Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/307

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Билгүүжин,

хохирогч Ж.Е,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт Б-ын Э-д холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***** оны 02 дугаар сарын 06-ны өдөр ********** хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт **************** оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Э /РД:***************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны орчим хохирогч Ж.Е-ийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Хохирогч Е эхлээд манай дүүг зодсон. Тэр үед Е-тэй уулзах гэсэн боловч зугтаасан. Дараа нь том хүүхдүүдтэй ирсэн бөгөөд тэр том хүүхдүүд нь бид хоёрыг зодолд гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Гэтэл Е нь хүрч ирээд миний эмзэг газрын ойролцоо өшиглөсөн. Тэгэхээр нь би түүнийг хавирч унгаасан. Хавиарч унгаахад Е-д энэ гэмтлүүд учирсан байх гэж бодож байна. Түүнээс уучлал гуйж байна...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Е мэдүүлэхдээ: “...2020 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би Ц гээд найзыгаа тосох гээд явж байхад Э намайг зодсон. Тэрнээс хэд хоногийн өмнө Эгийн дүү нь надаас дүү хүүхэд байж “чиний дүүг найзуудтайгаа нийлж зодно” гэж хэлсэн. Тэгэхээр нь чи өөрөөсөө ах хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлснийхээ төлөө би Эд зодуулсан. Миний бие гомдолтой байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ж.Е-ийн:

“...2020 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө манай найз Ц гэр рүүгээ явж байна. ТЭЦ-3-аас очиж байна намайг тосчих гээд 22 цаг өнгөрч байхад ярихаар нь би өөрийн амьдарч буй 14 дүгээр байрнаас 23 цаг дөхөж байхад гараад Алтай хотхоны 27 дугаар байрны орчим руу Ц-ийг тосож авах гээд алхаж байтал нэг эрэгтэй Е гээд намайг дуудсан. Тэгээд би очтол нэлээн олон хүн байсан. Харанхуй байсан нэлээн олон эрэгтэй байсан. ...Тухайн үед хамт байсан эрэгтэйчүүд нь А гээд дуудаад байсан эрэгтэй намайг хоёулаа ийшээ яваад ярилцъя ахтай хүн ийм байдаг юм гээд чи яагаад манай дүүг дээрэлхсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэд хоногийн өмнө болсон явдлыг санаад танай дүү манай дүү О-ийг аавгүй гэж хэлсэн байсан, хоёулаа ярилцъя гэхэд тэр эрэгтэй тийшээ явъя гээд хаашаа гэсэн чинь дагаад яв гэсэн. ...Тэгсэн А гэх эрэгтэй зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиход миний толгой эргээд газар унасан. Тэгсэн дээрээс өшиглөөд, татаж өндийлгөөд буцаад цохиод байсан... А гэх эрэгтэй миний зүүн шанаа руу 1 удаа гараараа цохиход тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн байх гэж бодож байна. Баруун тохойн зулгаралт гэмтлийг би өөрөө газар унахдаа юм уу хүн татаж учруулсан байх, газар унахад миний амнаас цус гарч байсан учраас шүдээ унагачих байх гэж байгаад 2 гараараа нүүрээ дарсан. Тэр үед гэдэс рүү өшиглөөд хөл, нуруу, гуя руу өшиглөөд байсан. Яг миний харснаар А нүүр рүү цохисон, газар хэвтээд гараараа нүүрээ дараад доошоо харсан байхад дагз руу өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 25-28/,

2. Гэрч С.Н-ы:

“...2020 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ц намайг аваад гэртээ очих гээд Алтай хотхон руу Алтай хотхоны гүүрэн дээр явж байсан. Тэгээд Ц найз Е-тэй уулзаад гэртээ оръё гэсэн. Тэгээд Е ирж байгаа гэхээр нь урдаас нь очиход Е нүүр нүд нь хөхөрч хавдсан байдалтай урдаас гүйгээд ирсэн. Юу болсон талаар асуухад Амгаа гэх хүүхэд зодсон гэсэн. Тэгээд Ц-ийн гэрт бид гурав ороод Е нүүрээ цэвэрлэж угаагаад гэртээ харилаа гээд явсан. ...Е-тэй уулзахад А гэх хүүхэд над руу чат бичээд намайг дарамталсан гэсэн. Тэгээд сүүлд уг А гэдэг хүүхдийг Э гэдэг нэртэй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,

3. Гэрч Н.Ц-ийн:

