| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2019/0006/З |
| Дугаар | 18 |
| Огноо | 2019-08-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 18
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “А ” ХХК,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад холбогдох,
"Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн а/78 дугаар захирамжийн Ц.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , өмгөөлөгч Б.Одгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А ” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.
Манай компанийн 2008 оноос хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд “Торомхон” нэртэй МV-014917А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, “Ямаан усны хяр” нэртэй МУ-017452 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, “Шанд-1” нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч олгосон байдаг.
Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын а/78 тоот шийдвэрээр нэгж талбарын 4615003611 дугаар бүхий 1500м2 газрыг иргэн Цэрэн овогтой Ц.М д 60 жилийн хугацаатайгаар, өвөлжөөний зориулалттайгаар давхцуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Манай тусгай зөвшөөрөл бүхий газарт өвөлжөөний зориулалтаар газар авсан Ц.М нь нөхөн төлбөрийн мөнгө үндэслэлгүйгээр шаардаж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, олборлолт эрхлэх ажиллагаанд саад учруулж байна.
Дээр дурдсан газар нь манай компанийн “Ямаан усны хяр” нэртэй МУ-017452 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр давхцан олгогдсон байх тул 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Гурвантэс сумын Засаг даргын а/78 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга О.Б шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гурвантэс сумын Засаг дарга нь иргэн Ц.М д өвөлжөөний газар эзэмшүүлэх тухай 2016 оны А/78 дугаар захирамж гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлагдсан “Өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх журам”-ын холбогдох заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/08 дугаар тогтоол, Гоёот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоол, иргэн Ц.М гийн хувийн өргөдөл зэргийг үндэслэн хуулийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу нэхэмжлэгч компанид 11247,8 га талбайгаас ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс Гурвантэс сумын Засаг даргын 2017 оны а/133 дугаар захирамжаар 8 нэгж талбар бүхий 42 га газарт газар ашиглагдах эрх олгогдсон, харин 11205,8 га талбайд газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй байсан.
Гурвантэс сумын Засаг дарга тус компанийн газар ашиглах эрх үүссэн 8 нэгж талбар бүхий 42 га газартай давхцуулалгүйгээр иргэнд өвөлжөөний зориулалттай газар эзэмшүүлсэн болно.
Иймд сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн а/78 тоот захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.М шүүхэд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ногоон бөөр нэртэй газрыг а/78 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбар 4615003611 дугаар бүхий 1500м.кв газрыг 60 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон.
Гэтэл “А ” ХХК-д Ямаан усны хяр нэртэйгээр MV-017452 ашиглалтын тусгай зөвшөөрлийг давхцуулан олгосон байна.
Малчин бид өвөг дээдсээсээ нутаглаж ирсэн билээ. Одоогийн байдлаар энэ нутаг дэвсгэр дээр малаа бэлчирлүүлэхэд хүндрэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ” ХХК-иас "Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн а/78 дугаар захирамжийн Ц.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” /шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан/ нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гуравдагч этгээд Ц.М шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн.
Нэхэмжлэгч “А ” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр[1] ашигт малтмалын ашиглалтын MV-017452 дугаар тусгай зөвшөөрөл[2] олгосон, энэ тусгай зөвшөөрөл бүхий 11247.80 гектар талбай газар нутаг нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд оршдог.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн а/78 тоот захирамжаар гуравдагч этгээд Ц.М д өвөлжөөний зориулалтаар 1500 м.кв газрыг олгосон бөгөөд энэ газар нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай бүхэлдээ давхцсан[3] ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Нэхэмжлэгчээс “... манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд давхцуулан газар эзэмшүүлсэн нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу тус компанид 11247.8 га талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон. Энэ тусгай зөвшөөрөл бүхий талбайд Гурвантэс сумын Засаг дарга 8 нэгж талбар бүхий 42 га газарт газар ашиглах эрх олгосон бөгөөд үлдсэн 11205.8 га газарт газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй байсан тул ашиглах эрхтэй 42 га талбайг давхцуулалгүй гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй...” гэж, гуравдагч этгээдээс “...манайх өвөлжөөний газраа хуулийн дагуу авсан. Тэндээ амьдрах эрхтэй...” гэж тус тус маргасан.
Хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 7/3537 дугаар албан бичгээр[4] ирүүлсэн тусгай зөвшөөрлийн тойм зураг, уурхайн эдэлбэр талбайн хилийг тогтоож, шав тэмдэг суулгасан ажлын тайлан, нэгж талбарын 4615003611 дугаартай хувийн хэрэгт авагдсан баримтууд[5], Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 315 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн кадастрын зураг зэргээс үзэхэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн а/78 дугаар захирамжаар Ц.М д өвөлжөөний зориулалтаар, 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, нэгж талбарын 4615003611 дугаартай 1500 м.кв газар нь “А ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-017452 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий 11247.8 гектар талбайд бүхэлдээ давхцалтай байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “... ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий ... /-гээс/ ашигт малтмал ялган авах, олборлох ... үйл ажиллагааг /ойлгох/”-оор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “ ... /нутгийн захиргааны байгууллага нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах”-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “... /ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ... ашиглах”-аар тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрхтэй, ашигт малтмал олборлохын тулд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэхээр байх тул “...сумын Засаг даргаас газар ашиглах зөвшөөрөл аваагүй талбайд газар эзэмшүүлсэн...” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Хариуцагч нь нь гуравдагч этгээдэд шинээр газар эзэмшүүлэх эрхийг маргаан бүхий захиргааны актаар олгохдоо нэхэмжлэгч “А ” ХХК-ийн хүчин төгөлдөр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгогдсон /шийдвэр нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан/ “уурхайн эдэлбэр” газарт давхцуулан олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.
Тодруулбал, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газрыг эзэмших эрх үүсэхээр бөгөөд цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш гуравдагч этгээд Ц.М д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хариуцагч Засаг дарга нь дээрх хуулиар тавигдсан “давхцал” бий болгохгүй байх шаардлагыг зөрчсөн буюу “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлээгүй байна.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар...уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зохицуулсан.
Засаг даргын дээрх хууль бус шийдвэрийн улмаас тухайн газрыг эзэмших эрхийн тухайд давхцал үүсч, нэхэмжлэгчийн олборлолтын үйл ажиллагаа эрхлэх, энэ зорилгоор газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн а/78 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ц.М д өвөлжөөний зориулалтаар 1500 м.кв газрыг олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтуудыг баримтлан “А ” ХХК“-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн а/78 дугаар захирамжийн Ц.М д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА
[1] Хэргийн 83 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас
[3] Хэргийн 245 дугаар хуудас
[4] Хэргийн 77-136 дугаар хуудас
[5] Хэргийн 18-53 дугаар хуудас