Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1184

 

МАГАДЛАЛ

2017.05.19                                              Дугаар 1184                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Найман шарга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Найман шарга” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Хужаад холбогдох,

 

Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хужаагийн 2012 оны 03 дугаар сарын    05-ны өдрийн А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, мөн өдрийн Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл, Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жавхлантай байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах, Э.Наранчимэг, О.Энхжавхлан нартай М.Жавхлангийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Бадамханд,

Өмгөөлөгч Ц.Туяа,

Хариуцагч: Г.Хужаа,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:З.Шүрэнчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хоолой Бэрх уулын ам дахь 0003761 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 15000 м.кв газрыг “Найман шарга интернэшнл” ХХК 2004 оноос амралт, сувиллын зориулалтаар эзэмшиж, 600 000 000 орчим төгрөгийн үнэтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөө байршуулан ажиллаж байгаад 2011 оны 09 дүгээр сард хувь нийлүүлэгч А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нар шүүхээр хорих ял шийтгэгдэж, улмаар хорих 407, 409 дүгээр ангиудад ял эдэлж байхад нь буюу 2012 оны 03 дугаар сарын 05-нд нотариатч Г.Хужаа нь хувь нийлүүлэгч А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарын гэртээ үлдээсэн иргэний үнэмлэхийг иргэн Бат-Эрдэнэ ашиглан, А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарын найз буюу ойр танил болох Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарыг төлөөлөгч болгон компанийн эзэмшлийн газрыг иргэдийн итгэмжлэлээр М.Жавхланд шилжүүлэхээр иргэний итгэмжлэл гэрчлүүлэхээр ирхэд нь төлөөлүүлэгч А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарыг байлцуулж эрх үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөлгүй, уг газрыг ззэмшигч нь "Найман шарга" интернэшнл ХХК байхад түүнийг шалгалгүй, тухайн үед тус компанийн захирал Н.Энхтуяагийн хувьдаа эзэмшигчдийн хурал зарлаж хуралдуулахаас бусад компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон байсныг нягтлан шалгалгүйгээр, төлөөлүүлэгчийн гарын үсэг зурагдаагүй, 6 сарын хугацаатай итгэмжлэлийг гэрчилжээ. Энэхүү хууль зөрчиж гэрчилсэн, хууль бус итгэмжлэлүүдийг ашиглан Найман шарга интернешнл ХХК-ийн эзэмшлийн 0003761 дугаар гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг иргэн М.Жавхланд шилжүүлэх гэрээг иргэн Бат-Эрдэнийн зуучлалаар 2012 оны 03 дугаар сарын 21-нд хийж, уг гэрээг гэрчлүүлэхээр Нотараитч Г.Хужаа дээр очиход Нотаратч Г.Хужаа гэрээний талуудад эрх үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөлгүй, уг газрыг эзэмшигч нь "Найман шарга" интернэшнл ХХК байхад түүнийг шалгалгүй, тухайн үед тус компанийн захирал Н.Энхтуяагийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж хуралдуулахаас бусад компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон байсныг нягтлан шалгалгүйгээр 2012 оны 03 дугаар сарын 22-нд гэрчилсэн байна.

