| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 182/2017/1310/и |
| Дугаар | 979 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 979
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлттэй,
М.Мөнхжаргалыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбаяр, гуравдагч этгээд М.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Мөнхтуяа овогтой Мөнхжаргал нь Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 19-944 тоотод оршин суудаг удаа дараа архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчил гаргасан байх тул уг хүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Мөнхжаргал нь Чингэлтэй дүүрэг, 12-р хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, тухайн хорооны иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, зөрчил гаргадаг, айлган сүрдүүлдэг болох нь Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах ахлагч Н.Наянбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тэмдэглэл, лавлагаа, зөрчил гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа. М.Мөнхжаргал нь архинд донтох өвчний 4 дүгээр зэрэгтэй тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд М.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие архидан согтуурсан нь үнэн. Харин албадан эмчилгээнд явмааргүй байна. Харин баривчилгаанд явуулж өгнө үү...” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь М.Мөнхжаргалыг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
М.Мөнхжаргал нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, архинд донтох өвчний 4 дүгээр зэрэгтэй болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой, өвчтэй эсэхийг тогтоосон” эмнэлгийн дүгнэлт, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах ахлагч Н.Наянбаатарын тодорхойлолт, хүсэлт, эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тэмдэглэл, лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангаж, М.Мөнхжаргалыг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан түүнд албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Боржигон овогт Мөнхтуяагийн Мөнхжаргал /РД:ЕЙ82070817/-ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Боржигон овогт Мөнхтуяагийн Мөнхжаргал /РД:ЕЙ82070817/-ыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.НАРАНЦОГТ