араас хөөж байгаад намайг гүйцэлгүй ард үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 43-44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.М бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М нь: 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Билэг” их дэлгүүрийн зүүн талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л-ын согтуу байдлыг далимдуулан түүний “Redmi note 8” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүй, хууль бусаар авч дээрэмдэж, 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээгүүр хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Лын “...автобусны буудал дээр утсаараа хүн рүү залгах гээд байж байтал миний хажуу талаар царай зүсийг нь хараагүй нэг жижигхэн залуу миний утсыг булаагаад зугтаасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Э.Энхчулууны: “...манай найз М том утастай юм байна гэж хэлсэн тэгэхээр нь би яах юм бэ зөндөө машин байна гэж хэлсэн чинь манай найз гүйгээд нөгөө ахын утсыг шүүрээд гүйсэн...” гэсэн мэдүүлэг,

и Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Redmi note 8” маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт тайлан болон шүүгдэгч Б.М-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

Шүүгдэгч Б.М нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-ийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Л нь 450.000 төгрөгийн үнэ бүхий Redmi note 8 гар утсаа дээрэмдүүлсэн байна. Шүүгдэгч Б.М нь хохирогчид хохирол төлбөрт 450.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Б.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хувийн байдлын тухайд шүүгдэгч Б.М нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30 дугаар байрны 0 тоот оршин суух үндсэн хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 3 дугаар хороо 69-75 тоотод түр оршин сууж байгаа, түүнчлэн Хан-Уул дүүрэгт байрлах барилгад барилгын туслах ажилтан хийдэг зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-ийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзэж, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105003340223 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