Улмаар М.Жавхлан нь хууль зөрчиж гэрчилсэн дээрх итгэмжлэл, гэрээг ашиглан "Найман шарга" интернэшнл ХХК-ийн эзэмшлийн 0003761 дугаартай газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэрчилгээг 2014 оны 03 дугаар сарын 19-нд 2 жилийн дараа гаргуулж, уг газрыг эзэмшсэн байна. Нотариатч Г.Хужаа нь А.Халиун Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон гэх итгэмжлэл болон төлөөлөгч гэх О.Энхжавхалан, Э.Наранчимэг нартай М.Жавхлангийн байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.1-т заасныг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2-т заасныг, мөн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ дээрх хуулийн заалтаас гадна Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4, 46.5, 46.6, 46.10 болон Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 59.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд А.Халиун Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхаланд олгосон итгэмжлэл болон төлөөлөгч О.Энхжавхлан, Э.Наранчимэг нартай М.Жавхлангийн байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэн гэрээг гэрчилсэн нотариатч Г.Хужаагийн үйлдлүүдийг нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хүчингүйд тооцож, төлөөлөгч О.Энхжавхлан, Э.Наранчимэг нартай М.Жавхлангийн байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусаар тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлд дурдсан итгэмжлэл, гэрээг гэрчлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн        56.1.1-56.1.10-т зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нараас олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусаар тооцох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Гуравдагч этгээд М.Жавхлангийн төлөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед "Найман шарга интернэшнл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Булганаа, Н.Энхтуяа, А.Халиун нар нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, хорих ангид ял эдэлж байсан. Бусдад өр төлбөртэй байсан бөгөөд өр төлбөрөө барагдуулах зайлшгүй шаардлагатай байсан тул “Найман шарга интернэшнл" ХХК-ийн захирал Н.Энхтуяа нь өөрийн нөхөр болох Ц.Бат-Зрдэнээр дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хоолой Бэрх уулын ам дахь /0003761/ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 15,000 м.кв газрыг М.Жавхланд зарсан байдаг. Тухайн үед Э.Булганаа, Н.Энхтуяа, А.Халиун нар хорих ангид ял эдлэж байсан учраас биечлэн ирээд эдгээр гэрээ хэлэлцээрийг хийх боломж байгаагүй. Н.Энхтуяа нь өөрийн хамаатан болох О.Энхжавхланд, А.Халиун, Э.Булганаа нар нь өөрийн найз Э.Наранчимэгт итгэмжлэл олгохоор болж, итгэмжлэл олгох үйл ажиллагааг нотариатч Г.Хужаад хандаж даалгасан байдаг. Тус итгэмжлэлүүд нь хуульд нийцсэн байсан бөгөөд бүх хүмүүс нь гарын үсгээ зурсан байсан. "Найман шарга интернэшнл" ХХК-ийн захирал Н.Энхтуяаг хорих ангиас суллагдсаны дараа 2014 оны 09 сарын 16 өдөр 300,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан акт үйлдсэн байдаг. Талууд өөрсдөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж гэрээ байгуулсан ба мөнгөө бүрэн авсан, Уг гэрээ нэгэнт байгуулагдаж, гэрээ хэрэгжиж эрх, үүрзг нь дуусгавар болсон. Одоо энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал нь мөнгө нэхэмжлэхгүй байгааг харахад мөнгөө бүрэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж үзэж байна. Уг амралт сувиллын газрыг шилжүүлэн авснаас хойш 65,466,581 төгрөгийн зардлыг гаргасан бөгөөд холбогдох хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. Үүнтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. 4 жилийн өмнө энэ гэрээний үүрэг дуусгавар болчихсон байгаа. Бидний зүгээс зардал гаргаад, хөрөнгө оруулалтаа хийчихсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг ойлгомжтой болгох үүднээс тооцоог гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр шүүх хүлээж авсангүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хужаагийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жавхлантай 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдер бус хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсыь тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Хужаагаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Найман шарга” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн "Найман шарга" ХХК-ийн нэр дээр байгаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бэрх уулын ам 15000 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг гэрчилсэн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцон шийдвэрлэсэн атлаа дээр дурдсан хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн газар эзэмших ашиглах эрх шилжүүлэх гэрээ"-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Ийнхүү Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан бүр анхнаасаа хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй итгэмжлэл гэдэг нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байтал хариуцагч Г.