Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/314

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын Б-т холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ************ аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *********** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт ****************тоотод оршин суух хаягтай боловч одоо ****************** тоотод оршин суух,

- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1782 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 344 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эдэлж дууссан, Б овогт О-ын Б /РД: *****************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны автобусны буудал дээр хохирогч Т.А-ын “Toshiba core i3” загварын нөүтбүүкийг 7 хоногийн хугацаатай түр надад өгч байгаач гэж хэлэн хуурч, төөрөгдөлд оруулан залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Хохирогчид учруулсан 350.000 төгрөгийн хохирлоос сая шүүх хуралдааны өмнө 60.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 290.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний бие 05 дугаар сарын 03-наас “Сибэ” ХХК-д оператораар ажилд орсон бөгөөд сарын 750.000 төгрөгийн цалинтай. Мөн өмнө шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан. Би 1 нас 2 сартай нялх хүүхэдтэй бөгөөд хүүхэд маань одоогоор аав, ээж дээр байгаа боловч би хүүхдээ өөр дээрээ авч асарч өсгөх юм. Иймд надад торгох ял оногдуулж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Т.А-ын:

“...Би 2018 онд Миний сүлжээ дэлгүүрт кассчингаар ажиллаж байхдаа Б гэх эмэгтэй хүнтэй цуг ажилладаг байсан бөгөөд түүнээс хойш ерөнхийдөө найз нөхдийн харилцаатай байсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б нь надтай фейсбүүк цахим чатаар холбогдоод хоорондоо чаталж байгаад надаас “нөүтбүүк байдаг уу, шинэ ажилд орсон учраас илтгэл бичиж танилцуулах шаардлагатай байна. Хэрвээ нөүтбүүк байдаг бол 7 хоногийн хугацаатай түр надад өгч байгаач” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “шаардлагатай бол ирээд авч болно” гэж хэлсэн тэгээд түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр чатаар надтай холбогдож миний гар утасны дугаарыг надаас авсан бөгөөд би тухайн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байранд амьдарч байсан учраас автобусны буудал дээр гаргаж өгөөд явуулсан юм. Түүнээс хойш миний нөүтбүүкийг буцааж өгөх хугацаа болоход “гэртээ байхгүй байна” эсвэл “би өөрөө чамд хүргэж өгнө” гэх мэтээр янз бүрээр шалтаг тоочоод өгөхгүй байж байгаад гар утасны дугаар нь холбогдохгүй мөн фейсбүүк чатнаасаа намайг блоклоод алга болчихсон тэгээд түүнээс хойш 2 удаа чатаар удахгүй нөүтбүүкийг чинь өгнө мөн мөнгө зээлээч гэх утгатай зүйлс бичсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,

2. Гэрч Б.Г-ийн:

“...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Тошиба загварын i3” 2-р үеийн цөмтэй нөүтбүүкийг 80.000 төгрөгөөр барьцаанд тавиад ямар нэгэн төлөлт хийлгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай ломбардын орлого болсон байна...” гэсэн мэдүүлэг /хх 37/,

3. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Тошиба” брэндийн CPU-intel core i3” загварын нөүтбүүкийг 350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх 41-42/,

4. “Баялаг Арвижих Ирээдүй” ХХК-ийн ломбардад болон О.Б нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 8/,

5. Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

“...Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрж охинтой болоод улмаар Замын-Үүдэд байрлах гэртээ хүүхдээ хардаг байсан учраас цагдаагийн байгууллагын дуудсан үед ирж амжаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,

6. Шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би 1998 онд О-ын том охин болж төрөөд 2015 онд Сүхбаатар аймгийн 1-р 10 жилийн сургуулийн төгсөөд Улаанбаатар хотод ирээд ШУТИС-ийн хүнсний инженерийн чиглэлээр элсэн орж суралцаад 2020 онд төгссөн. Түүнээс хойш олдсон ажлаа хийгээд өдийг хүрч байгаа. Миний хувьд 2019 онд Баасан-Эрдэнэ гэдэг хүнтэй танилцаад тэр жилдээ дундаасаа охинтой болсон боловч гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас салсан...” гэсэн мэдүүлэг /хх 51-52/,

7. Гэрч О.Б-ийн:

“...Миний эгч О.Б нь сэргэлэн, үг дуу цөөтэй, нийтэч, итгэмтгий, өөрийнхөөрөө зан ааштай хүн юм. Миний хувьд О.Б-тэй төрсөн цагаасаа хойш одоог хүртэл цуг амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 57-58/,

8. Шүүгдэгч О.Б-ийн ШУТИС-ийг 2020 онд төгссөн Бакалаврын дипломын болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 75-77/,

9. “Сибэ” ХХК-ийн тодорхойлолт, хохирогчид хохирол төлбөрт 60.000 төгрөг төлсөн талаарх баримт,

10. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 71 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Б нь хохирогч Т.А-аас “Toshiba core i3” загварын нөүтбүүкийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг “Шүүгдэгч О.Б нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.   