“...2020 оны 07 дугаар сарын 22-ны орой Н-тай хамт гэртээ харих гээд явж байсан. Тэгээд Е-тэй утсаар яриад хамт манайд очихоор ярьсан байсан. Е рүү очиж байхад Е хэдэн хүүхэдтэй явсан бөгөөд би Е-нийг дуудахад над руу харчхаад цаашаа Эг дагаад явсан. Тэгээд би араас нь очиж байхад шороо бужигнаад Е зодуулаад байсан би хол байсан. Тэгээд би гадаадад сурдаг болохоор очиж оролцоогүй. Очиж байхад уг зодож байсан хүүхэд нь салаад явсан тэгээд Е над руу ирэхэд Есөн-Эрдэнийн хувцас нь шороо болсон шанаа нүүр хэсэг хавдаж хөхөрсөн ам нь цус болсон хавдартай байсан. Тэгээд Намуунаа бид гурав манай гэрт очоод Есөн-Эрдэнийн нүүр хэсэгт нь жин тавиад цэвэрлэж өгсөн. Тэгээд цагдаа дуудах уу гэхэд Е хэрэггүй гэхээр нь цагдаа дуудаагүй. Надтай таараад дуудахад зүгээр байсан. Тэгээд Энх- Амгалантай хамт яваад Э дагуулж яваад Есөн-Эрдэнийг цохиж газар унагаагаад нүүр хэсэгт нь цохиж би очиж салгах боломжгүй байсан болохоор очоогүй өмнө миний таньдаг хүүхэд зодооны хэргээс болоод сургуулиас хасагдаж байсан. Э нь Есөн-Эрдэнийг зодохын өмнөх өдөр надаас Есөн-Эрдэнийг хаана байдаг юм хэддүгээр байр юм гээд асуугаад байсан. Би яах гэж байгаа юм гэхэд хэлэхгүй байсан би хэлж өгөөгүй, тэгээд Э гэж хүүхэд гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 77-78/,

4. Гэрч Б.Баасанхүүгийн

“...Э манайд байхад Этай нэг хүүхэд утсаар ярьсан. Тэгээд гарахад Этай нэг нэгээрээ зодолдъё гэсэн. Тэгээд нөгөө хүүхэд Э руу гуйж очиход Э татаад хавираад газарт унгаасан. Би хажуугаас нь болиулж, салаад Эг дагуулаад явсан. Дүүг нь дээрэлхэж, зодсон гэж байсан. Тэгээд маргасан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8554 дугаартай:

“...Ж.Есөн-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 48-50/,

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70/,

7. Нас тоолсон тэмдэглэл /хх 74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Э нь хохирогч Ж.Е-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “Гэм буруугийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.   

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Э нь: 2020 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны орчим хохирогч Ж.Е-ийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ж.Е-ийн “...Тэгсэн А гэх эрэгтэй зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиход миний толгой эргээд газар унасан. Тэгсэн дээрээс өшиглөөд, татаж өндийлгөөд буцаад цохиод байсан. ...А гэх эрэгтэй миний зүүн шанаа руу 1 удаа гараараа цохиход тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн байх гэж бодож байна. Баруун тохойн зулгаралт гэмтлийг би өөрөө газар унахдаа юм уу хүн татаж учруулсан байх, газар унахад миний амнаас цус гарч байсан учраас шүдээ унагачих байх гэж байгаад 2 гараараа нүүрээ дарсан. Тэр үед гэдэс рүү өшиглөөд хөл, нуруу, гуя руу өшиглөөд байсан. Яг миний харснаар Амгаа нүүр рүү цохисон, газар хэвтээд гараараа нүүрээ дараад доошоо харсан байхад дагз руу өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.Н-ны “...Е нүүр нүд нь хөхөрч хавдсан байдалтай урдаас гүйгээд ирсэн. Юу болсон талаар асуухад Амгаа гэх хүүхэд зодсон гэсэн. Тэгээд Ц-ийн гэрт бид гурав ороод Е нүүрээ цэвэрлэж угаагаад гэртээ харилаа гээд явсан. ...Е-тэй уулзахад А гэх хүүхэд над руу чат бичээд намайг дарамталсан гэсэн. Тэгээд сүүлд уг А гэдэг хүүхдийг Э гэдэг нэртэй гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.Ц-ийн “...Е-ийн хувцас нь шороо болсон шанаа нүүр хэсэг хавдаж хөхөрсөн ам нь цус болсон хавдартай байсан. Э дагуулж яваад Е-нийг цохиж газар унагаагаад нүүр хэсэгт нь цохиж би очиж салгах боломжгүй байсан болохоор очоогүй өмнө миний таньдаг хүүхэд зодооны хэргээс болоод сургуулиас хасагдаж байсан. Е-тэй найз нар байгаа юм. Э нь Е-ийг зодохын өмнөх өдөр надаас Е-ийг хаана байдаг юм хэддүгээр байр юм гээд асуугаад байсан. Би яах гэж байгаа юм гэхэд хэлэхгүй байсан би хэлж өгөөгүй, тэгээд Э гэж хүүхэд гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Б-ийн “...Э манайд байхад Э-тай нэг хүүхэд утсаар ярьсан. Тэгээд гарахад Э-тай нэг нэгээрээ зодолдъё гэсэн. Тэгээд нөгөө хүүхэд Э руу гуйж очиход Э татаад хавираад газарт унгаасан. Би хажуугаас нь болиулж, салаад Э-г дагуулаад явсан. Дүүг нь дээрэлхэж, зодсон гэж байсан. Тэгээд маргасан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 8554 дугаартай “...Ж.Е-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Б.Э нь хохирогч Ж.Е-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Е-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Е нь уг гэмтэлтэй холбоотой толгойн компьютерын томографийн шинжилгээ болон эмчилгээ хийлгэсэн зардалд 120.000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.Э-гаас дээрх хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “Шүүгдэгч Б.Э нь өрх толгойлсон эхийн хамт гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг. Б.Э нь ажил хийх гэж байгаа бөгөөд энэ айлд түүнээс өөр ажил хийх хүн байхгүй. Хохирол төлбөрийг ажил хийж олсон цалин хөлсөөрөө төлөх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч Б.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдал байх тул түүнд шүүх торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 120.000 /зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Е-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