Хужааг энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлд ямар оролцоотой оролцсон болохыг нотлоогүй гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дээрх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нотариатч намайг нотариатын үйл ажиллагааг өөрөө явуулаагүй өөр этгээд явуулсан гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарын олгосон итгэмжлэлийг би өөрөө бичсэн тамга тэмдэгээ өөрөө дарсан, миний гарын үсэг байгааг анхаарч үзээгүй, миний туслахыг өөртэй нь уулзаж гэрчийн мэдүүлэг аваагүй байж гаргасан тодорхойлолтонд дүгнэлт хийлгүй тусгай зөвшөөрөл олгогдоогүй этгээд үйл ажиллагааг бие даан явуулсан дуслахаараа үйлдэл хийлгэсэн гэж нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 21-р зүйлийн 21.2.1, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан нотариатын үйлдэл хийх зааврын 2.3, 7.2-т заасныг зөрчсөн үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Миний туслахыг А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарт хууль зүйн үр дагавар, хүсэл зоригийн илэрхийлэлийн талаар зөвлөгөө өгсөн. Нотариатын тухай хуулийн 21.2.1-д хамаарал үйлдэл гэж зөвөлгөө өгөх үүрэг эрхтэйг зөв дүгнэсэн атлаа бие даасан нотариатын үйлдэл хийсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т хүндэтгэн үзэж бусад шалтгааны улмаас үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болно гэсэн байгаа ба А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарын өмгөөлөгч М.Энхжаргал, Н.Энхтуяагийн хууль ёсны баталгаатай нөхөр Бат-Эрдэнэ нарын хүсэлтээр хорих ангид байхад нь Нотариатын хуулийн 5.2-т заасныг баримтлан очиж хүсэлтийг нь сонсож зөвлөгөө өгч итгэмжлэл дээр өөрсдөө хэний ч шахалт дарамтгүйгээр гарын үсэг зурсан. н.Бат-Эрдэнэ гэрчээр шүүх хуралд оролцсон байхад шийдвэрт энэ талаар огт дурьдаагүй шүүх хуралдаанд оролцсон хүмүүсийн нэрэнд ч бичигдээгүй байна. Миний туслах МНТанхимын Удирдах зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хурлын 02 тоот тогтоолоор баталсан нотариатчийн туслах ажилтны ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3-4.5, 3-4.6, 3-4.7, 3-4.8-д заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн болохоос 3.6.1-д заасан хориглосон зүйл үйлдээгүй. Шүүгч нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, нотариатчаар гэрчлүүлсэнээр хүчин төгөлдөр үл маргах шинжтэй болох үйлдэл баримт бичгийг гэрчлэх, 31 дүгээр зүйлийн 31.3-д өөрийнх нь байнгийн үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийхийг хүсвэл гэсэн заалтуудыг баримталсан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нотариатын тухай хуулийн 7.2-т эрх үүргийг дээрх 3 хүнд тайлбарлаж өгсөн нь, А.Халиун итгэмжлэлд гарын үсэг зурсны дараа итгэмжлэлээсээ татгалзах тухай төлөөлүүлэгч Э.Наранчимэгт хэлсэн гэж Э.Наранчимэг гэрчилсэн нь хууль зүйн үр дагавар, хүсэл зоригийг илэрхийлэлийн талаар зөвлөгөө авсныг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Найман шарга” ХХК нь хариуцагч Г.Хужаад холбогдуулан 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, мөн өдрийн Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл, Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жавхлантай байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах, Э.Наранчимэг, О.Энхжавхлан нартай М.Жавхлангийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г.Хужаа нь тус компанийн захирал Н.Энхтуяагийн бүрэн эрх тухайн үед дуусгавар болсон байсныг нягтлан шалгалгүйгээр түүний итгэмжлэлийг гэрчилсэн, энэ итгэмжлэлийг ашиглан тус компанийн газрын эзэмших эрхийг М.Жавхланд шилжүүлсэн гэрээг гэрчилсэн нь хууль бус, итгэмжлэл, гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн учир нотариатын үйлдлийг хүчингүй болгож,О.Энхжавхлан, Э.Наранчимэг нартай М.Жавхлангийн байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох...” гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нотариатын үйлдэл хийхдээ хууль, дүрэм зөрчөөгүй...” гэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон зарим үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Тухайлбал, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэлцлийн оролцогч биш этгээдэд холбогдуулан гаргасан, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр үүсэх үр дагавар тодорхойгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Харин 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсон атал Э.Наранчимэг, О.Энхжавхлан нар 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр М.Жавхлантай байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй болжээ.

Өөрөөр хэлбэл итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцсон тохиолдолд уг итгэмжлэлээр итгэмжлэгдэгч нарт эрх олгогдоогүй гэж үзэх ба Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жавхлантай байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Гэвч нэхэмжлэлээс “хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэснийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан нөхцлийг агуулж байгаа бол уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хуулийн энэ зохицуулалтад заасан тул шүүх уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дахин тогтоохгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардаагүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар М.Жавхлан нь 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Наранчимэг, О.Энхжавхлан нартай байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн үйлдлийг хүчингүйд тооцсугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