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.Б нь: 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны автобусны буудал дээр хохирогч Т.А-ын “Toshiba core i3” загварын нөүтбүүкийг 7 хоногийн хугацаатай түр надад өгч байгаач гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Т.А-ын “...Би 2018 онд Миний сүлжээ дэлгүүрт кассчингаар ажиллаж байхдаа Б гэх эмэгтэй хүнтэй цуг ажилладаг байсан бөгөөд түүнээс хойш ерөнхийдөө найз нөхдийн харилцаатай байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б нь надтай фейсбүүк цахим чатаар холбогдоод хоорондоо чаталж байгаад надаас “нөүтбүүк байдаг уу, шинэ ажилд орсон учраас илтгэл бичиж танилцуулах шаардлагатай байна. Хэрвээ нөүтбүүк байдаг бол 7 хоногийн хугацаатай түр надад өгч байгаач” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “шаардлагатай бол ирээд авч болно” гэж хэлсэн тэгээд түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр чатаар надтай холбогдож миний гар утасны дугаарыг надаас авсан бөгөөд би тухайн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байранд амьдарч байсан учраас автобусны буудал дээр гаргаж өгөөд явуулсан юм. Түүнээс хойш миний нөүтбүүкийг буцааж өгөх хугацаа болоход “гэртээ байхгүй байна” эсвэл “би өөрөө чамд хүргэж өгнө” гэх мэтээр янз бүрээр шалтаг тоочоод өгөхгүй байж байгаад гар утасны дугаар нь холбогдохгүй мөн фейсбүүк чатнаасаа намайг блоклоод алга болчихсон тэгээд түүнээс хойш 2 удаа чатаар удахгүй нөүтбүүкийг чинь өгнө мөн мөнгө зээлээч гэх утгатай зүйлс бичсэн байсан ...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Г-ийн “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Тошиба загварын i3” 2-р үеийн цөмтэй нөүтбүүкийг 80.000 төгрөгөөр барьцаанд тавиад ямар нэгэн төлөлт хийлгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай ломбардын орлого болсон байна...” гэсэн мэдүүлэг,

- Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Тошиба” брэндийн CPU-intel core i3” загварын нөүтбүүкийг 350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт,

- “Баялаг Арвижих Ирээдүй” ХХК-ийн ломбардад болон О.Б нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн барьцаат зээлийн гэрээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хуурч мэхлэх бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно. Шүүгдэгч О.Б нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхэлж байгаа нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч О.Б-ийг залилах гэмт хэргийг хохирогчийг “Хуурч, төөрөгдөлд оруулан” үйлдсэн гэх шинжээр яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хэргийн нотлох баримтаар шүүгдэгч О.Б хохирогч Т.А нар нь 2018 онд Миний сүлжээ дэлгүүрт хамт ажиллаж байхдаа найз нөхдийн харилцаатай болсон. Түүнээс хойш фейсбүүк цахим чатаар хоорондоо харилцаж байгаад шүүгдэгч О.Б нь хохирогчийн нөүтбүүкийг “шинэ ажилд орсон учраас илтгэл бичиж танилцуулах шаардлагатай байна. Хэрвээ нөүтбүүк байдаг бол 7 хоногийн хугацаатай түр надад өгч байгаач” гэж “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэргийн шинжийг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Б-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.А-д 350.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч О.Б нь шүүхийн шатанд 60.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул үлдэх 290.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.Б-ээс гаргуулж хохирогч Т.А-д олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг “Шүүгдэгч О.Б нь 1 нас 2 сартай нялх хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь өнөөдөр аав, ээж дээр нь байгаа боловч хүүхдээ өөрөө авч асарч өсгөх юм. Мөн ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой. Өмнө шүүхээр ял шийтгүүлсэн хэргийг энэ хэрэгтэй нэгтгэж шалгаж, шийдүүлээгүйн улмаас шүүгдэгч О.Б-ийн эрх зүйн байдал нь дордож байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба, түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Б-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************************хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ээс 290.000 /хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.А-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    М.ДАЛАЙХҮҮ